<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГОВИЙН СУМДАД АЖИЛЛАЛАА

2018-01-15 11:17 686

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ сарын 3-наас эхлэн 12-ныг хүртэл Баян-Өндөр, Цаянцагаан, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдад ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзахын зэрэгцээ өвөлжилтийн байдалтай танилцлаа. Энэ нь түүний шинэ он гарсаар хөдөө сумдад ажиллаж буй эхний томилолт юм.


Өнгөрсөн зун нийт газар нутгийн 70 хувь гандуу, 30 хувь гантай байснаас энэ өвөл малчдад хүндхэн байна. Ялангуяа говийн сумд сарын эхээр унасан цаснаас үүдэн улам ч хүндрэх нөхцлийг бий болгоод байна. Нэгэнт бэлчээрийн даац хэтэрсэн, мал сүргийн тоо өссөн. Нөгөө талаар мал, малын гаралтай түүхий эдийг борлуулах зах зээл хязгаарлагдмал байгаа учраас энэ удаагийн аймгийн Засаг даргын албан томилолт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өвөлжилтийг нөхцөл байдалд үнэлэлт өгч шаардлагатай арга хэмжээг авахад чиглэгдэж байлаа.


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу хувь малчин, сум, аймаг бэлтгэл ажлыг сайн хийж, 12 сарын байдлаар өвөлжилтийн бэлтгэлийг 80 гаруй хувьтай хангажээ. Гэсэн хэдий ч Баацагаан, Бууцагаан сумдын хувьд бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцөө барж, цаашид яах вэ гэдэг дээр хаа хаанаа анхаарлаа хандуулж байв.


Эл нөхцөл байдлыг харгалзан үзэж аймгийн Засаг дарга дээрх сумдад ажиллах үеэрээ Улсын нөөцөөс тодорхой хэмжээний өвсгийг хямдралтай үнээр малчдад худалдаалах шийдвэрийг гаргалаа.


Ингэхдээ сум батлан даалт гаргаж, өвс тэжээлийг малчдад зээлээр өгөх юм. Харин үнийн хөнгөлөлтөөс үүсэх үнийн зөрүүг аймаг хариуцахаар боллоо.


Үүнтэй ижил ажил, арга хэмжээг өвөлжилт хүндрэх төлөвтэй Баянхонгор аймгийн зарим сумдад мөн авч хэрэгжүүлнэ. Энэ мэтээр өвлийг өнтэй давж, урин хавартай золгохыг энэ онд чухалчилж байна.


Цаашид мал сүргийн бүтэц, тоо толгойд анхаарч, мал болон бэлчээрийн зохистой харьцааг бий болгоход анхаарах ёстойг аймгийн Засаг дарга сумдын удирдлага, холбогдох мэргэжилтэн, малчдад сануулж байлаа.


Энэ хүрээнд 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, жил жилийн үндсэн чиглэлд тусгалаа олж, хэрэгжиж буй малчдад чиглэсэн Төрийн торон сүрэг хөтөлбөр, Илгээлтийн эзэн хөтөлбөр болон бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг шат шатандаа хэрэгжүүлэхэд анхаарч, үр дүнг нэмэгдүүлэх шаардлага байгааг ч тэрээр хэлж байсан юм.


2017 оны жилийн эцсийн мал тооллогоор Баянхонгор аймаг дөврөн сая 600 орчим мянган мал тоолуулж, улсдаа мал сүргийн тоогоор тавдугаарт орсон. Мал өссөн нь нэг талаар сайн үзүүлэлт боловч, эргээд ган, зудын үед хуйгаараа үхэж, үрэгдэх, улмаар малчид эрсдлээ даахгүй, эдийн засгийн хувьд уналтад орох эрсдлийг бий болгож байгаа юм. Цаашид мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил чухлаар тавигдаж байна.


Баянхонгор аймаг малын халдварт өвчингүй эрүүл бүсийн давуу талаа түшиглэн мал, махыг өмнөд хөршөд нийлүүлэх ажлыг 2017 онд албан ёсоор эхлүүлж, нэг сая толгой малыг худалдан борлуулах ажлын суурийг амжилттай тавьсан. Уг ажлыг хүрээнд Баянхонгор аймгийн гурван цэгт махны үйлдвэр байгуулагдахаар гэрээлсэн боловч Монгол Улсад гарсан малын халдварт өвчний улмаас өвчний голомт бүхий бүс нутгаар мах дамжин өнгөрүүлэх, улмаар хилээр гаргах боломжгүй болсон. 


Аймаг, орон нутгийн удирдлагаас шалтгаалахгүйгээр гацалтад ороод буй уг ажлыг энэ онд хэрэгжүүлэхэд Монгол Улс малын эрүүл мэндийн асуудалд дэвшил гаргах нь чухал болоод байна. Тэгэхгүй бол цаашид жилээс жилд өсч буй малын тоо толгойг зохистой хэмжээнд барих, эдийн засгийн суурь болсон МАА-н салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, малчдын санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх боломжууд хумигдсан хэвээр байх нь эргэлзээгүй юм. 



Сэтгэгдэл үлдээх