<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЧОЙРЫН БОГД , ЧОЙРОГИЙН ДҮГЭРЭЭ ХОЁРЫН ПАЯН ДУУСАХГҮЙ

2017-12-02 14:01 782

Амьдралын янз бүрийн замыг туулан нийгмийн нэг бүлгийн төлөөлөл болж явсан Чойрогийн Дүгэрээг  амьд сэрүүн ахуйд нь / 2008 онд / нэгэн ярилцлага авсан юм. Түүнийгээ одоо л уншигч олны хүртээл болгож байгаа нь оройтсон хэрэг байх. Гэвч “хар цэргийн” гэгдэж явсан тэр нэгэн хүний адал паянтай болоод сургамжтай яриаг  танд хүргэх нь сонирхолтой  болов уу. Мөн сонирхолтой гэхээс гадна өгүүлэгчдэгч агсан нэгэнт ахин хэзээ ч амьд яриа өрнүүлэхгүй нь хатуу үнэн тул энд хүүрнэсэн үг, өгүүлбэр бүр нь үнэтэй байж болох талтай.

 


 - Таны адал гэмээр намтар хаанаас хэдий үеээс хазгай бичигдсэн бэ?

-Аав, ээж ажил хийж байсан. Ганцхан хүүхдээ юугаарч дутаагаагүй. Ааваас хойш ч тийм байсан. Ээж минь болгоод л байсан. Харин би ааваараа дутаж байсан. Гэхдээ эхээ зовоогоогүй. Тийн явж байгаад л1973 оноос эхлэн миний амьдрал хазайсан.   Ховдод ажиллаж байсан. Ховдын цэргийн хорооны зэвсгийн түгээгчээс байлдааны “макаров” буу авсан. АКМ-ын жад, 2 нүдний дурантай авсан.

- Хэрэг зориг нь юундаа байв ?

- Амьхандаа би конторын ч юм уу, танхимын ажил надад хэрэггүй юм байна гэж үзсэн. Жолооч болсон нь хэдэн цаасны ахиу юм гэж бодсон. Тэгээд л жолооч хүнд буу хэрэгтэй гэж бодсон. Винтов зэвсэглэлээс хасагдаагүй байсан. Мөн нөгөө цэрэгтээ винтов захьчихсан байв. Гэтэл тэр казах цэрэг гар буу авчраад өгчихсөн нь дээрх макаров. Түүнтэйгээ Улаанбаатарт ороод ирэхгүй юү. Гар буу халаасалчихсан хүн Улаанбаатарт явж байтал хэрэг мандахгүй юу. Түүний мөрөөр мөшгүүлсэн. Социалист нийгмийн баа хатуу

- Хэр удаан баалуулав даа ?

-Ер нь үнэнийг хэлэхэд өнчин ганц хүн гэдэгт чинь амьдралд өвдөг сөхрөх үе их байдаг юм билээ. Би ухамсарт гэж болох амьдралынхаа 35-40 жилийг өвдөг сөхөрч амьдарлаа. Онцлог нь сайн нөхөд, сайхан сэтгэлт монгол хүмүүс байдаг тул өдий болтол явна. Түүнээс би Туулын бургасанд юм уу, траншейнд хэвтэхээр тийм юм тулж л байна. Хорвоогийн мөнх бус руу ойртохоор зовлон ч таарч байв.

- Тэр бүрийг даваад өнөө хүрчээ. Багын жаахан шийртэй  шазруун хүүхэд байсан уу?

- Багадаа айлын хүүхэд ямар байдаг тэр жишгээр л явсаар байгаад сургууль соёл дүүргэсэн.Энэ хугацаанд янз бүрийн адал явдал болоогүй. Сурагч багачууд ямар замаар явдаг вэ тийм л замаар нийтийн жишгээр л явсан. Тэгээд оюутан болсон. Зундаа жолооч хийж байв. Амралтаа авсан жолооч нарын оронд ээлжийн жолооч болж байв.  Тэр үе л гэнэ алдсан цаг даа. Ерөөс би хүнээс юм нууж чаддаггүй байсан. Бас хаашаа юм жаахан содон хүн болох гэсэн ч юм уу, хамаатан садан, найз нөхдөдөө буу сэлтээ үзүүлнэ.Тэдэн дундаас ам алдана биз дээ. Аль нэг суваг нь сэргийлэхэд хүрээд бууны хэргээр байцаагдаад улмаар сүүлдээ шоронд суун ял эдэлсэн. За тэгээд шоронгоосоо ял нэмүүлээд л яваад байсан. Хааяа нэг шорон дотроосоо ял хойшлуулна. Ял хойшлуулна гэдэг чинь  гачигдлын улмаас нэг сарын хугацаатай чөлөө авахыг хэлнэ.

- Чөлөөгөөр явахдаа зүгээр явав уу , зүггүйтэж байв уу?

- Тэр нэгэн  чөлөөний хугацаандаа юм хийгээд л баларсан даа. Ядаж байхад манай хүүхдүүд тэр хүнд үед ихэр төрж ч байлаа шүү дээ. Нялх цурам хүүхдүүдээ хоосон байлгалтай биш мөнгөний төлөө явлаа. Хугацаа бага учир ажил хийнэ гэж юу байх вэ. Тэгээд л 17 мотоциклийн хэрэг тарьсан хүн л дээ. Хөдөө гаргаж зарна гээд хэдэн хүнтэй нийлж авсан юм. Түүн дээр тэр үеийн жолооны үнэмлэх, наймдугаар анги төгсөгчийн гэрчилгээ, аравдугаар ангийн атестат зэргийг хийж зардаг байв. Тийм бичиг баримтын эрэлт хэрэгцээ их байв. Энэ бүхэн амьдрал залгуулаад байна гэж явсан.  1973 оны 3 жилийн ял явсаар 1978 онд дууссан. Тойрох хуудсаа зуруулсан. Гэтэл Эрүүгийн цагдаа намайг хүлээж байсан юм билээ. Нөгөө бичиг баримт  “үйлдвэрлэсэн”  маань эрүүгийн хэрэг болон нэмэгдсэн.Ганц худаг руу аваачаад хийчихсэн. Тэгээд 15 жилийн ял өгсөн. Хорих чангад шүү дээ. Тэндээс Мааньтын шорон руу явсан. Мааньтад Дэмбэрэл гэж нэг хэцүү дарга байлаа. Харуул хамгаалалт, гүйцэтгэх алба эрхэлсэн орлогч дарга хошууч байв. Тэр нөхөр намайг төрийн дайсан гэж үзэж байв. Тиймээс ажилд гаргахгүй. “Би л энд энэ албыг хашиж байхдаа ажилд гаргахгүй.Чаддаг юм бол чи оргоод гараарай “ гэдэг.

-Түүнийх нь  учир ?

-Ажил хийх юм бол хөдөлмөрөө үнэлүүлэн хоног хасах байхгүй юу. Түүнийг зөвшөөрөхгүй хаан боож байгаа зүйл. Тэгэхлээр нь би “Оргоно доо” гэж хэлсэн. Уул нь ч оргоё гэсэн санаа байгаагүй.

-Тэндээс оргочихсон хэрэг үү?

- Оргох гэж буй хоригдол андашгүй байдаг. Хэдэн нөхөр оргох шинжтэй байв. Зун долдугаар сард юм чинь нэг, хоёр хүн тусдаа, бас нэг хэсэгт нь гурав дөрвөн хүн байх. Тэд шивнэлдээд л байх. Тэднийг ажсан. Тэгээд би уулзсан. “Та нар явах гэж байгаа юм уу? “ гэтэл “Явах гэж байгаа “ гэлцэнэ. “Яаж явах гэж байна “ гэтэл “Жижүүр манааг алаад л арилж өгнө” гэцгээж байв. “Хүн алж болохгүй шүү. Хэрэв зүгээр оргочих юм бол нэг муу оргодлын хойноос л эрнэ. Хүн алчих юм бол алуурчны хойноос  эрэл сурал болно. Тэгээд л амархан баригдана. Захын хүн заагаад өгчихөнө. Бас эргээд төлөхгүй өр  болно. Эдийн хохирол бол төлчихөнө. Хүний амийг  хэн ч төлж чадахгүй шүү дээ” гэв тэдэнд.

