<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

В.Наранчимэг: Баянхонгорыг жендерийн мэдрэмжтэй аймаг гэж хэлж болно

2017-06-28 14:43 1294


Аймгийн Жендерийн салбар хорооны Нарийн бичгийн дарга В.Наранчимэгтэй уулзаж тус хороо Баянхонгор аймагт ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар тодрууллаа.


Өмнө хэрэгжсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар байсан бэ. Шинэ хөтөлбөр батлагдсан уу?

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөр, Жендерийн эрх тэгш байдлыг хангах дунд хугацааны стратеги батлагдсан юм. 2016 онд хэрэгжиж дууссан хөтөлбөр, стратеги хөндлөнгийн байгууллагын үнэлгээгээр 63 хувьтай хэрэгжжээ гэж үнэлэгдсэн. Энэ дүнгээс харахад орон нутгийн түвшиндээ түүнээс бага хувьтай хэрэгжсэн нь тодорхой байгаа юм. Тиймээс Жендерийн үндэсний хороо, ажлын албанаас 2017-2021 онд хэрэгжүүлэх Жендерийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг 2016 онд орон нутагт хийсэн. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард 2021 он хүртэл хэрэгжих Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр маань батлагдаж, өнгөрсөн долоо хоногт ёсчлогдоод бидний гар дээр ирээд байна. Шинэ тутам батлагсан уг хөтөлбөр нь бидний барьж ажиллах гол бодлогын баримт бичиг юм. Нэгэнт хууль, холбогдох бодлогын баримт бичиг батлагдан гарахад араас нь түүний хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал. Чухал учраас энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн баг, түүний тасралтгүй үйл ажиллагаанд хаа хаанаа анхааран ажиллах боллоо.

Жендерийн асуудал ярихаар эмэгтэйчүүдээ дарга болгох нь гэсэн байдлаар харж ирсэн тал бий. Жендерийн эрх тэгш байдлыг иргэд юу гэж харах ёстой вэ?

Жендерийн асуудал нь өөрөө эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн баялгийг тэгш хүртэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох байдлыг хангах тухай юм. Өмнө хэлсэн хуулиуд, Үндэсний хөтөлбөр гэх мэт гол баримт бичгүүдэд нарийвчлан зааж өгсөн. Мэдээжийн хэрэг шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн харьцаа нь жендерийн тэгш байдлыг хангахад чухал нөлөөтэй. Тухайлбал, сумын ИТХ-д 2012-2016 онд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 16,2 хувь байсан бол энэ удаагийн ИТХ-д 22 хувь болж нэмэгдсэн байна. Аймгийн ИТХ-д 24,6 хувьтай болж өссөн.

Баянхонгор аймаг Жендерийн эрх тэгш байдлыг хангахад бусад аймгуудыг манлайлан ажиллаж байгааг олонтаа сонссон. Энэ чиглэлд дэвшил гаргасан манай аймгийн онцлог юу вэ?

2015 онд манай аймгийн хийсэн гол ажил бол НҮБ-ын хүн амын сангийн төслийн санхүүжилтээр Жендерийн Үндэсний зөвлөхүүдийн багтай манай салбар хороо хамтран аймгийн Жендерийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан анхны аймаг болсон. Завхан, Говь-Алтай аймагт энэ ажил мөн хийгдсэн. Харин манай аймаг уг дэд хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлчихсэн.

2016 оны сонгуулийн үр дүнгээр аймгийн ИТХ-ын шинэ бүтэц бүрэлдэхүүн бий болсон. Тиймээс бид Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлт сэдвээр вакумжуулсан сургалт зохион байгуулсан. Сургалт зохион байгуулсны үр дүнд манай салбар хорооны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 11 сая 357 мянган төгрөгийг батлуулж чадсан. Өнгөрсөн онд хоёр сая төгрөгийг хөрөнгө санхүүгийн хүндрэлээс үүдэж батлуулж байлаа шүү дээ. Энэ нь өөрөө манай салбар хорооны үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, үр дүнтэй болгоход чиглэсэн том дэвшил. Энэ мөнгөөр бид жендерийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах, анхан шатны ойлголтыг өгөх, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлт дээр судалгаа, дүн шинжилгээ хийдэг агентлагуудын гол мэргэжилтнүүдийг бэлтгэхээр төлөвлөсөн.

