Баянхонгор: ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-02-25 179 0

Баянхонгор аймгийн Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт хийсэн оролцооны хяналт шинжилгээ үнэлгээний тайланг танилцуулах, мэдээлэл хүргэх, зөвлөлдөх уулзалт боллоо.

Оролцогч талуудад мэдээлэл хүргэх анхны зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 14-ны 16 Zoom платформыг ашиглан зохион байгуулж байсан. Жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт хийсэн оролцооны хяналт шинжилгээний үнэлгээ тайлан, дүгнэлт, бодлогын зөвлөмжийг танилцуулах, зөвлөлдөх уулзалтад оролцогчидын байр суурь, санал бодлыг сонсох ОХШҮ-ний тайлан, бодлогын зөвлөмжид тусгах зорилго бүхий хоёр дахь зөвлөлдөх уулзалтыг аймгийн ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээний хурлын танхимд зохион байгууллаа.

Тус зөвлөлдөх уулзалтад аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Тамгын газрын дарга М.Өнөржаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов, ГХУСАЗСЗ дарга Ж.Наранбаатар, Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга Ц.Насанбаяр, Аймгийн цагдаагийн газрын Б.Оюутболд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр болон Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, иргэд, зарим сургууль соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй амжилттай болж өнгөрлөө.

Жендэрийн Үндэсний Хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран, Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ОНЖДХ-т ОХШҮ хийх хийх багийн зохицуулагч Ж.Дуламсүрэн, Мэдээлэл харилцааны багийн ахлагч Ж.Дулмаа нар хэрэгжүүлсэн ажлын талаарх танилцуулга мэдээллийг уулзалтад оролцогчдод өгсөн юм.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: Жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх, Жендэрийн мэдрэмжтэй, тэгш байдлыг хангасан үйл ажиллагаануудыг явуулахад онцгой анхаарах шаардлага байна. Тухайлбал манай аймагт Монголын эрчүүдийн холбооны салбар зөвлөл байгуулагдаад 10 гаруй жил болсон хэдий ч бодит үр дүнтэй ажил хийгээгүй өдий хүрсэн. Төр, иргэний нийгмийн байгууллагуудаас зохион явуулдаг сургалт сурталчилгаа хангалттай явагддаг хэдий ч сургалтууд нь давхацдаг, нийгмийн идэвхтэй хэсгийн хэдэн хүн дахин давтан оролцдог байдлыг өөрчлөх. Төр, иргэний нийгмийн байгууллагууд аливаа асуудалд Жендэрийн мэдрэмжтэй хандаж зохион явуулж байгаа ажлууд нь аймгийн бодлоготой уялдсан, бодитой, үр дүн өгөхүйц ажлыг төрийн зүгээс дэмжиж хамтран ажиллахад бэлэн.

Баянхонгор аймаг нь Авилгагүй-Шударга төр, Архигүй-Эрүүл өрх, Ажилтай-Орлоготой иргэн гэсэн бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Төрийн бус байгууллагууд төрийн бодлоготой нягт уялдсан, төрийн ачаанаас үүрэлцсэн бодитой ажлууд олныг санаачлах. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагууд алслагдсан, зорилтод сумдыг хариуцан авч тэр суманд тулгамдсан ямар асуудлууд байгааг судлан гаргаж, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг өрнүүлэх ажлыг төрийн зүгээс илүүтэй дэмжиж, хамтран ажиллах боломжтой. Жендэрийн дэд хөтөлбөрт төслийн багийн зүгээс хийсэн Олон нийтийн хяналт шинжилгээ, үнэлгээ бидний цаашдын үйл ажиллагаанд эерэг үр дүн үзүүлэхээр болсныг талархан хүлээн авч байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Засаг дарга хэлсэн үгэндээ архидалт дан ганц эрчүүд ч биш эмэгтэйчүүдийн дунд байгааг онцолсон. Манай аймаг “Аз жаргалтай амьдрал төв”-ийг байгуулснаар Эрэгтэй, эмэгтэй олон хүнийг архи хэмээх аюултай идээнээс холдуулж, олон гэр бүлд аз жаргалтай амьдрал бэлэглэсэн маш үр дүнтэй ажил болсныг тодосгоод цаашид эрчүүдийн талаар баримтлах төрийн бодлогыг эрс сайжруулж ажиллах санаагаа ч засаг дарга илэрхийлээд авсан юм.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон БОАЖГ-ын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Содномсамдан, аймгийн Жендэрийн салбар хорооны мэргэжилтэн В.Наранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга М.Өнөржаргал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр, аймгийн ЗДТГ-ын төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Б.Нямдулам, Баянхонгор сумын ЗДТГ-ын дарга Ц.Насанбаяр, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, Эрдэм сургуулийн нийгмийн ажилтан А. Өлзийсайхан нар бодлогын зөвлөмжид тусгагдахаар олон үнэтэй саналуудыг гаргалаа. Дээрх хүмүүсийн саналуудыг нэгтгэн эрэмбэлж бодлогын зөвлөмжид тусгаж хоёр хоногийн дараа аймгийн засаг дарга Д.Мөнхсайханд гардуулж өгөхөөр төлөвлөлөө.

Мөн аймгийн засаг дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, тус уулзалтад оролцсон төрийн болон ТББ-ын удирдлагууд, иргэд Жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх мэдээллийг илүүтэй авсны зэрэгцээ Жендэрийн хандлагыг өөрчилсөн, гэр бүлд өөрчлөлт, аз жаргал авчирсан загвар сум бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд илүү анхаарлаа хандуулах шийдвэрч гарлаа. Тус уулзалтын явцаас харж байхад төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, хөгжүүлэхэд анхаарч, тэдэнд төрийн зүгээс итгэх итгэл нэмэгдсэн нь харагдаж байв. Төслийн багуудын зүгээс зохион байгуулсан хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт ийнхүү амжилттай өндөрлөв.

Холбоотой мэдээ