Тэгээд “Яаж явах юм бэ? “ гэцгээж байна аа. Зүгээр л ороод олны хүчээр дарамт үзүүлээд боож хүлчихээд аманд нь юм чихчихье гэсэн, би.

Тэгээд 1980 оны долдугаар сарын 17-18-нд шилжих шөнө есүүлээ нийлээд оргосон.Газар газрын амьтад байсан. Бид “Оргож гарахдаа л хүч нийлүүлэн хавсаръя. Харин гараад л амь амиа бодож, өөрсдийгөө авч явна” гэж тохиролцсон.

- Өөрөө тэгээд амиа хэр бодож чадав?

-Би ч дөрөв хоноод л баригдсан. Дарханы Мягмарсүрэн гэдэг найзтайгаа явсан. Тэр сайн залуу. Түүнтэй явж байгаад баригдсан.Биднээс салсан нөхөд маань Сэлэнгэ мэлэнгээс баригдаад ирсэн. Тэд машин дээрэмдэн сэлгэж унаад явсан байдаг.

“ Бусдын өмч болоод улсын өмч хөрөнгийг хувийн эрх ашгийн төлөө хүч хэрэглэж авахыг дээрэм гэнэ “ гэсэн шүү заалт байв. “Зил-130” юм уу , “Газ-53” улсын өмч байсан.Түүнийг аваад хаана ч зарж үрэх, ашиг олох боломжгүй. Тийм болохоор зүйл ангийг нь улс хоршооллын өмч гэсэн төсөөтэй зүйл ангиар авч үзсэн. 120 000 төгрөгийн хохирол тооцно гэсэн. Надад цаазаар авах ял онооно гэв. Толгойлогч нь гээд Улсын дээд шүүх тэгж тасалсан. Шүүх хурлыг Дорж гэдэг хүн даргалж явуулсан. Тэр хүн Баянхонгор аймгийн харьяат байв. Дээд шүүхээр таслагдахаар давж заалдах газаргүй, цаазаар авах ял өглөө. Би зөвхөн амь гуйх л эрхтэй.

- Цаазлуулаагүйн чинь цаад учир юу вэ?

- Өмгөөлөгч маань Нинабаатар гэж мундаг хүн байсан. Тэр сайтар өмгөөлсөн шүү. 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол хүн анх сансарт нислээ.  Эрхэм Гүррагчааг нисээд гурав хонож байхад би амь өршөөгдөж байлаа. Таван жилийн чанга гяндан, 10 жилийн онцгой гэдэг ялтай болсон. Гянданд орсон. Олон түмний хэлдгээр бол “яс цоожинд” суулаа гэсэн үг шүү дээ. Гяндандаа сууж дуусган 1986 онд гараад ирсэн. Тэгээд онцгойн ангид хоригдлын ажил хийсэн дээ. Авдрантад байхад нэг Орлогч дарга  дэд хурандаа Доржсүрэн нь 1988 онд надаар оролдож эхлэв. Би уул нь түүнийг их хүндэлж явдаг байв. Тэр уг нь сайн дарга байгаа юм. Гэтэл янз янзаар оролдоод надад Эрүү үүсгүүллээ. Төв аймгийн мөрдөнд намайгаа хийлгүүллээ. Тэр нь хэрэгсэхгүй боллоо. Тэгэхлээр “Өөрийнхөө чаддагаар чамд арга хэмжээ авна” гээд Засангийн удирдах газрын даргын тушаалаар торгуулийн тусгаарласан байранд 90 хоног хорих болсон. Тэр нь сахилгад оруулна гэсэн үг шүү дээ. Тэр 90 хоногийнх нь 82 хоногийг  даваад байсан. Төв аймгийн прокуророос Балжинням гэдэг хүн очиж бас л Эрүү үүсгэсэн. Авдрантад шүүхийн магадлан хуралдсан чинь юун сахилгаас гаргах байх вэ. Үндсэн ялынх нь гурван жилийг дахин гянданд эдлүүлье гэлээ. Гянданд суулгасаан. Тиймээс би төрийн гянданд нийтдээ 8 жил суусан. Долоон удаагийн шийтгэлийн явцад нийлүүлж үзэхэд зургаан жил мөрдөнд, найман жил гянданд гээд 14 жил дөрвөн хананы дунд суужээ Дүгэрээ.  Мөрдөнд жил юм уу хэдэн сараар сууна, тэр бүхэн ороод л 14 жил болсон. Шорон дотроос ял нэмүүлж байсныг олон түмэнд нэг их гайхуулах зүйл биш ээ. Зүгээр залууст сургамжтай юм.  Юманд орчихсон алдсан хүнийг хохироодог амьтад бас тийм газарт бий. Хүмүүс далимдуулдаг юм билээ. Тиймээс  залуус минь алдаж эндэн шоронд орвол бүх насны амьдралаа алдана шүү гэж хэлэх байна.

Жишээ нь та бод л доо. Ноднин гуравдугаар сарын 18-нд нэг юм суллагдлаа. Нямсүрэн гэж нэг мундаг хурандаа ялын хугацаа дуусахаас таван сарын өмнө хянан магадлангаар оруулж сулласан. Баянзүрх дүүргийн шүүгч Цогтзандан эдний шийдвэр байсан. Ухаалаг шийд нь надад амьдрал хайрласан. Тийнхүү нэг юм гарсан даа / Санаа алдав /

-Амьдралд хандах хандлага чинь хэр өөрчлөгдсөн бэ?

- Өөрчлөгдсөн үү, яасан гэхлээр хэлэх ярих юм их байгаа.  Ядаж л багынхаасаа  өөр болоо биз дээ. Аав минь эрт өөд болсон болохоор түргэн л мөнгөтэй залгах юмсан гэж багадаа их боддог байв.

-Хэдийд...?

-1964 онд нас барсан. Муу эхтэйгээ хоёулаа хоёр хүнийхээ хоолыг зохицуулах гэж үзнэ шүү дээ. Ээжийгээ түр амраахсан гэж бодно.

-Хот руу хэдийд орж ирсэн бэ?

-Багадаа. Тэртээ 1964 онд Улаанбаатар хотод орж ирсэн.

-Бүр багадаа хөдөө хаана байв?

-Би Улаангомд төрсөн. Улаангомдоо л өсч бойжсон. Эцгийн гарлаар л Өлгий сум гэдэг, тэгээд ч тэд миний ард түмэн юм. Эцэг өвгөдийн нутаг Өлгий сумын нутагт Чаргалт гэж газар бий. Өлгий нуур бригадын нутаг л даа. Удмын минь өлгий юм. Аав маань аймгийн Харилцаа холбоонд насаараа ажилласан, их нямбай хүн байсан. Радиотехникч хийж байв. Би дээрээ ганц ахтай байсан. Ах маань бас аль эрт нас барсан.Тэдний маань хэдэн хүүхэд одоо байгаа. Бээжинд ЭСЯ-д зарим нэг нь ажиллаж буй. Зарим нь Дарханд ,зарим нь Увсад байна. Эд маань намайг  яаж ийж байна гэцгээдэг. Эднийхээ буянаар явдаг даа...

- Та “Аавынхаас”  гарснаасаа хойш юу эрхэлж байна вэ?

