<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Т.МӨНХБААТАР: УЯАЧИД БАЯНХОНГОР АЙМАГТ БИО ТЕРРОРИЗМ ХИЙХЭЭР ДАЙРЧ БАЙНА

2018-03-15 12:14 4055


Мал аж ахуйн салбарт өвөлжилтөөс илүүтэй заналхийл дагуулж буй шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байна. Уг өвчний халдвар дэгдсээр Баянхонгор аймгийн хөрш зэргэлдээ Өвөрхангай аймагт гарсан. Тиймээс бид уг өвчний тархалт ямар хэмжээнд байгаа, цаашид юун дээр анхаарах талаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Мөнхбаатартай уулзаж тодрууллаа.


Баянхонгор аймаг улсдаа малын халдварт өвчингүй эрүүл бүс гэсэн статусаа хадгалж байгаа цөөн аймгийн нэг. Өнөөдөр энэ статусаа хадгалахын тулд ямар ажил, арга хэмжээг аймаг орон нутгийн зүгээс зохион байгуулж байна вэ?

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 10 гаруй аймгийн 30 цэгт Олон Улсын хөл хорионы А зэрэглэлийн шүлхий өвчин гарч, хөл хориог тогтоосон. Улсын хэмжээнд малын халдварт өвчингүй эрүүл бүс Өвөрхангай, Хөвсгөл, манай аймаг үлдээд байсан бол манай хөрш зэргэлдээ Өвөрхангай аймагт шүлхий өвчин хоёр голомтод гарчихлаа. Энэ өвчин өөрөө маш богино хугацаанд сум, аймаг, улс, цаашлаад тивийн хэмжээнд тархдаг тул Олон Улсын хөл хорионы А зэрэглэлд авч үздэг. Энэ утгаараа улс оронд төдийгүй малчдад эдийн засгийн маш өндөр хохирол учруулдаг.

Баянхонгор аймгийн Онцгой комиссын хувьд Булган аймгийн Рашаант сум буюу бидний нэрлэж заншсанаар Сансарт өнгөрөгч нэгдүгээр сард шүлхий өвчин гарснаас хойш гурван удаа хуралдаж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Шүлхий өвчин өвчилсөн мал, амьтны шүлс, өтөг, шээс, хөрс, түүнд хүрсэн эд материал, машин тэрэг, тухайн малтай харьцаж хүрсэн хүний хувцсаар хүртэл дамжиж халдварладаг. Мөн агаар дуслаар хүртэл халдварлана. Шүлхийгийн вирус 96 хоног амьдарч халдварлах чадвартай талаар ХХАА-н газраас бидэнд мэдээллийг ирүүлсэн. Ийм амьдрах чадвар сайтайн дээрээс халдвар тархах боломж өндөртэйгээрээ маш хөнөөлтэй.

Сүүлийн нэг сарын хугацаанд Булганы Рашаант, Элсэн тасархай, Өвөрхангайн Бүрд, Хархорин, Архангай, хамгийн сүүлд гуравдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн төвд тархаад байна.

Одоо Монгол Улсын зүүн талын бүх аймгууд шүлхийн голомттой болсон. Өнгөрсөн жил баруун аймгуудад мялзан өвчин гарсан бол гурван жилийн өмнө шүлхийн голомттой болсон. Одоо ганцаараа Баянхонгор аймаг үлдээд байгаа боловч бид маш эрсдэлтэй нөхцөлд шилжээд байна.

Гуравдугаар сарын 8-нд аймгийн Онцгой комисс хуралдсан. Энд энэ өвчний талаар ярилцсан. Онцгой комиссын хурлаас ямар арга хэмжээ авах шийдвэр гарсан бэ?

Бид Өвөрхангай аймгийн төвд шүлхий өвчин гарсан нь нотлогдлоо гэсэн мэдээллийг аваад аймгийн Онцгой комисс хуралдсан. Энэ хурлаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх захирамж гарсан. Өмнө нэгдүгээр сарын 24-нд хуралдсан Онцгой комиссын хурлын шийдвэрээр Хяналтын постыг Нарийн тээл суманд гаргахаар болсон боловч Нарийн тээл сумын зүгээс сумандаа ажиллуулахгүй гэсэн хариу өгсөн юм. Тиймээс бид тус сумаас  нааш 15 километрийн зайд аймгийнхаа хил дээр постыг ажиллуулсан.

