С.Нохойжав: Газар тариалан унах нь амарч, босоход хэцүү салбар

2021-02-20 562 0
Shares

2011 онд “Монгол Улсын аварга тариаланч”-аар шалгарч байсан Улаангом сумын 1-р багийн иргэн С.Нохойжавтай цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр газар тариалангийн салбарт амьдралынхаа 30-аад жилийг зориулсан, Увс аймгийн ахмад тариаланчдын нэг юм.

-Таны ажил, амьдралын гараа хэрхэн эхэлж байв?

-Би 1967 онд аймгийн төвийн 1-р арван жилийн дунд сургууль төгсмөгцөө илгээлт өвөрлөн Чандмань сумын “Хархираа” бригадад малчин, няраваар ажилласан. Энэ хугацаанд сумын аварга малчин, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр хүртэл ажиллаж байлаа. Мөн аймгийн Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж, байгууллагын хошой аварга болж байсан. 1990-1992 онд Чандмань сумын “Шинэ үе” нэгдэлд няраваар ажиллаж байтал нэгдэл тарж, ардын аж ахуйтан болох замыг сонгож билээ. Ийнхүү хөдөлмөрт дурлаж, хашаандаа жимс жимсгэнэ тариалахын зэрэгцээ Арсайд 30 га газар эзэмшин тариа тарьж эхэлсэн. Тухайн үед жил бүр 4-р сарын сүүлчээр Хархираан голын мөсийг задалж, Арсайн таригийн ус явуулах ажил надад ноогддог байлаа.

-Тариалалтын ажлаас үр шим их хүртдэг байв уу?

-Газар тариалангийн салбарт олон жил хөдөлмөрлөхдөө аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийхийг илүүд үздэг байсан. Эргээд бодоход жил бүр ургац арвинтай, хөдөлмөрийн үр шимээ хүртээд л мөн ч сайхан цаг үе байж дээ. Арсайд тариа тарьж, 1 га-аас авах ургацын хэмжээ улсын дунджаас дээгүүр гарч, хүмүүсийг алмайруулж байсан үе бий. Ингэж үр тарианы нөөцтэй болж, гэр бүлээрээ зүтгэхийн зэрэгцээ жил бүр 8-10 хүнийг түр ажлын байраар ханган, хөдөлмөрт сургаж байсан.

1990-ээд оны эхэн үед байх авсаархан гурилын цахилгаан тээрэмтэй болсон юм. Тэгээд орон сууцны зориулалтаар барьсан шар байшиндаа өөрийн болон хүмүүсийн тариаг аваад түүхий гурил хийн үйлдвэрлэн айл өрхүүдэд борлуулж байлаа. Зах зээл эхэлж, хүнс бараа ховордоод хэцүүхэн байсан тэр цаг үед гурилын тэр тээрэм маань мөн ч их хэрэг болсон доо.

-Тариа тарих үеийн мартагдахааргүй дурсамжаасаа хуваалцаач?

-2003 онд Сагил сумын Боршоон Сэнжийн таригт 100 га газар хагалж тариа тарьсан байдаг. Би дунджаар 1500 центр ургац хурааж авна гэж тооцсон. Зорилгодоо хүрэхийн тулд маш шаргуу хөдөлмөрлөж, их ажлын ард ч гарлаа. Харин намар нь комбайнаа аваад тариагаа хураахаар явсан ч замд комбайны эд анги эвдэрсэн. Жолооч бид хоёр Барунтуруун, Улаанбаатараас сэлбэг олоод иртэл бараг 15 хоног өнгөрсөн санагдана. Хугацаа алдаж тариагаа хураатал болц нь хэтэрч тарианы түрүү газарт унаж цайгаад бүгдийг нь авах боломжгүй болсон юм. Ургасан тарианыхаа дөнгөж 20 хувийг хурааж аваад дараа жилийнхээ үрэнд нөөцлөөд үлдсэнийг нь орхисон доо.

-Тухайн үед их л хэцүү байсан байх даа?

-Ер газар тариалангийн ажлыг цаг хугацаатай уралдаж, уйгагүй хөдөлмөрлөж байж хийдэг. Тухайн үед өөрийн хариуцлагагүйгээс биш, хэдхэн хоногийн хугацаа алдсан асуудлаас болж жилийн хөдөлмөрийн үр шим маань тасалдсан ч би урам хугараагүй. Дараа жил нь Арсай дахь газар тариалангийн ажилдаа ханцуй шамлан орсон юм. Аливаа ажлыг тууштай хийх нь чухал гэдгийг өөрийн биеэр харуулсан гэж боддог. Шантралтгүй зүтгэсэн 28 жилийг маань улс үнэлж “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртээсэнд баярлаж явдаг.

-“Улсын аварга тариаланч” хэмээх алдрыг хүссэн хүн бүр хүртэхгүй байх?

-Газар тариалангийн салбар бол тэсвэр тэвчээр, ур чадвар, хөдөлмөр зүтгэл гээд хүнээс маш олон зүйлийг шаарддаг. Нэг л хариуцлага алдаж, ажлаас хойш суувал тэр жилийн ажлаа үгүй хийх эрсдэлтэй. Ер нь аливаа ажил, үйлдвэрлэл явуулахад шулуун дардан зам гэж ховор. Унахад амар ч, босоход амаргүй байдаг. Миний хувьд энэ олон жилийн туршид барагтай бол ажлаас хойш суухгүйгээр ажиллахдаа амьдрал ахуйгаа өөд нь татахаас эхлээд эргэн тойрныхоо хүмүүсийг дэмжих туслахад хувь нэмрээ оруулж ирсэн.

2005 оноос хойш Улаангом сумын 1-р багаас буюу Чандманиас “Монгол Улсын аварга тариаланч”-аар 8 хүн шагнуулсан байдаг. Би “Аймгийн хошой аварга тариаланч” болж, улмаар 2011 онд “Улсын аварга тариаланч”-аар шалгаран, их л баярлаж байсан маань саяхан юм шиг санагддаг. Хүн ер нь хийсэн ажил, хэлэх үгтэй байна гэдэг нь хүн болсны утга учир юм шүү. Үр хойч, түмэн олондоо дурсагдах гавьяагаа өөрөө бүтээсэн маань миний хувьд бахархалтай санагддаг. Иймээс залуучуудад зорьсон ажлаа шантрахгүйгээр тууштай, тэмүүлэлтэй, зогсолтгүй хийхийг үргэлж захиж явдаг даа.

-Танд баярлалаа.

МОНЦАМЭ Б.БАТХҮҮ

Shares

Холбоотой мэдээ