-Гараад хүүгийнхээ ажилд тусалсан. Булганы Дашинчилэнд нэг аялал жуулчлалын цогцолбор бариулах макетыг нь хийлгэсэн байв.Түүнийг нь 2 “Портера” хөлслөөд ачуулаад явж байсан. Түрүүнд нь би хүний  “Бенц”-тэй газарчлан явсан. Зам хаачихсан. Шороон зам руу орсон. Өмнө нэг шар такси хөндөлдөж орж ирсэн. Тэр манай машинтай зөрж зогсчихлоо, тухайн үедээ машин нь унтарчихсан байх. Жолооч нь эмэгтэй юм.  Би жаахан унтууцаад “Битгий зам бөглөөд бай “ гэлээ. Өөдөөс “Битгий хуцаад бай төгцөг минь” гэх юм. Би ч маргах зуураа шагайн чинээ чулуу аван багаж руу нь нясалчихсан. Гэтэл нөгөө хүүхэн хажуугаар зөрж ирснээ кабинаас миний пиджакийг аваад машиндаа орон асаагаад ухасхийсэн.  Яагаад араас нь хөөж чадаагүй вэ гэвэл таксигаа зөрүүлж зогсоосон байсан тул тэр зугатаж амжсан. Тэр хот орж ирээд гомдлоо Зуун айл дахь Цагдаагийн тасагт гарган намайг шалгуулахаар болсон байв. Сүхбаатар дүүргийн  цагдаагийн тэр тасагт намайг дуудсан. Би очиж уулзсан. Нөгөө жолооч эмэгтэйг бас дуудуулжээ. Жаахан ядарч яваа нэгэн байсан юм билээ. Нөхөр нь нас бараад гурван сар болсон. Сэтгэл санаа нь их хямарч явдаг гэж байсан. Тэгэхлээр нь би “За за уучлаарай “ гээд түүнд 100 000 төгрөг өгсөн. Тэр хүүхэн гомдолгүй гэлээ. Цагдаагийн тасгийнхан ч  “За хариуцлагын хуулиар... “ гээд 5000 төгрөгөөр торгосон. Хэргийг хаасан. Гэтэл хоёр сарын дараагаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт намайг дуудуулав. Улсын прокуророос шалгалт ирээд “Яагаад Чойрогийн Дүгэрээгийн хэргийг хэрэгсэхгүй болгочихдог юм бэ ? Сэргээж шалга” гэсэн аж. Чимгээ гэгч прокурор шалгалаа. Мөрдөн байцаагч нь Мягмар гэдэг ахмад байцаасан. Эхлээд 181-ийн 1 гэсэн зүйл ангиар жижгээр танхайрсан гэж үзсэн. Гэтэл яван явсаар машины багаж руу нясалсан нөгөө чулууг чинь хүний эрүүн тус газарт зэвсгийн чанартайгаар ашигласан болгож хувиргаад  181-ийн 3 гэсэн зүйл өгсөн. Сүхбаатар дүүргийн шүүхэд Алдар гэгч шүүгч тасалсан. “ Нэг жил 11 сар 1 хоног чанга дэглэмтэй хориход хорьсугай “ гэсэн.           Тэгээд Ганц худагт очиж хүлээлгэнд байв.

- За бас юманд орооцолдчихдог нь харамсалтай ?

- Яахлаараа энэ төр надад үргэлж хэт ширүүн хандаж буй юм. Би төрөөс тэр 0.007 га газрыг нь ч аваагүй, цэнхэр ягаан тасалбарыг нь ч авсангүй. Нэр нь ялтан боловч олон жилийн хөдөлмөр минь замын ивээс чулуу болох нь болоод, барилгын тоосго болох нь тоосго болсон. Цагдаагийн Академийн барилгын өргөтгөл ...гээд алиныг тэр гэх вэ. Энэ бүгдийг бодоод би өргөдөл бичээд Нийслэлийн шүүхэд хандсан юм. Гэтэл Нийслэлийн шүүх ёстой ухаалаг авч үзсэн. Дөрвөн сарын баривчилгаа, түүн дээр эдлээгүй тэнсэнг нэмээд 6 сарын баривчилгаа болгосон. Хонхорт байв. 2009 оны зургадугаар сарын 8-нд ирсэн. Надаас өөр хүн иймэрхүү будилаанд орсон бол цагдаа нь та нар эвлэр гээд өнгөрөөх нь бараг жишиг. Уул нь тэгээд л өнгөрөөсөн юм. Гэвч хаачихсан хэргийг прокурор нь хоёр сарын дараа сөхсөн нь тэр.

- Одоо хэр их болгоомжтой явдаг вэ?

-Одоо би 58-тай. Энэ насныхаа 35 жилийг шоронд өнгөрөөв. Аль тэртээ социализмын үед л шоронд орсон. Тэнд чинь юм бодох цаг их гардаг юм шүү дээ. Бас харьцуулан тунгааж л байдаг. Ялангуяа ардчилсан хувьсгал гарснаас хойш телевиз сэлтээр их юм ил явж харагддаг. Сайхан цаг ирэх нь ч ирсэн л дээ. Бодож болгоомжилж л явна. Урьдынхаас хүмүүс их өөр болсон. Үгээ хэлж байна. Юу хийе гэснээ хийж байна.

Миний яриаг гэгээлгээр  ойлгоосой. Муу хүн үхдэггүй гэж үнэн л юм байна. Өдий 58 хүрлээ. Явчихвал явчихаар их юм тохиолдоно шүү дээ. Хаа ч очиж өвчин зовлонгүй шүү.

-Бие хөнгөн үү ?

-Хөнгөн  шингэн талдаа.

-Багад чинь тодорсон юм уу, урлагийн ямар авьяастай вэ?

-Урлагийн гэх юм үгүй. Гарын уртай, тоонд л сайн хүүхэд байв. Математикт сайн байв. Харин хоёр хүү маань авьяастай, багадаа шагнал урамшуулал авсан байдаг. Сайн хүүхэд төрүүлж, тэд маань сайхан амьдралтай яваа нь миний нийгэм төрд гэмээ наминчилж буй нэг тал юм болов уу? Би Увсад сургуульд суусан. Энд Улаанбаатарт орж ирээд Төмөр замын 20-р сургуульд суралцсан. Аавыгаа өөд болоход 13 настай байсан. Ээж хотод ирээд тогооч, бэлтгэгч хийж байв. Хүүгээ яваад ороход аяга хоол өгчих тийм л ажилтай байжээ.

-Багын нөхөд чинь гэвэл ?

-Төмөр замын хүүхдүүдтэй их нийлсэн. “Харанга”-ын Одсүрэн байна. “Баян Монгол”-д саксафон үлээдэг сахал Батаа гэж байсан. Тэр багын маань нөхөр. Ардын жүжигчин Хайдавын хүү Төмөрбаатар бүр багын маань анд байгаа юм. Залуу цагийн минь найз нарт Оюунчимэг, Нандинцэцэг нар багтана. Одоо ч тэд өнгөрчээ. Би урлагийнхнаас гэхэд олон найзтай байв.

- Сургууль дүүргээд эзэмшсэн мэргэжил чинь юу билээ ?

- Ерөнхий боловсролын сургуулийг дүүргээд УБДС-д орсон.Хими-биологийн ангид оров. Гэхдээ биологиор дагнасан. Амьхандаа биологич болж явлаа. 1972 онд төгссөн. Тэгээд 1973 онд Ховдоос тийнхүү будилсан юм. Тэгэхэд Хуанган гэдэг казах цэрэг будилан “макаров” өгсөн юм.

- Бас жолооч гэдэг ?

- Жолоо барьсан газар маань Увс байна.. Оюутан байхдаа хотод такси баазад ээлжийн жолооч байв. Дарханд 26-р баазын жолооч ч явсан.

- Найзалж явсан охид гэвэл ..?

- За заавал охид гэх нь юу юм бэ. Нөхөд сайхан шүү.  Монгол хүний нас уртсаад байна гэж худлаа юм.Заримыг нь сураглахаар нар туссан энгэрт очсон байх юм. Зарим нь хөдөө байх. Миний унаган багын найз гэвэл Монгол Улсын шигшээд 11 жил болсон Жамьянгийн Дамдинсүрэн гэж байна. ОУХ-ний мастер юм. Геологийн төв лабораторит үнэт чулууны тасгийн дарга байсан Шагдардорж бий. Увсад Норовын Гомбодорж гэж байгаа. Багшийн дээдийнхэн гэвэл Хагаа гэж эмэгтэй Хөвсгөлд бий. Нөхөр нь Дамдинсүрэн байгаа эсэхийг бүү мэд. Завханы Тосонд багш Аюуш гэж эмэгтэй бий. Гавьяат болсон.

