<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.Наранбаяр: Сонгосон өрхүүдийг CHIPS багцаар дулаалах ажлыг удахгүй эхлүүлнэ

2019-09-20 14:13 260

Баянхонгор аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Баянхонгор сумын Засаг даргын орлогч Б.Наранбаяртай ярилцлаа.


-Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн талаар мэдээлэл өгөөч?

-Баянхонгор аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болж, нээлтийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сард зохион байгуулсан. НҮБ-ын Хүүхдийн сангаас газарзүйн байршил, аймаг орон нутаг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санаачилга гарган ажиллаж байгаа зэрэг шалгуураар Баянхонгор аймгийг сонгож энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Төсөр хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд иргэдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах, техник тоног төхөөрөмж суурилуулах, айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй CHIPS  багцаар дулаалах гэх мэт ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

CHIPS багц гэж юуг хэлж байна вэ?

CHIPS багц гэдэг нь хоол бэлтгэл, халаалт, дулаалга, бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг үгсийн англи товчлол. Өөрөөр хэлбэл өрхөд зориулсан, агаарын бохирдлыг бууруулах, илүү тав тухтай, эрүүл орчин үүсгэх багцыг хэлж байгаа юм.

-Баянхонгор аймгийн агаарын бохирдол ямар хэмжээнд байгаа вэ. Сүүлийн үед ямар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэв?

-Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд 21 аймгаас агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогдож байгаа. Энэ утгаараа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр аймаг орон нутгаас хөрөнгө мөнгө төсөвлөж, хоёр тарифт тоолуур, цахилгаан халаагуур худалдан авсан иргэнд урамшуулал олгох, эрчим хүчний дэд станцуудын хүчин чадлыг сайжруулах, түр оршин суугчдын дагаж мөрдөх журмыг батлуулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлээд байна. “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд ч олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд ойрын үед үр дүн, ахиц гарч байна гэж харж байгаа.

-НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ хүртэл ямар ажлууд өрнөөд байгаа вэ? Цаашид хэрхэн хамтрах талаар?

-2019 онд мөн чиглэлээр аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцуулах үүднээс иргэдийг “Автобустай аялал”, “Өвөлд бэлэн үү” зэрэг сургалтаар 700 гаруй иргэнийг мэдлэг мэдээлэлтэй болгосон. Энэ сарын 9-11-ний хооронд Өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй дулаалгын багцыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, 200 өрхийг CHIPS багцаар дулаалах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

-Төслийн хүрээнд энэ онд 200 өрхийн зардлыг санхүүжүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, халаалт, дулааны багцаар хангахаар болсон юм байна. Өрхүүдийг ямар шалгуураар сонгож байгаа вэ?

-Тус 200 өрхийг эхний ээлжинд Угалз болон Цагаан чулуут багийн айл өрхүүдээс хамруулахаар төлөвлөсөн. Аймаг орон нутгаас тус хоёр багийн эхний 5, 5 гудамжийг шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн байгаатай холбогдуулан тавдугаар гудамжнаас хойших, зөвхөн гэрт амьдардаг өрхүүдийг сонгож байгаа. Багийн ажлын алба айл өрхүүдээр явж, тус багцад хамрагдах хүсэлтэй өрхүүдийн хэмжилтийг хийж ажилласан байгаа. Төсөлд заавал амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхийг хамруулна гэсэн зүйл байхгүй, гудамж гудамжаар нь айлуудаа сонгож байгаа.

-Төслийн хүрээнд санхүүжүүлж дулааны асуудлыг шийдвэрлэх айл өрхийн тоог цаашид нэмэх боломжтой юу.

-Төсөлд хамрагдаж байгаа айл өрхийн тоог аймаг орон нутгаас нэмэх шийдвэр гаргаж, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. Мөн арилжааны банкны ногоон зээлийн сан буюу хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлаар Монгол банк болон бусад банкны удирдлагуудтай уулзалтуудыг зохион байгуулсан. Айл өрхийн тоог нэмэхийн тулд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

-Төслийн хүрээнд “Инновацийн төв” байгуулж энэ сард нээлтээ хийсэн. Тус төв хэрхэн ажиллах вэ?

-Хуучин өрхийн эмнэлэг ажиллаж байсан байшинг Мэдээлэл инновацийн төв болгон тохижуулсан. Энэ нь иргэдэд CHIPS багц буюу эрчим хүчний хэмнэлттэй халаалт дулаалгын багцыг танилцуулах загвар төв болж байгаа юм. Тус төв ажлын өдрүүдэд 9:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй ажиллана.

-Иргэд тэндээс дулаан алдагдлын талаар мэдээлэлтэй болж, алхам хийхээр шулуудсан бол орон нутгийн зүгээс ямарваа дэмжлэг байх уу?

-Сүүлийн үед иргэд гэрээ дулаалж өвөлд бэлдэхээ байсан. Шалны оронд цемент цутгах, давхар бүрээс нөмөргөхгүй гялгар цаасаар хучих зэргээр “аргацаадаг” болсон байна. Гэрээ сайтар дулаалаагүй байж цахилгаан халаагуурт шилжвэл тэр нь хэт ачаалж, тогны төлбөр их гарч хүлээсэн үр дүнд хүрэхгүй учир хаа хаанаа чирэгдэлтэй. Тиймээс айл өрхүүд маань дээрх багцтай танилцаж, гэрийнхээ дулаалгыг сайн хийх хэрэгтэй. Ингэж чадвал дулаан алдагдалгүй, цахилгааны төлбөр ч бага гарч, цэвэрхэн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэхүү төслөөс танилцуулж байгаа багцад хамрагдах хүсэлтэй иргэдийг аймаг орон нутгаас банкны бага хувийн хүүтэй лизингийн зээлд хамруулах тал дээр дэмжлэг үзүүлж ажиллана. Эргээд энэ бүхэн иргэдийн идэвх оролцоо, хандлагаас шууд шалтгаалах ажил болж байна.


МОНЦАМЭ Б.МӨНХЗУЛ


Сэтгэгдэл үлдээх