<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАГИЙН ИРГЭДЭЭ СОНСЧ, БОДИТ ШИЙДВЭР ГАРГАСАН ЗАСАГ ДАРГЫН УУЛЗАЛТ

2017-10-24 17:32 990

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг төлөвлөсөн цаг хугацаанд, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан амжилттай хэрэгжүүлж байна. Үр дүнд салбар бүрт ахиц дэвшил гарч, хонгор нутагт хөгжлийн буухиа үргэлжилж байна. Нэг жилийн хугацаанд аймаг, орон нутгийн бодлогыг тодорхойлж, ажлын голыг нугалсан Засаг дарга, түүний Тамгын газар, хэлтэс, агентлагууд хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр аймгийн 20 сумын иргэд хөдөлмөрчдөд ажлаа тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонч, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээндээ тусгах ажлыг эхлүүлээд байна.


Уг ажил өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн Засаг дарга Г.Батжаргалын аймгийн төвийн Номгон, Угалз, Дуурсах, Цагаанчулуут, Гэгээн шавь, Эрдэнэмандал, Цахир, Есөн-Эрэдэнэ багийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтаар эхэлсэн юм. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Баянхонгор сумын удирдлага, холбогдох албан байгууллагын дарга нар оролцлоо.


Уулзалтаар Засаг дарга энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавихын зэрэгцээ иргэдийнхээ санаа бодлыг сонсч, шаардлгатай арга хэмжээг газар дээр нь авч, холбогдох байгууллага, хэлтэст шийдвэрлэхийг үүрэг болгож байсан юм.


Аймгийн Засаг дарга ажлаа авснаас хойш аймгийнхаа бүх сумдад 1-3 удаа хүрч ажиллажээ. Одоогийн байдлаар аймгийн 16 мянга орчим иргэд, малчидтай нүүр тулсан уулзалт хийж тэдний санал хүсэлтийг газар дээр нь сонсож шийдвэрлэн ажиллажээ.

Баянхонгор аймгийн нийт хүн ам 2016 оны жилийн эцсийн байдлаар 85331 болж, үүнээс 16 хүртэл насны хүүхэд 27440 /32.1 хувь/ хөдөлмөрийн насныхан 52942 /62 хувь/, өндөр настан 4949 /5.8 хувь/ байна. Аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 109 арга хэмжээнээс эрүүл мэндийн салбарт 33, соёл урлаг, спортын 11, хүн амын хөгжил, гэр бүл, жендэрийн 6, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбар 23, боловсролын салбарт 36 арга хэмжээг хэрэгжүүлж байна.


Энэ удаагийн уулзалтаар иргэд аймгийн Засаг даргад хандан хэд хэдэн асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.


Тухайлбал, Баянхонгор хотын утаа, тоосжилт их байгааг хэлж байлаа. Уг асуудалд Засаг дарга хоёр чиглэлээр шийдвэрлэх тухайгаа хэллээ. Нэгдүгээрт, нийтийн эзэмшлийн шороо, хайрган хучилттай зам, талбайг ногоон байгууламж болгохдоо иргэдийг нөхөрлөл болгож, шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэн 1-3 жилийн хугацаанд хариуцуулан хийлгэхээр төлөвлөж байгаа ажээ. Хоёрдугаарт утааг бүрэн шийдвэрлэхийн тулд Дулааны цахилгаан станц барьж байгуулах юм. Гэвч Монгол Улсын ЗГ, БНСУ хоорондын хэлэлцээрт арван аймагт дулааны цахилгаан станц барихаар тусгагдсан боловч ажлын хүрээ хумигдаж нийслэлтэй ойр гурван аймагт байгуулах болжээ. Тиймээс аймаг өөрийн нөөц бололцоо, гадаад харилцаандаа түшиглэн БНХАУ-тай хамтран дулааны цахилгаан станцыг байгуулахаар ажиллаж байгаа юм. Уг ажил ирэх онд эхлэхээр байсан ч Засгийн газрын тогтворгүй байдлаас үүдэж тодорхой хугацаанд хойшилж байна. Гэхдээ Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан уг томоохон бүтээн байгуулалтыг боломжтой хугацаанд хийж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


Нөгөө талаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед шийдвэр нь гарсан Баянхонгорт аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээгүйгээс энэ чиглэлийн бэлэн болсон 30 төсөл царцсаныг иргэдэд мэдээллээ.

Иргэдийн зүгээс эмнэлгийн үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, очерь дугаар ихтэй байгаа талаар, ахмадуудад хөнгөлөлттэй үнээр эм олгдог эмийн сантай болох, өрхийн эмнэлгүүд ажлаа хийхгүй байна зэрэг гомдлыг хэлж байсан. Энэ талаар ЭМГ-ын дарга Ганболд тайлбар хийлээ. Түүний хэлж байгаагаар Эмч, эмнэлгийн ажилнуудын хариуцлага, ёс зүй, сахилга батыг сайжруулах хөтөлбөр боловсруулах шатандаа явж байгаа гэнэ. Уг хөтөлбөрөөр дээрх асуудлыг нарийн зохицуулжээ. Харин эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, эмчилгээ, үзлэг оношлогоотой холбоотой баримттай мэдээлэл байвал ЭМГ-т авчирч шийдрэлүүлэх боломжтой гэдгийг санууллаа. Аймгийн Засаг дарга эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг нарийвчлан судалж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.