- Өөрөө ер нь нэг л жил багшилсан уу?

-Үгүй, үгүй, жил ч хүрээгүй. Тэрнээс хойш дан хар армиар явах шив дээ. Энэ армидаа бол гар хурууны үзүүрээр юм хийдэг.Зурдаг, сийлбэр хийдэг. Унаган багын жаахан авьяас байх түүгээрээ л хөрөг зурах. Бэлэг дурсгалын зүйлс хийж байсан. Талийгаачийн хөрөг ч бас бүтээнэ.Засанд чинь “Цэдэнбал даргын зургийг маршал хувцастай нь  6 хувь зур “ гэнэ.  Жаазалж аваад л хойшоо дарга нар Орос руу явахдаа авч явна.

- Тэр бүхэндээ шан пүнлүү тооцуулна биз дээ?

- Уул нь Засанд дотор нь нэг цалингийн систем явж байсан. Хэрэв дээр тэр дарга нар нь боож хаадаггүй бол, ажил хийлгэж байсан бол хоног хорогдоно. Сэтгэл санаа ч өөр байна.         Юу ч хийдэггүй хүн юу авах вэ. Юу ч хийдэггүй хүнийг хэн ч тоохгүй. Зүгээр байж л байдаг нэг эрүүгийн элемент гэж үзнэ шүү дээ.

- “Аавынхаар”  явахдаа хүндэлчихмээр ямар хүмүүстэй таарч байв.?

-Лоохууз гуайтай Ганц худагт дамжин хүлээлгээр уулзаж байв. Ардын зураач Гаваагийн хүү Төмөр гэж мундаг уран айхтар  зурдаг хүн байсан. Дамдинсүрэн гэдэг сийлбэрч сууж л байсан. Төрийн ордонд УИХ-ын танхим дахь сийлбэрийг хийлцсэн гэх Бямбадорж гэдэг залуу байв. Монгол банкны үүдний чулуун арсланг ч хийсэн гэдэг. Тэднээр тоосго цохиулж, шохой шатаалгахаас өөр ажил хийлгэн ашиглах байсан юм. Эмэгтэй хүнээс дутахааргүй илүү гарч оёж, хатгамал хийх, юм нэхдэг залуу ч байх. Дандаа муу хүн ч тэнд байдаггүй л юм даа. Дашийн Мундаа гээ л байна.        Цэвээний Лхасүрэн, Цэвэлийн Ваанчигжамбал гээд л байв. Мундаг хүн чанартай хүмүүс. Яг тулах юм бол хүний мөстэй. Харж байгаад л хувцас муутай нэгэнд нь “Миний тийм нэг куртик байгаа. Энүүнд авчраад өгчих “ гээд гал хамаа явуулан ядарсан нэгний хувцсыг сольж өгч байх жишээтэй.

- Хориход хаанах хаанахыг дамжсан бэ?

-Авдрант, Мааньтад, Зүүнхараад, Дарьтад байлаа. Жирийн дэглэмд Амгалангийн салбарт байв. Надад оноодог нь чанга хатуу газар л байв.Мааньт бол бараг миний нутаг шахуу болж хувирчдээ. Мааньтынхан намайг бараг өөрийн нутгийн хүн л гэж ойлгодог... Мааньтад удсан даа. Хорихын дарга нь Энхбаатар гэж байгаа. Чадалтай хүн. Намайг олон удаа үхлээс аварсан.

-Тэр дарга чинь тэгээд ямар аврал үзүүлсэн бэ?

-Би 35 жил хар цэрэг байсан гэхэд шорон дотор хүнтэй зодоо нүдээ хийдэггүй. Хараал хэлдэггүй хүн шүү дээ. Харин наранд гарч ирээд нэг муу унаа аваад явж байхад машин дээрэмдэгч нарны этгээдүүд намайг дээрэмдсэн. Тэдний цохьсон нь 11 оёдол тавиулахад хүргэсэн. Тэрний улмаас тархины гэмтэлтэй болсон. Гэмтлээс улбаалан шоронд байхдаа ухаан алдан унаж байсан. Авдрантад 2 удаа, Мааньтад 3 , дамжингийн эмнэлэгт ирээд нэг удаа ухаан алдаж унасан.Нэг удаа ухаан алдахдаа гурав хонох. Тэр болгонд хотоос түргэн дуудан намайг авардаг байсан. Засангийн эмнэлгийн Даваа дэд хурандаа, талийгаач болчихсон Хүрлээ дэд хурандаа аль нэг нь нэг сувилагч аваад очдог байлаа. Ухаангүй намайгаа хотод авчраад эмчилж босгоод л явуулдаг байсан.         Би тийм болохоор Засанг яаж муу хэлэх вэ дээ. Тэнд хэн нэгэн шүүхийн тогтоолоор л очдог. Түүнээс Засангийнхан дураараа хэн нэгнийг хорьчихдог юм биш. Тэд хянах манах, журам сахиулах л үүрэгтэй. Тэр дагуугаа л байдаг. Дээр нэрлэсэн зарим орлогч даргаас бусад нь ажлаа зөв л явуулж байсан даа.

- Хэцүү нэртэд гадаад хүнтэй хамт байв уу?

- Хятадаас ирсэн Мөрөн гэж Өвөрмонголтой байлаа. Одоо Манжуурт яваа, хааяа нэг утсаар ярьдаг юм. Дээхэнэ үедээ Бүтэмж гэж нэг нөхөртэй хамт байв. Банзрагч гэж байсан. Хилийн хэрэг буюу тагнуулын гэх хэрэгтэй хүмүүс. 15 жилтэй гэж байсан. Сүүлд Чехийн хөгшин эртэй цуг байсан. Их ядарсан амьтан байлаа. Залуучуудын Холбооны Зоригтбаатартай нийлж орон сууцны гэгдэх залилан хийсэн нэгэн юм гэсэн.

- Мөнөөх домогт Чононборис энэ тэртэй таарч явсан  уу?

-Таарч байсаан. Би хүүхэд байсан. 1964 онд. Одоогийн ҮЭ-ийн  Соёлын Ордны тэнд Нүүдлийн кино гэж байсан юм. Хазгар Лувсандамбаа гэдэг хүн кино механикч байсан. Түүн дээр их очдог залуу л байсан. Завханы Түдэвтэйн гаралтай хүн шүү дээ. Сумын төвөөсөө зайтай гэртэй тул өвөл сургуульд явахад ээж нь чонын арьсаар хийсэн хувцас өмсүүлсэн аж.Түүний улмаас хүүхдүүд “Чоно “ Борис гэж хоч нэртэй болгожээ. Сүүлд хот орж ирэхэд нь чоно шиг авиртай хүн гэж бүруу ойлгосон байдаг. Тэр нь дэврээд учиргүй хүн алж, хяддаг  аюул гэх болсон юм билээ. Тэр үед Данигайн Дэмбэрэл, гөлөөн Цэрэндондог гээд цуутай хүмүүс байсан.Хятадуудтай тоглодог, мөрийчингүүд байсан. Уут шуудайгаар л мөнгө төгрөг нааш цаашаа хийдэг гэлцэж байсан.Шоронд заримтай нь хамт байв. Талх тариагаа хувааж л явлаа. Хожим Хадаа аварга байсан. Гүндүүгүй сайхан эр. Мэнгэт-Хар Цэрэндаш аж ахуй талдаа байв. Мал дээр байсан. Төгсийн Болоож гэдгийн сургийг нь дуулж байсан. Чойжилжав, Батаа гээд гурвуул нэг айлынхныг  хүйс тэмтэрсэн. Тэгээд уяатай тугал юутай хийтэй нь шатаасан гэдэг. Гурвуул дээд хэмжээ авсан. Увсын Гааганы Бумцэнд гэж их бяртай хүн байсан.Таалал төгсчихсөн байх аа. Багануурт их ядарсан байсан, өндөр ч насалсан. Чутмаан гэдэгтэй хамт Амгаланд дэлгүүр ухсан гэдэг. Манаачийг нь хивсэнд ороогоод шатаачихсан гэдэг. Чутаман нь цаазлуулсан. Бумцэнд нь 15 жил аваад барж гарсан. Сүүлд гарсан хойно  авгай хүүхэд нь бариулж хохироосон байх. Чононборис  “Туул” ресторанд архи, пиво ууж байгаад доош 00-д орсон юм байжээ. Тэнд цусанд хутгалдсан хүн байжээ. Түүнийг хараад алмайрч зогссон гэдэг. Гэтэл түүнээс өмнө жорлонд орж байдлыг харан сандарч гарсан хүн үүдний  жижүүр дээрээс нь цагдаа дуудсан юм байж. Тэр дагуу нь цагдаа нарыг ирэхэд мань эр хөлчүү гөлийсөн юм байжээ. Цагдаа нарыг нэгжихэд хутга гарч ирсэн байна. Тэгээд түүнд нь тулгуурлан хүн амины хэрэгтэн болгосон гэдэг. Шоронд хүмүүс тэгж ярьсан.