Уг нь улсын хэмжээнд мал эмнэлгийн хяналтын пост дөрөв байдагийн нэг нь Нарийн тээл сум. Тэнд 14 хүн ажилладаг. Нарийн тээлээс баруун тийших бүх аймгуудын малын хяналтыг хийж, ариутгал хийж байх улсын цэг. Гэтэл өөрийн аймгаас гарсан бол хамаагүй мэтээр үнэхээр хангалтгүй ажиллаж байна.

Манай аймгийн зүгээс нэгдүгээр сараас хойш наана нь давхар хяналтыг аймгийн Цагдаагийн газар, ХХААГ хамтран хийж, сайн ажиллаж байна. Гуравдугаар сарын 8-нд ирсэн мэдээллээс хойш бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн постоо шууд Нарийн тээлийн хяналтын цэгийн хажууд буулгасан. Нарийн тээл сумын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ хажууд нь давхар хяналт хийж ажилла гэсэн чиглэлийг өгч, ажиллаж байна.

Манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь МАА. Энэ утгаараа эдийн засгийн хувьд хор хөнөөл асар их харагдаж байна?

Үнэхээр тийм. Өнгөрөгч нэгдүгээр сард Сансар суманд энэ өвчин гарснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хоёр сарын хугацаанд баруун чиглэлийн төв замаар орчиж буй иргэдийн хоол, цайг бэлтгэж буй бүх иргэн, ААН хаалгаа бариулсан. Сансарт байгаа захын нэг дэлгүүр, цайны газар өдөрт 200 мянган төгрөгийн орлоготой гэж бодоход 60 хоногт хэд болох билээ. Ингээд харахаар энэ төвлөрсөн үйлчилгээний газраар дамжуулж амьжиргаагаа залгуулж буй тус сумын иргэд, сум орон нутаг үнэхээр эдийн засгийн хувьд хохирол амсаад байна.


Гуравдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн төвөөс таван километрт дөрвөн үхэр, нэг гахай өвчилсөн. Энэ мал, амьтан өвчлөхөд Өвөрхангай аймгийн төвийг бүрэн тусгаарласан, сэжигтэй бүс гэдэг утгаараа. Мөн адил тус аймгийн ААН, үйлчилгээний газрууд бүгд үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ хорио, хязгаарлалт цааш ахиад дэгдэхгүй бол хамгийн багадаа нэг сар үргэлжилнэ. Ингээд бодохоор бүхэл бүтэн аймгийн эдийн засагт ямар хэмжээний хохирол учрах нь тодорхой харагдаж байна.

Тийм ч учраас энэ өвчинтэй бүх нийтээрээ тэмцэх ёстой. Дангаараа ОБГ, ЦГ, ХХАА-н газрын ажил биш гэдгийг ойлгох ёстой.

Сүүлийн жилүүдэд хаврын морин уралдааныг уяачид их хийдэг болсон. Энэ уралдаан шүлхий өвчнийг тархаах эрсдэл бий юу. Шүлхий өвчинтэй холбоотойгоор адуу өвчилдөггүй гэсэн ойлголт иргэдийн дунд байна?

Гуравдугаар сарын 8-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар хаврын уралдаан буюу морин уралдааныг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон. Гэтэл зарим сумдад уралдаан болно гэсэн сургаар гадны уяачид ирж байна.

Тухайлбал, гуравдугаар сарын 13-нд Баянхонгор сумын харьяат иргэн Баатар Дорноговь аймгаас дөрвөн адуу авчирсан. Дорноговь аймаг шүлхийн голомттой. Зам дагуух Говьсүмбэр, Төв, Булганы Сансар, Элсэн тасархай, Өвөрхангай аймгийн төв гээд бүгд шүлхийтэй. Ийм хариуцлагагүй үйлдэл иргэд маань гаргаж болохгүй.

Адуунд шүлхий өвчин халддаггүй гэсэн ойлголт байна. Өөрт нь халдахгүй боловч, бусдад халдаадаг аюултай. Шүлхий өвчин адуунаас бусад салаа туурайтанд халдварлана. Мөн гахай, зээр зэрэг амьтад хамаарна. Харин адуу, хүн өөрөө тээвэрлэгч, тээгч юм.