Баянхонгор суманд байнга хөндөгддөг асуудлын нэг бол хог. Иргэд найм, есдүгээр сард хог ачаагүйгээс хур хог үүсч байгаа тухай ярьж байна. Энэ талаар Цэвэр хот компанийн захирал Ц.Баясгалан, зуны хоёр цагт ажилчдаа амраах зайлшгүй шаардлага байсан учраас ээлжээр амраасан, техникийн засвар үйлчилгээг хийж, өвлийн бэлтгэл хангасан гэдгийг хэлээд гэр хорооллын нийт хогны 70 хувь нь үнс байдаг. Тиймээс бид өвлийн бэлтгэлээ хангахад өнгөрсөн саруудад анхаарсан гэлээ. Мөн тус компанид Орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хог тээврийн гурван автомашиныг олгоод байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 11 сар гэхэд иргэдийн гомдлын дагуу хогны асуудлыг нэг мөр цэгцэлж ажиллахыг үүрэг болголоо. Цэвэр хот компани өмнө нь хог тээврийг хийхдээ нэг багт нэг машин явуулах замаар ажиллаж байжээ. Тиймээс арга барилаа өөрчилж бүх машинаа сарын тогтсон өрүүдэд баг багт нь явуулж, сардаа багтаан бүх багийн хогийг ачихаар болжээ. Ингэснээр иргэд тогтсон өдөр хогоо ачуулдаг болох юм.


Мөн багийн спорт, соёлын  төвүүд багийнхаа иргэдэд үйлчлэхгүй байгааг хэлж байна. Багийн спортын төв нь аймгийн БТСГ-ын харъяанд байдаг байна. Учир нь багийн спортын төв халаалтын зардлаа нөхөж чаддаггүйгээс БТСГ-т харъяалуулж, халаалтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэдэг аж. Нөгөө талаар үйл ажиллагааны зардлаа нөхөхийн тулд түрээсээр хүүхэд, залууст үйлчилдэг байна. Уг асуудалд аймгийн Засаг дарга, “тухайн багийн иргэдэд үйлчлэхээр баригдсан учраас зориулалтын дагуу ашиглалт, үйл ажиллагааг явуулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж, БТСГ-ын даргад 11 сар гэхэд шийдвэрлэж, иргэдэд үйлчлэхэд нээлттэй зохион байгуулалтад оруулахыг үүрэг болгов.

Иргэдийн зүгээс түгээмэл тавьж буй асуудлын нэг нь сургууль, цэцэрлэг эцэг эхээс байнга мөнгө татдаг, тэр нь эцэг эхэд санхүүгийн дарамт болохын зэрэгцээ боломжгүй айл өрхийн хүүхдүүдэд дарамт болж, үүнээс үүдэн хичээл таслах, сурлага муудах, сэтгэл гутралд орох гээд олон талын сөрөг нөлөөлөл бий болгож байгааг хэлж байлаа.


Тиймээс уулзалтын дараа аймгийн Засаг дарга Г.Батжаргал Төрийн үйлчилгээний нэгдсэн төв ирсэн гомдол, уулзалтын үеэр иргэдээс ирсэн гомдлыг үндэслэн захирамж гаргалаа. Уг захирамжид БСШУ-ны сайдын 2013 оны журамд заасан цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслээс бусад хэлбэрээр төлбөр хураамж авах, уралдаан тэмцээн, олимпиадад оролцоход цэцэрлэгийн эцэг эхийн санаачилгаар нийт хүүхдүүдээс тэгшитгэн мөнгөн хураамж авах, ямар нэгэн хуримтлал үүсгэх, сургалын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, цэвэрлэгээний материал, ариун цэврийн цаас гэх мэт хуульд заагаагүй төлбөр хураамч суралцагчаас авахыг хоригложээ. Хэрэв хуульд заагаагүй ямар нэг хэлбэрээр төлбөр хураамж авсан нь нтологдвол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш нарыг ажлаас чөлөөлөх үндэслэл болох аж.


Өлийн улирал эхлэхтэй зэрэгцэн иргэд идшээ бэлтгэдэг. Энэ үеэр хулгайн мал махыг аймгийн төвийн эргэн тойрон, эзэнгүй хашаанд бэлтгэж, хаягдлыг хаа сайгүй асгаж, хаядаг байна. Тиймээс уг асуудлыг нэг мөр болгох үүднээс аймгийн Засаг дарга Баянхонгор сумын удирдлагуудад мал нядалгааны газар байгуулах хүсэлтэй, санхүүгийн чадвартай иргэдэд газрыг нь шийдвэрлэхийг үүрэг болголоо. Уг нэгдсэн нядалгааны газар бий болсноор хулгайн мал махыг зарж борлуулах, улмаар нядалгаанаас үүдэж гарах хягдал үүсэхгүй юм.


Зарим багийн гудамж гэрэлтүүлэггүйгээс гэмт хэрэг гарах нөхцөл болж байна. Тиймээс бүх гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулах ажлыг хэсэгчилсэн байдлаар хийхээр болж байгааг уулзалтаар онцоллоо. Уг ажил гурван жил үргэлжлэх аж.  


Иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт хөдөө сумдад үргэлжилнэ. 


Сэтгэгдэл үлдээх