- Наранд байхдаа тухайлбал оюутан байхдаа гарын ураараа юм хийсэн үү?

-Үгүй , үгүй. Шоронд ороод л амь зуухын эрхэнд хийдэг юм билээ. Тэгж хийхлээр бас хувийн үйлдвэрлэл явууллаа гээд л таагүй ээ, хориглоно. Гаансны соруул, хөөргийг чулуугаар хийхлээр тэр. Хийсэн зүйлээ хоригдол эргэхээр очсон хүнээр дамжуулан зарна. Тэгж байгаад баригдвал торгуулийн тусгай байранд орно доо.

 Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар  тэр тусмаа Хорих ял эдлүүлэх газрынхан архивын  судалгаа хийдэг бол би чинь 8 жил гянданд суухад 1 жил 4 сар 23 хоног торгуулийн тусгаарласан байранд нь голдуу гараа ардаа гавлуулж суусан байгаа юм.1980 онд оргочихоод баригдан 46 хоног ардаа гавтай байв. Гадаадад ажлаар явж байгаад ирсэн Орлогч дарга Шархүү нь ажилдаа ирсэн өдрөө түүнийг мэдсэн юм билээ. Тэгээд л гарыг урд талд гавлуулсан. Урдаа байх ёстой гар маань ардаа дасчихсан байсан. Тамхиа ардаа ороож сурсан байв.Хоёр суга нурчихсан байв. Гараа ардаа аваад юм хийх гээд байна шүү. Дадал гэдэг сонин.

-Дадал сонин гэхээс дасал болсон эхнэр хань ижлийнхээ  тухайд ?

- Чулуунжав гэдэг эмэгтэй л дээ. Бид нэг нутгийнх, Увсын Өмнөговь сумынх. Хоёр хүүхдийн минь эх. Одоо нэг хүүгээ би бараадан амьдарч байна. Тэр хоёрын ээж бол сайхан сэтгэлтэй, мундаг чадвар чадалтай хүн. Сүхбаатарын цалинтай оюутан байсан. Насаараа багшлаад тэтгэвэртээ суусан.

Сүүлд би шоронгийн эмнэлгийн нэг эмч хүүхэнтэй амьдарч нэг хүүхэдтэй болсон. Тэрт маань одоо тавдугаар ангийн хүүхэд юм. Тэднээсээ жаахан хөндийрөөд байна.

-Яагаад ?

-Ламд үзүүлэхээр болж хувирдаг юм байна, би. Нэг лам үзээд биднийг төрөлхийн таарахгүй 2 байна гэсэн. Хэрэв тэр хүүхэнтэй нэг гэрт орвол хэн нэгний нь бие өвдөн үхэж хатна гэнэ. Аль эсвэл нэг нь хэрэг түвэгт орооцолдож будилна гэсэн юм.Саланги байгаад нэгэндээ тус дэм үзүүлээд явж байвал болно гэлээ.

- Өөрөөр бас өрх бүл үүсгэж байсан явдал байна уу?

-Бүр залуу багадаа би Сайнхүү гэж нэг бүсгүйтэй суусан. Тэр маань надад 6 хүүхэд төрүүлж өгсөн. Орон шорон гэдгийг мэдэхгүй байсан үе юм даа. Тухайн үед ихэр хүүхэд ч төрсөн. Тэр үед зарим нь “Өдий багаасаа олон хүүхдэд дарагдлаа гээд эхнэрийг элдвээр л хэлж байв. Надад ч тухайн үедээ хэцүү байв. Одоо тэр хүүхдүүд маань бүгд том болчихсон. Сайхан явна. Болохоо байхад хэнийд нь ч очсон “Аав дээшээ суу “ гээд хүндлэхтэйгээ байгаа. Хэнийд нь ч очсон хиртэй хувцас угааж өгөн хонуулаад гаргахтайгаа байгаа.           

-Ээж чинь тогооч байжээ. Ээжийгээ дагаад хоол сайн хийж сурсан биз дээ?

-Ер нь сайн хийнэ. Хоолыг бол хийнэ шүү. Гэрийн ажилд сайн, цэвэрч талдаа аав шүү би. Гэртээ 12-13 төрлийн хоолыг нилээд өндөр зэрэглэлийн хийчих болов уу гэж бодоод байгаа шүү.

 

-Ээжтэй тань адил эх нутаг гэж байгаа. Тэр нутаг ус руугаа ер ойрд очсон уу?

-За ёстой нэг зөв юм асуулаа. Сүүлд гэвэл бүр 1970 онд очсон юм байна. 39 жил очоогүй гэсэн үг. Би бодох юм. Эцгийнхээ нэрийг дуудуулаад л байх, “Чойрогийн Дүгэрээ, Чойрогийн Дүгэрээ “ гээд л байдаг. Хэрэв шинжлэх ухаан болон хүмүүс нотолдог нь үнэн юм бол хүний сүнс сүүдэр гэж байгаа. Аавын минь сүнс тэгэхлээр боддог биз. Нутгийн лус савдаг, нутгийн минь хэсэгхэн нь ч намайг дурсдаг ч биз. Тиймээс нутагтаа очихсон. Төрсөн газар шороон дээрээ нэг хөрвөөхсөн. Ус нутаг нэгтэй хүмүүстэй уулзан нэг сайхан налгар долоо хоногийг өнгөрөөхсөн гэж үгүй мөн их бодож байна даа.  / Нүдэнд нь нулимс цийлэгнэв./

- Хэзээ зүглэх вэ?

- Энэ өвөл онд орвол, урин дулаан унахаар нутаг руугаа явъя гэсэн бодол байна.

- Аавын чинь талынхан нутагтаа болоод энд бий юү?

-Бараг байхгүй ээ. Хүүхдүүд нь байна уу, үгүй юү . Танихгүй болчихдог юм байна. Сургаар бол холын  хамаатан юм гэнэлээ гээд зарим нэг хүн нь нутагт  намайг мэдэх биз.

-Ээжийн тань талаас ...?

-Ээжийн талын ах дүүс байгаа. Дарханд төвлөрч байгаа болов уу.Нэг бүл болох Туяа гэж байх ёстой. Ээжийн охин дүүгийн хүүхэд. Гэмтлийн эмнэлгийн тэр хавьд гэр нь байсан. Одоо хаана байгааг мэдэхгүй. Дотносдог хамаатан маань юм .

-Дархан гэхээс  Тэжээл тээврийн 26-р баазад жолоо барьж байсан гэдэг . Хаагуур голчлон тээвэр хийж байв ?

