Их Британи Монголыг зорих иргэддээ жагсаал цуглаанаас хол байхыг анхааруулжээ

2021-02-08 83 0

Жилд 6,500 орчим Британийн иргэн манай улсад зочилдог. Ихэнх аялал ямар нэг асуудалгүй байдаг ч бас бүгд тийм ч сайн гэсэн үг биш. Тиймээс тус улсын Засгийн газраас Монгол Улсыг зорихоор төлөвлөж буй иргэддээ хэд хэдэн зөвлөмжийг өгдөг байна. Эдгээр зөвлөмж нь манай улсад үүсэж болох эрсдэлээс иргэдээ хамгаалах зорилготой аж.

Уг зөвлөмжид,  Монгол Улс хилийн аюулгүй байдалд маш нухацтай ханддаг тул гадаадын иргэд хилийн бүсэд нэвтрэхийг байнга зөвшөөрдөггүй. Тус улс хил доторх 100 км хүртэлх бүсийг хилийн бүс гэж үздэг тул тус бүсэд аялахыг хүсвэл Улсын хил хамгаалалтын газраас зөвшөөрөл авах ёстой.

Хэдийгээр Монгол улсад терроризмын сүүлийн үеийн түүх байхгүй ч халдлагыг үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаар шөнө ганцаараа явганаар гарахаас зайлсхий. Гадаадынхан бусдаас ялгарч дээрэмдүүлж болзошгүй юм гэжээ.

Үүнтэй холбоотойгоор тус улс иргэддээ хандан, “Энэ хүрээнд хүчирхийллийн гэмт хэрэг төдийлөн бүртгэгддэггүй боловч халаасны хулгай зах, худалдааны төв, олон хүн цугласан үйлчилгээний газруудад элбэг байдаг. Мөн жуулчдыг дээрэмдэж эд хөрөнгө, мөнгөөр хохироодог бүлэглэл байдаг тул түүнээс ч болгоомжлох хэрэгтэй.

Нэгэнт та тус улсад очсон бол зөвшөөрөлгүй таксинд сууж болохгүй. Сууснаар дээрэмдүүлэх, гэмтэх, улмаар амь насаа эрсдэлд оруулж болно. Тус улсын томоохон баяр болох шинэ жил, цагаан сар, наадмаар гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай тул анхаарал болгоомжтой байна уу. Нөгөө талаар Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо их атлаа замын стандарт тааруу учраас аль болохоор жолоо барихаас зайлсхийх, шаардлагатай бол мэргэжлийн жолооч хөлслөх, хамгаалалтын бүсээ заавал зүүх хэрэгтэй” гэжээ. Нэг анхаарал татсан зүйл нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд улс төрийн эмх замбараагүй байдал, үймээн самуун гарах нь нэмэгдэж байгаа тул олон хүн цугласан жагсаал цуглаанаас хол байхыг онцгой анхааруулжээ.

Мөн Орон нутгийн аялал хийхээр төлөвлөсөн бол гар утасны сүлжээ тарасдагийг тооцоолж сансрын холбоог авч явах хэрэгтэй. Мөн суурингууд хоорондоо хол зайтай, цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай тул хангалттай ус, дулаан хувцас, эмийн сантай явах нь зүйтэйг сануулжээ.

Холбоотой мэдээ