Ингээд харахаар улсын хамаг голомтын цэгүүдээр дайран ирж буй адуу, хүн, машин тэрэг тээгч болж хувирдаг. Энэ утгаараа манай газар болон ХХАА-н газартай хамтран дээрх дөрвөн адууг хязгаарлаж, халдваргүйжүүлж, ариутгах ажлыг хийж хяналтдаа байлгаж байна. Гэтэл энэ ажлыг маш их эсэргүүцэж, төрийн ажилд хүндрэл учруулсан. Дээр нэр дурдсан иргэн хүний хувийн өмчид халдаа гэж бидэн рүү дайрч байгаа. Шалгаад үзэхээр нэг ч малгүй иргэн байсан. Өөрөөр хэлбэл энэ морин уралдаанаар дамжуулж ашиг хонжоо хайж байна гэж ойлгогдож байгаа юм. Энэ уралдааныг Бөмбөгөр суманд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Аймгийн Засаг даргын захирамж гарчхаад байхад яагаад Бөмбөгөр сум энэ уралдааныг зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл байна уу?

Манай зүгээс тус сумын Морин уяачдын холбоонд мэдэгдсэн. Хэрэв аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлэхгүйгээр ямар нэг уралдаан, арга хэмжээг сум болон Уяачдын холбоо зохион байгуулж, өвчлөл дэгдээвэл үүнтэй холбоотой гарах бүхий л хариуцлагыг үүрээрэй, үүнийгээ бидэнд албан тоотоор мэдэгд гэдгийг хэлсэн байгаа. Бөмбөгөр сумаас гадна гурван суманд ийм төрлийн уралдааныг зохион байгуулахаар уяачид нь бэлдсэн байгаа гэсэн мэдээлэл бидэнд байна.

Олон Улсын хэмжээнд био терроризм гэж нэрлэгддэг А зэрэглэлийн хөл хорио тогтоодог ийм онц аюултай өвчин гэдгийг хэлсээр байхад хувийн эрх ашгийн үүднээс нийтийн эрх ашгийг хохироосон үйлдлийг уяачид маань хийх гээд зүтгээд байж болохгүй. Шүлхий өвчин гарснаар ОУ-ын хэмжээнд мал, мах борлуулах боломжгүй болж байна. Тухайн аймаг нэг жилийн хугацаанд мөн арилжиж, борлуулах боломжгүй. Ийм онц аюултай хэмжээнд хүрчхээд байхад уралдаан хийнэ гэж зүтгэж байгаа нь уяачид Баянхонгор аймагт био терроризм хийхээр дайрч байна гэж шууд ойлгогдож байгаа биз. Улсын хэмжээнд ганц аймаг үлдсэн. Тэрийгээ хамгаалах гэж бүх талаас нь хичээж, ажиллаж байхад энэ байдлаа зогсоох ёстой.

Аймгийн Засаг даргын захирамжийн хугацааг яагаад тавдугаар сарын 1 хүртэл гэж тогтоосон юм бэ?

Шүлхий өвчний вирус өөрөө хүйтэнд тэсвэртэй. Харин дулаанд тэсвэргүй. Агаарын хэм нэмэх градус руу шилжихэд тэсвэргүй байдаг. Тийм учраас хугацааг ингэж тогтоосон.


 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


үүрэг хариуцлага

 

[202.131.225.5]

 

2018-03-15 05:03:22

Монгол улсын иргэн бүр хуульд заасан эрх эдлэх боловч бас үүргээ гүйцэтгэх чин эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. энэ морь уралдуулах гэж байгаа хүний хувьд өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан байна энэ бол буруу. Олон улсад хориотой өвчин гарсан үед Дээд газрын удирдлагаас гаргасан ямар нэгэн эрх зүйн баримт бичгийг нэг бүрчлэн биелүүлэх үүрэгтэй. Тэр гаргасан бичиг баримт тухайн нутаг дэвсгэрт хүчинтэй үйлчилдэг юм. Манай малчид иргэд маань эрх зүйн мэдлэг, мэдээлэл, боловсролгүйн хар гай л гараад байгаа юм. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн байдаг шүү дээ. Хэрвээ төрийн ажилд саад учруулж үүргээ хүлээхгүй бол зохих хариуцлагыг нь хүлээлгэж Төрийн төмөр нүүрийг харуулах л хэрэгтэй дээ. Монгол хүн тэгэж байж л ухаардаг шүү..



Сэтгэгдэл үлдээх