- Өмнөговь руу л их явсан. Чойроос өвс татаад л...Сайнцагааны нэг дамжуулах бааз Чойрт байсан. Тэндээс тээвэрлэнэ. Өөр аймагт гэвэл Өвөрхангай, Булганаар цөөвтөр явсан.

- Дарханы карьерт “Татар” барьж байсан гэдэг бил үү?

- Чехийн техник, майга дугуйтай, даац нь 12 тонных. Цементийн дорвилкан дээр нь чулуу буулгана. Царууц тоосгоны үйлдвэрт голын захаас элс татна. Ийм л ажил хийж явлаа.

- Таксийн баазад бас байсан биз дээ?

-  Тиймээ , хотод Таксийн баазад нэг хэсэг ажилласан. Хүн тээвэрлээд, хүнд үйлчлээд л явсан.”М-21” машин барьж байв даа. 1970 оны намар Такси баазад орсон. 1971 он гараад Дарханд очсон. “Татар” барин хэдэн сар болоод 26-р бааз руу шилжсэн.

- Уул нь тэр үед чинь оюутан байсан юм биш үү?

-Энд нэг юм тайлбарлахгүй бол болохгүй. Би гурав, дөрөвдүгээр курсээ эчнээ болгосон юм. Тэр зуурт ажилласан нь энэ. Сүүлийн хоёр курсээ тийнхүү төгсөөд л 1973 онд Ховд руу явсан хэрэг л дээ.

- Уг гараа нь зөв явснаа замаасаа гажиж дээ?

- Тийм. Гараа зөв байсан хүн чинь өөрөө хууль бус юм хийгээд амьдралаа сүйдсэн хэрэг. Намайг хүмүүс уран муран гэж ярьдаг л юм билээ. Үнэхээр тийм байсан бол амьжиргаагаа өөд нь авч явах байсан. Түүндээ ач холбогдол өгч чадаагүй. Юм тогтоох ой тогтоомж их сайн байсан. Нэг хуудас дүүрэн олон оронтой тоо биччихээд таван минут харуулчихаад түүнийгээ бич гээд цаас өгөхөд нь бараг бүгдийг нь биччихдэг байсан. Тийм нүдлэлт сайтай байв.

- Хаанаас тийн шалгаж байсан бэ?

- Хяналтын байгууллага даа. / Санаа алдав / Намайг зөв тал руу нь чиглүүлж түшсэн бол аль нэг салбарт амжилт гаргах байсан ч юм билүү гэж боддог. Өөрийгөө ч хааяа омогшоодог.

-Наранд ажил хөдөлмөр эрхэлсэн тухай ярих юм бас бий биз дээ?

-1973 оноос хойш ял тоологдон шорон гяндангаар явсаар 1995 онд хугацаа дуусан гарч ирсэн. Тийн гарч ирэхэд миний бүл ах “ Дөрвөн –Уул” гэдэг компаниа намайг хариуцан ажилла гэсэн. / Бүл ах гэж байгаа нь нөгөө алдарт “Сансар “ Нацагдорж юм билээ. Б.Ц / Түүнд ажилласан. Хар төмөр урагшаа гаргаж байсан үеийн төгсгөл. Түүний лицензийг нь хорьсон үе. Лиценз олдохгүй байсан . Гэтэл тэр үед нэг залуу ирээд “100 тонн хар төмөр байна. Урагш гаргах гэсэн юм. Лиценз олж өгч чадах уу. Бид 3 сая төгрөг өгье “ гэсэн. Би бүтэх л юм бодоод “ Бололгүй яах вэ “ гэсэн. Тэгээд 3 сая төгрөгийг нь  авлаа. “Моньте Кристо” гэсэн баарныхаа аж ахуйн  эргэлтэд нөгөө мөнгийг нь оруулчихсан. Гэтэл нөгөө лиценз нь бүтдэггүй ээ. Аргаа барахлаар хуурамч лиценз хийгээд өгчихсөн. Гэтэл тэд 50 тонн төмрөө гаргаад үлдэгдэл 50 тн-ынх нь лицензийн эрхийг  3 сая төгрөгөөр зарчихсан байгаа юм. Тэгж надад өгсөн 3 саяаа нөхөж авсан юм билээ. Нөгөө худалдаж авсан компани нь  “Ер нь өөр компани нэр дээрх лицензээр хар төмөр гаргаж болох уу гэж цааш яван лавлажээ. Хариуд нь “Наадах чинь хуурамч лиценз байна . шалгана “ гэжээ. Тэгээд л хэрэг мандсан байдаг. Над дээр яалтгүй буугаад Эрүүгийн цагдаад шалгагдаад эцэстээ хоёр жилийн ял авсан. Хоёр жилийн ялаа эдлээд 1997 онд гарч ирсэн. Төрийн өмчийн 11-р байр гээд байгаа түүний 8-р давхарт нь хоёр өрөө түрээслэв. Тэнд “Тэмүүжин трейд” гэх  компани байгуулсан. Солонгосын ЭСЯ-нд Бион Жю Хуа гэж нэг консул байв. Түүнтэй дажгүй танилцлаа. Тэгээд ганц хоёр хүний виз гаргуулсан. Нэг хүнээс 600 доллар авна. Цаанаа номоороо бол 20 доллар л тушаана. 500 хэдэн долларын ашигтай. Том дардаг байсан. Ёстой хаа юм энэ чинь гэж бодогдсон. “Ардын эрх “сонинд зарлал өглөө. Амьтан хүн над дээр шавлаа. Элчин сайдын яаман дээр сагс тавиулчихсан, нийтдээ 160 орчим хүний виз хөөцөлдөж байгаа. Цуваад л виз нь гараад байна. Виз нь бүтсэн хүмүүс түрүүчээсээ хүн нэмж дагуулж ирээд л... Надтай хамтарч ажиллагчдын зарим нь өөрт ноогдох доллараа аваад Герман руу явчихав. Олзны ажил ч гялалзаж байв.

- Олз омог сайн байж. Хэр бүтэлтэй юм болсон бэ?

- Харин төгсгөл дээрээ 17 хүний виз гарч ирдэггүй , гацчихсаан. Хүлээгдэж байснаа бүтэхээ болив.Тэгээд л баларсан. Долларыг нь буцаах гэтэл хүнд өгөхийг нь өгөөд үрэхийг нь үрчихсэн байсан. Нөгөө гадагш явсан нөхөд ч сураггүй. Тиймээс хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Ахин баригдаж , “визний “ гэх хэргээр 5 жил зургаан сарын ялтай орсон. 2002 онд гарч ирсэн. Тэгээд Амгалан гэж шоронд ажиллаж байсан нөхөртэй танилцсан. / Тэр одоо Багануурын хорих хавьд байна уу, бүү мэд. / Тэр маань “ Авгайгаасаа саллаа, хөлсний нэг байр олмоор байна.Хамт хайлцаач “ гэсэн. Тэгээд хамт хэдэн өдөр явсаар тэр нэг юм байр хөлслөх болсон. Тэр нь хоосон ханхай өрөө л байх.  Тэгэхлээр нь хуурамч төлбөрийн даалгавар хийж өгсөн. Түүгээр 3-р хороололд байдаг дэлгүүрээс 40 “Эрдэнэт” хивс авч өгсөн. Нөгөө нөхөр чинь хивсээ борлуулах гэж яваад баригдсан. Би ч балрав. Баригдлаа. Нэг юм батлан даалтад түр гарах болсон. Батлан даах хүнээ олж ир гэсэн. Хэнийг олъё доо гэж явтал Мааньтад хянагч байсан Зоригтбаатар тааралдав. Унаа машинтай, авгайтайгаа лут дориун явна. “Чиний иргэний үнэмлэх биед чинь явна уу? Байгаа бол очоод намайг батлан дааж аван туслаач “ гэж би гуйсан. Тэр ч цуг очоод батлан дааж авлаа. Тэр батлан даагчаа ажлаасаа халагдчихсан явсныг нь би мэдээгүй. “Зоо” Зоригоо л гэдэг юм. Мааньтын хорихоосоо ялтан дагуулан Багахангай орж айл ухуулан хулгай хийлгээд байхаар нь Энхбаатар хурандаа ажлаас нь халчихсан юм билээ. Түүнийг нь тухайн үедээ би мэдээгүй байв. Батлан даагч маань надтай хэд хэд уулзсан. Нэг удаад нь “Чи надад дизель түлш олж өг” гэв. “Яах юм бэ” гэтэл “Зарах юм аа” гэж байна. “Өө тэр новшийг чинь  би Багахангайгаас ганц хоёр пошкийг  аваад зарах гэж үзсэн хүн авдаггүй түвэг юм байна лээ” гэсэн. Өөдөөс “Би 10 гаруй жил тос масло борлуулж байна. 32-ын тойргийн тэнд тос маслын дэлгүүртэй. 20 тонныг бол сардаа л зарна “ гэх юм.