Мөн энэ жилийн тухайд манай хороо эрэгтэйчүүдийн манлайллыг хангах, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Манай аймгийн тухайд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх төв, Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Нэг цэгийн үйлчилгээний төв тус тус үйл ажиллагаа

Үүний зэрэгцээ иргэдийг мэдээллээр хангах орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахад тодорхой төсвийг тавьсан. Иргэдэд хүргэх мэдээлэл, сургалт сурталчилгааг сүүдэр шийгийн аргаар хийхээр төлөвлөж, энэ оны санхүүдээ тусгасан.

Энэ аргачлалынхаа талаар тодруулахгүй юу?

Энэ сургалт нь тухайн сургалтад сууж буй хүн өөрөө оролцож, тухайн кэйсийг өөрөөрөө дамжуулан илэрхийлдгээрээ онцлогтой. Энэ аргачлал нь ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, түүний дэргэдэх дэмжигч клуб, сонирхлоороо нэгдсэн сонирхлын клубууд дээр нэвтэрсэн. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн клуб гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр нэвтрүүлсэн. Маш үр дүнтэй бодлог онцлогтой.

Жендерийн асуудлыг сөхөхөд дагаад гэр бүлийн хүчирхийллийн асуудал яригддаг. Энэ төрлийн хүчирхийлэл манай аймагт ямар хэмжээнд байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маань хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль урьдчилан сэргийлэхэд анхаарсан хууль. Уг хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болсноороо онцлог. Энэ хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16 хувиар буурсан. Цаашид энэ хуулийг нийгэмд илүү таниулах, ойлгуулах нь чухал. Тийм учраас аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэстэй манай Нийгмийн бодлогын хэлтэс илүү хамтарч ажиллаж байна.

Жендерийн эрх тэгш байдлыг хангахад салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал. Та бүхэн хэрхэн хамтарч байна вэ?

Энэ онд бид Үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, нөгөө талдаа Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гол хуулийг иргэдэд хүргэх, зөв мэдээлэл, ойлголтыг өгөхөд эрчимтэй хамтран ажиллана. Манай салбар хороог аймгийн Засаг дарга ахалдаг. Энд салбар бүрийн гол гол төлөөлөл багтсан. Энэ жилийн тухайд Ажил олгогч эдийн холбооноос хүртэл оруулсан. Тэгэхээр бид салбар бүрт дээрх хууль, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Жендерийн асуудал нь хүн бүрт хамаатай ойлголт. Тиймээс энэ чухал асуудлыг нийгэмд таниулах, эрх тэгш байдлыг хангахад бодлого хэрэгжүүлэх хэсэгт шийдвэр гаргах түвшний хүмүүсийг хамруулах нь үр дүнтэй. Манай аймгийн удирдлагууд жендерийн мэдрэмжтэй асуудалд хандаж, салбар хороонд орж, хамтран ажиллаж байгаа нь бодлогыг гардан гүйцэтгэж буй бидний хувьд талархууштай явдал. Нөгөө талаар тухайн асуудлыг хариуцсан агентлагийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангахад анхаарч аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хороог байгуулсан.  Өмнө нь баг томилох бус тухайн ажлыг нэг байгууллагад хариуцуулаад явдаг байсан бол одоо салбарын агентлагийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд салбар хороонд хамтран ажиллаж байна.  Эдгээр багууд дээрх хуулийг хэрэгжүүлэхэд чиглэл чиглэлээрээ ажиллаж байна. Энэ жилийн тухайд НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй ажлыг хийхээр болж байна.

Ер нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гол хуулийг хэрэгжүүлэх, Жендерийн эрх тэгш байдлыг хангахад сум, багийн хамтарсан багийн үүрэг оролцоо маш чухал. Тийм учраас өнгөрсөн сард хамтарсан багийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулсан. Одоо хэрэгжүүлэх, хянах чиглэлд анхаарч ажиллана.

 

 

 

 

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Roxy

 

[5.188.211.170]

 

2017-07-14 00:07:00

ROFLMAO… You just made my day! I can’t wait to see the second Episode where you catch the COWnapper… you will catch him right? LOL… Do I see the beginnings of a new comedy si!i!m???Prccelessot!



Сэтгэгдэл үлдээх