2021 оны ЖДҮ-гийн гурван хувийн хүүтэй 2 их наядыг авах гишүүд хэн бэ?

2021-02-14 158 0

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар “Ковид-19” цар тахлын өнөөгийн байдал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулахаар болжээ. Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.

Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”. Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдээллээ.

Энэ мэдээллээс ЖДҮДС-гийн зээлийн асуудал анхаарал татаж байна. Учир нь өмнөх бага хүүтэй, их хэмжээний зээлийг УИХ-ын гишүүд хуваан авч, өөрсдийн ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан мөнгө хүүлж байсан удаатай. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Би шийдэж, хийдэг ажил биш. Дээрээс өгсөн чиглэлийн дагуу хийсэн” гэдэг талаар ярьсан байсан. УИХ-ын гишүүн А.Сүхбат “Энэ зээлийг чинь авч болдоггүй гэдгийг хэлэхгүй яасан юм бэ гэж” хэлсэн байдаг. Тиймээс иргэд II ээлжийнхэн буюу 2021 оны ЖДҮ-гийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2 их наядыг авах гишүүд хэн бэ хэмээн ярилцаад эхэлжээ. Учир нь шинэ тутам бүрэлдсэн парламент бүрэн эрхийнхээ нэг жилийг ардаа орхиод байгаа бөгөөд энэ үед Засгийн газраас яг гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ-ийг дэмжих нэрээр гаргаж байгаа нь анхаарал татаж байгаа хэрэг.

Холбоотой мэдээ