“Тэгээд 20 тонн чинь  ямар үнэд хүрэх вэ “ гэсэн чинь  “18 сая шахам төгрөг болно” гэж байна. Тэгээд л би НИК рүү төлбөрийн даалгавар оруулан түлш авч өгсөн. 200 литрийн торхоор 104 торх болдог юм. Тэр борлуулалтын явцдаа 600 000 төг, 300 000 төг, 80 000 төг ... гэх мэтээр цувуулан явсаар хоёр сая төгрөг болсон. Тэгээд л надаас зугтчихсан. Мань эр 96 торхыг нь зарж идсэн байдаг. Харин 8 торхыг нь цагдаад хураалгасан юм билээ. Бүр өөрөө очоод “ Энэ Чойрогийн Дүгэрээ заруулах гэсэн юм, нэг л бишээ. Эртхэн танайд хандсан нь дээр гэж бодлоо “ гэсхийн шударга царайлсан байв. Ингээд надад өмнөх 40 хивснийх дээр 20 тн дизель түлшнийх нэмэгдэн Эрүү үүсгэсэн.

-Тэр “Зоо” Зоригоо чинь яасан бэ?

-Хамт татагдсан л даа. Захиалсан, авсан, борлуулсан, ашигласан гээд байцаагдалгүй яах вэ.  Тэгж явтал байцаагч маань нэг өдөр “Хамсаатны чинь гэр бүлийн хүн зүрхний хагалгаанд ороод даалгүй нас барчихсан байна. Хам чинь тэгээд сэтгэл нь хямран архи ууж, согтуу машинтай яваад аваарт орон хоёр хөл нь хугарсан байна. Тэгээд гипстүүлчихсэн хэвтэж байгаа гэнэ.

“Байцаагч аа хэн танд ийм юм хэлэв ?” гэхэд “Наймдугаар ангийн охин нь хэлсэн. Хэцүү юм болжээ” гэв.

Тэгэхлээр нь “За тэгвэл хэргээ түүнээс салгачих. Би үүрье. Миний барааг  учрыг нь мэдэлгүйгээр борлуулах гэсэн болго “ гэсэн юм. Байцаагч “Харин яах вэ “ гэж байна.

Би “Хүн ядарч сөхөрч байхад түүнийг чирээд яах вэ. Надтай холбочих “ гэсэн. Тэгэн тэгэн байж таван жил 6 сарын ял авсан би.

-Тэгээд эдэлсэн үү?

-Эдэлсэн .Ноднин хавар гарсан.

-Байцаагч чинь хэн гэж байв ?

-Одоо тэр дэд хурандаа яваа , Зоригт гэдэг юм.

- Нөгөө хамсаатан Зоригоотойгоо уулзсан уу?

-Харин нөгөө дезиль түлш дээр хамтардаг Зоригоотой гарч ирээд уулзах гэсэн байр майраа сольчихсон байв. Нэлээд эрэл болж байж олж очсон. Хаалгыг нь тогшсон Зоригоо хаалгаа тайлж өгч байв. Гэтэл цаанаас нь “ Хэн бэ Зоригоо гээд “ авгай нь дуугарав. Миний ёстой үстэй толгой арзас хийв.  Аль эрт үхчихсэн гэдэг хүн нь дуугарч байдаг. Би золтой цус харвачихаагүй. Дотогш орлоо.  Эхнэрийг нь үхчихсэн гэж бодоод 5 жил зургаан сар илүү болсон юм чинь ёстой мэл гайхсан. Тэгж байж нэг юм Зоригоотой үг солив. Би зорьж очсон учраа л хэлсэн.

“НИК-д өртэй гэж явсаар магадланд орж чадаагүй ялаа бүтэн эдэлсэн. Бүгдийг үүрээд гарлаа. Чи бол тэр дизель түлшийг борлуулаад идчихсэн. Харин би ялыг нь ганцаараа үүрч цаад газарт нь өр хаасан болохоор чамаас мөнгө авна “ гэсэн.

- Тэгээд мөнгө  өгсөн үү?

- Үгүй харин ч өөдөөс “Гэмгүй сайхан нөхөд явъя, мэндтэй устай л явъя, Дүгэрээ ах аа. Өөр яриа байхгүй “ гэсэн. Ямар вэ дээ. Хүн тийм л байх юм билээ.

-Өөрийг чинь энэ маягаар ашигласан өөр хүн бий юу, ялангуяа цагдаа, засангийнхнаас  ?

- Өө. Байхгүй, байхгүй. Бусад хэрэг нь өөрийн л хийсэн ажил. Зарим нь амьдралын эрхээр гэмээр ч юм шиг.

- Баримт сэлтийг хийхдээ техник ашигладаг уу, гараар уу?

-Дан гараараа , тамгыг сийлбэрлэж  хийнэ. Резинэн дээр , модон дээр хийнэ. Хамгийн анхных нь боловсролын гэрчилгээний тамга.

- Өөрийн чинь эерэг гэмээр талдаа сайхан сийлсэн эд юу байна?

-Байлгүй яах вэ. Нэг цаг хийсэн. Модон цаг, нэг ч төмөр оруулаагүй. Унгарын нэг хүн оёдлын модон машин хийсэн гэж сонины мэдээ олж уншсан. Түүнээс сэдэл төрсөн. Цоожтой газарт чинь хэцүү. Шоронд модноос өөр юм олдохгүй.Тэгээд л модон араанууд сийлсэн. Минутын гэхэд нийт 60 араа. Арааны нэг шүд сэлгэхэд тоо гарна. Араануудын харьцаагаар л явна . Зүүгүй. Хөндлөн нэмэлт шүднүүдтэй.Туухайтай. Хөхөөтэй цагных шиг дүүжинтэй гэсэн үг.

- Тэгээд ёстой сайшаалгав уу?

-Юун урам өгөх. Бүр сахилгын тусгаарлах байранд 90 хоног заасан гээч. Газрын даргын шийдвэрээр тэр. Бүтээл гэж үзээгүй. Наарны банзаар хувийн үйлдвэрлэл явууллаа гээд тэр. Хайран наарны банз ... гээд л сүйд.

Засангийн дарга бүгд тийм юмыг үздэггүй юу?

- Аа хаанаас . Мундаг ухаалаг дарга бас байх. Сэмжидсүрэнгийн Ганбат  байв. Хойно академи төгсөж ирсэн байх. Авдрантын  хорихын орлогч дарга, хошууч байсан.Гянданд бүтэн жил чулууны хөрөө тавиулан надаар бэлэг дурсгалын зүйл хийлгэсэн. Тэр нь намайг их хөгжүүлсэн. Багаж тавьж өгсөн. Тэрбээр хүнд итгэл үзүүлж чадсан. Тэгснээр байгууллагад ч юм уу, улсад ч юм уу аль нэгэн газартаа ашгаа өгч чадаж байна шүү дээ.

-Дотор байхад чинь элдэв мэргэн түргэн гэх хүмүүс байв уу. Монголын тэр талын алдартнуудаас хэн нь байв?

