С.АМАРАА, СУМЪЯА хоёрын хөлд нийслэлчүүд сүйрч мэдэх нь

2021-02-09 213 0
Shares

Цар тахлын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор УОК-оос хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр өрх бүрээс 18-аас дээш насны нэг иргэнээс шинжилгээ авах бөгөөд шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулах юм. Мөн УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хурлаар урьдчилсан байдлаар дээрх 12 хоногийн хугацаанд 14 салбар үйл ажиллагаа эрхлэхээр санал гаргасан юм.

Гэвч бодит байдал дээр нөхцөл байдал тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Тухайлбал, хөл хорио тогтоох 12 хоногийн үед бүрэн 0 зогсолт хийх саналыг УОК, С.Амарсайхан гаргаж байгаа бол нийслэлийн төвийн зургаан дүүргийг гурав, гурван хоногоор 0 зогсолт хийлгэх саналыг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гаргаад байгаа гэнэ. Энэ шалтгааны улмаас энэ сарын 9-нд хийх байсан мэдээллээ хойшлуулж 10-нд хийхээр болжээ.

Нөгөө талаар шинэхэн Шадар сайд ард иргэдэд таалагдах “будаг нь ханхалсан” Засгийн газрын имижийг бүрдүүлэхийн тулд бодит байдлын судалгаа тооцоогүй шийдвэрүүдийг ар араас нь гаргаж, хэвлэлээр бөмбөгдсөн нь эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлэхэд хүргээд байгаа тухай ч ярих болов. Тухайлбал хөл хорионы өдрүүдэд 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулах хүн хүчний нөөц болоод шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, сорьцын хангалт байхгүй гэнэ. Тиймээс энэ шалтгаанаар Шадар сайд эргээд гаргасан шийдвэртээ багазлуурдуудах бололтой.

Энэ бүхэн бол өнгөн хэсэгтээ харагдаж буй МАН доторх “АЛБАН ТУШААЛ ДАГАСАН АШИГ СОНИРХОЛ” хэмээх мөсөн уулын орой төдий гэх хүмүүс ч байна. Учир нь экс Нийслэлийн захирагч эрх мэдлээ үргэлжлүүлэн Шадар сайдын сэнтийгээс хадгалах сонирхолтой байгаа бол одоогийн захирагч Сумъяабаатар байр сууриа тийм ч амархан тавьж өгөхийг хүсэхгүй байгаа аж. Тиймээс МАН доторх эрх мэдэл, албан тушаалын энэхүү “зодоон” ард иргэдээ хөл хориогоор хоморголон хорлох “зэвсэг” болон хувирсан байж болох гэнэ.

Ямартай ч улсынхаа хүн амын талыг хэцүү нэрт өвчинтэй хөл хорихоор шийдсэн хоёр даргын муйхар шийдвэрт салбарын болоод мэргэжлийнхний үг хийгээд үйлдэл огт шингээгүй бөгөөд “хар масс”-аасаа оноо цуглуулах үзэл сурталчдын ухаан л нэвт шингэсэн байхаас зайлахгүй. Гэтэл энэ удаагийн хөл хорио сүүлчийн найдвар хэмээн тунхаглаж асан Засгийн газар энэ мэт явган эрх ашгаас болж улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ард иргэдийн аж амьдралыг сүйрүүлж мэдэх эрсдэл дагуулж болох талтай. Ийм шалтгаанаар эдийн засагчид цар тахлын энэ үед улс төрийн өнцгөөр бус улс орны эрх ашгийн үүднээс аливаа шийдвэрт нухацтай хандахыг алхам тутам сануулсаар байгаа юм.

Ш.Саян

Shares

Холбоотой мэдээ