- Аа даа. Сүүлхэн үед эрхи зүүчихсэн юм ганц нэг байсан.  Тэд “Энэ магадлангаар чи орох юм байна” гэх шүү юм ярьдаг байсан биз.  Дарханы Бямбадорж гэж байсан. “Жамуха” гэдэг юм. Машбат гэж байв. Зарим нь жаахан мэддэг байсан биз. Сүүлийн жилүүдэд шоронгууд шашны зан үйлийн өрөөтэй болсон шүү дээ. Тэнд нь лам маягийн юмнууд ном уншаад л суудаг байх.

-Одоо эргэн дурсахад таатай бага насны чинь дүр төрх гэвэл ?

- Муу аав минь намайг мөрөн дээрээ суулгаад л явдаг байв. Манайх хэдэн үхэртэй байсан. Хадлангаа өөрсдөө авна. Хадлан дээр аав минь “Миний хүү аавдаа хүйтэн цай аваад ир дээ” гэхэд нь савтай хүйтэн цай бариад гүйж байсан маань санаанаас гардаггүй. Нүдэнд үе үе харагдана. / Нүдэнд нь нулимс хурж , ганц дусал бөмбөрлөө./  Тэр үед өвсний нэг хорхой байдагсан. Баруун зүгийнхэн  “илбээр” гэж нэрлэдэг юм. Эрхий хуруун чинээ эрээн хорхой. Бүр улаан эрээн, одоо тийм хорхой үзэгдэхгүй юм. Түүнийг нэг олоод харчихсан гэж боддог. Бага нас дурсагдахад нэг шалтаг тэр болдог.

- Ээжийн чинь тухайд ...?

-За ээж минь яахав дээ , чааваас. 1980 онд намайг оргоход хэвтэрт байсан. Мааньтаас оргоод зуны шөнө гэртээ орж ирэхэд ээж минь өндийгөөд  “ Хүүе хүү минь яаж явна” гэсэн “Би оргоод ирлээ” гэхэд  “ За болж миний хүү. Хүүгээ харлаа” гээд гүнзгий санаа алдаад үнссэн. / Өөрөө гүнзгий санаа алдав / Оргохдоо хүн алж, хүрээ талаагүй биз” гэсэн “ Үгүй ээж ээ” гэхэд

“ Би чамайг амьд гэдгийг хараад, дууг чинь сонсоод, үнэрийг чинь үнэрлээд одоо санаа амарлаа. Миний хүү эргээд баригдана. Хүнд ял ч авах биз. Харин ээжийнх нь сэтгэл нэг талаараа амарлаа. Чи бид эргээд олон уулзахгүй” гээд өмөлзсөн. / Хоолой нь зангирав./ Энэ л санаанаас гардаггүй юм. Намайг баригдснаас хойш 40 хоноод ээж минь бурхан болсон. / Уйлав / ..

 

-... Хар армиас халагдаад явж байхдаа Монголын нийгэм, монголчуудын талаар юу бодсон бэ?

- Нэг бодлын бүх юм эрх чөлөөтэй сайхан ч юм шиг, нөгөө талаараа эмх замбараагүй ч юм шиг.  Зүгээр замаар яваа микронуудыг хар , нэг нэгнийхээ хажуугаар дайраад л, жаахан түгжрэхэд жолооч нар учиргүй сигналдаад л.Нэг машины урд орлоо ч яалаа, ард байлаа ч яалаа. Хүний мөсийн хувьд , согтоод уначихсан хүн байлаа гэхэд эрүүлжүүлэхэд мэдэгдээд юм уу, эсвэл өргөж аваачаад захын нэг ТҮЦ-нд чиг болов оруулаад осгох нь байна, энэ хүний архийг нь жаахан гарахаар явуулчих гэх хүн алга. Зарим нь бараг гишгэчих шахан алхацгаана. Бүр зарим нь гутал хувцсыг нь авчихдаг гэсэн. Намайг хүүхэд залуу байхад ийм байгаагүй.

 - Чулуугаар юм хийхэд ямар нь гарын дор вэ, ямар чулуу нь үнэ өртөг сайтай эд эдлэл болдог вэ?

- Ер нь чүнчигноров, хаш мэдээж гартаам, мана үнэтэй. Ногоолин гэх чулуу, Өмнөговийн бор шаргал чулуу байна. Энэ хоёрыг бол хумсны хутгаар ч сийлчихэнэ. Юм хийхэд хялбар.Үнэ багатай. Баргилт мөн адил.

- Чулууг бол танина биз та ?

-Энд тэнд хэвтэхэд нь танина аа.

-Авдрантын түүхий эдийг  хаанаас авдаг вэ?

-Тэндээ бүхэл бүтэн уул бий. Дэлхийд гуравхан байдаг ордын нэг юм гэсэн. Амозонистын ногоон боржин гэж бий. Амозонкын сав дагуухь орд. Оросын Дорнод Сибирьт бий.  Гурав дахь нь Авдрант. Сайхан чулуутай. Эдэлгээ их даана. Элэгдэл хорогдлыг нь хэдэн арван жилд 1-2 мм гэх юм билээ.

Говь-Алтайн Халиун сумын нутагт хар тугалганы хольцтой пийцүүний төрлийн ногоон чулуу байдаг юм билээ. Түүнээс дөрвөн ханатай гэр шиг томыг ачиж ирсэн байдаг. Төв хорооны мэдлийн чулуу гэдэг байв. Түүнээс зүсэн дарга нарын ширээн дээр байдаг календарийн суурь, тамганы хайрцаг хийлгэдэг байсан. Сайхан өнгө ордог чулуу. 1980 –аад оны төгсгөл үед юм даа.  Чулууг мэднэ л гэнэ шүү хө, би.

-Монголоор дүүрэн чулуу юм биш үү?

- Монголоор дүүрэн чулуу байна, бас Монголоор дүүрэн чулуучин байна. Багаж сайтай болжээ. Хуучин бидэнд повидтэй өрөм хутга байвал л их дээд юм байлаа. Одоо чинь алмааз ашигладаг орон олон болжээ. Зүсдэг хөрөө гэхэд янз янзаараа, юм хийдэг хүнд бол боломжтой байна.

- Юм хийдэг хүнд боломж байна гэлээ. Хөвгүүд чинь боломжийг бүрэн ашиглаж буй биз дээ?

- Хоёр хүү минь сайн явна. Манай Өнөрөө бол лут хүүхэд. Би хааяа нэмэр болохгүй, нэрмээс болох юм даа. Өдөр, шөнөгүй гүйж, олж буй хэдэн төгрөгөөс нь чангаах юм. Дээд талынх нь Амараа гэж бий. Хувиараа юм хийдэг. Уул нь автоматикийн инженер хүн, сайн яваа. Авто машин засдаг. Амьдралаа аваад л яваа. Ээжийгээ бодон хойт эцгээ тэжээгээд яваа.

 

Түүнтэй ийм нэгэн ярилцлага хийснээс хойш бас ч цөөнгүй жилүүдийг үджээ. Тэрээр бурхан зүгт одоод бас л хэдэн жил болчихож. Тиймээс ярилцлагын  өнгө хийгээд  баримт нь  2008 оны сүүлчийн улирлын тэр нэгэн зэвэргэн өдрийнхөөрөө  л уншигч танд хүрч байгааг  тодотгон хэлэх байна. Ээ “ Чойрын Богд оо” гэж ирээд л уран хошин болон адал сонин яриа хүврүүлдэг ардын түүхч аман цадигч ард түмний дунд олон байдаг. Тэдэн лүгээ адилаар Чойрогийн Дүгэрээгийн талаар элдэв сонин тохиолдол ярих нь Хорих газарт  олон гэдэг. Цаашид бүр домогжуулан ярих нь улам л нэмэгдэх биз. Энэ үүднээс ярилцлагаа “Чойрын Богд ,Чойрогийн Дүгэрээ хоёрын паян дуусахгүй “ гэж нэрлэлээ.

 Б.ЦОГЗАЯАБААТАР


Сэтгэгдэл үлдээх