ТЭВЧЭЭР ХАТУУЖЛЫН ШАЛГУУР БОЛСОН УТСАН НААМАЛ

2020-11-30 415 0

Социализмын үед сумын соёлын өдрүүд хэмээх арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулдаг байв. Үүгээр алслагдмал нутагт малын ая даган амьдарч буй ардын авьяастнуудыг нээн илрүүлж, аймаг орон нутагтаа алдаршуулдаг, эндээс өнөөгийн язгуур урлагийн зарим мастерууд, өв тээгчид тодрон гарсан байх нь бий. Энэхүү ажил 1980-аад оны дунд үеэс бүрэн зогсч нийгэм, эдийн засгийн шилжилтийн жилүүдэд монголчууд тэдгээр авьяастнуудаа мартаж, тэд ч амь, амьдралаа хөөн бүдгэрэхэд хүрсэн билээ.

Баянхонгор аймаг 2017 оноос эхлэн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу уг арга хэмжээг сэргээн орчин цагт нь нийцүүлж зохион явуулахаар болжээ. Энэ хүрээнд өнгөрсөн онд Баянхонгор хотноо Бөмбөгөр сумын соёлын өдөрлөг болов. Малын бэлчээр, малчны хотонд нуугадсан олон авьяастан үүгээр дамжуулан өөрийн бүтээл, авьяасаа олонд хүргэсэн юм. Тэдний нэг нь Баянжаргалын Дашгомбо.

Б.Дашгомбо утсан наамал хийдэг. Сум сурталчлах өдөрлөгт тэрээр өөрийн 50 гаруй бүтээлээ дэлгэн тавьсан байв. Эхлээд харахад энгийн хатгамал эсвэл зээгт наамал мэт харагдах түүний бүтээлүүдэд ямар их хүч хөдөлмөр орсныг, мөн Баянхонгор аймагтаа энэ төрлийн ганц өв тээгч болохыг хожим мэдсэн юм. Тиймээс түүнтэй уулзаж, бүтээл, түүнийг хийх арга технологи зэргийг сурвалжлах хүсэлтээ өнгөрсөн онд тавьснаар сая биелэлээ олж, утсан наамлын талаарх энэхүү сурвалжлага бүтэв.

ХУДАГТ УНАСАН ЯРГУЙГААС БҮТЭЭЛИЙН САНАА ТӨРЖЭЭ
Өдгөө 66 настай Б.Дашгомбо 1999 оны хавар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Хоолойн худаг хэмээх газар амьдарч байв. Нэг өдөр худгаас ус авах гээд очтол усанд яргуй унасан байв гэнэ. Үзэгдэх байдал тун сайхан санагдсан тул яргуйг өвөртлөн гэртээ ирээд ширээн дээр орхижээ. Үд дунд, мөнөөх яргуйг санаад хартал норсон дэлбээн дээр нэг утас унан наалдаж хатсаныг харж, эндээс түүний бүтээл хийх санаа төржээ.

Энэ үеэс Б.Дашгомбо утсан наамалтай амьдралаа холбож 2016 оны долоон сар хүртэл нийтдээ 300 гаруй утсан наамал хийжээ.

ШИРХЭГ БҮРЭЭР НААЖ БҮТЭХ УТСАН НААМАЛ
Монголын уламжлалт гар урлал, тэр дундаа наамал урлал олон төрөл. Зээгт наамал, Алтан харганан наамал, Хачиг, шалзан наамал, Сүрлэн наамал, Өдөн наамал, Үйсэн наамал гээд олон төрөл байх боловч Б.Дашгомбын наамал нарийн чимхлүүр ажил ихтэй.

Тэрээр эхлээд бэлтгэсэн хавтан дээр өөрийн хийх гэж буй бүтээлийн хар зургийг гаргадаг. Үүний дараа өнгөний сонголтоо хийж, утсаа сонгоно. Бүтээлийн онцлогоос хамаарч саатай, даавуун, мяндсан гээд олон төрлийн утас хэрэглэнэ. Энэ бүгдийг бүрдүүлсний дараа их ажил эхэлнэ. Хар зургийн дагуу хэсэг хэсгээр цавуугаа түрхэж, ширхэг ширхгээр утсаа нааж эхэлнэ. Энэ нь ижил төрлийн бүтээлээс ялгарах гол онцлог юм. Утсаар наамал хийдэг урлагчид Монголд цөөн тоогоор, Япон улсад мөн байдаг тухай Б.Дашгомбо олж мэджээ. Гэхдээ тэдгээр урлагчид утсыг багц багцаар наадгаараа түүнийхээс ялгаатай гэнэ. Тийм ч учраас сайн бүтээл хийхэд их хугацаа зарцуулах нь мэдээж.
Б.Дашгомбын бүтээлийн сор нь бурханч лам Пүрэвбатын бүтээсэн Чингис бурхны хөрөг юм. Уг бүтээлийг хийхэд гурван жил найман сар найм хоногийг зарцуулжээ. 1,2м*1,9м хэмжээтэй энэхүү сүрлэг бүтээлийг ташуу, дугуй, тэгш өнцөг үүсгэн өнгө будгийн нарийн уусгалтайгаар наан урлажээ. Хар, цагаан туг, хааны сахал зэргийг хөдөлж байхаар бодож хийсэн нь нэн сонирхолтой. Чухам хичнээн метр, хэдэн төрлийн утас ашигласныг Б.Дашгомбо ер тооцоогүй юм билээ.

2015 онд өөрийн энэхүү арга технологийг Монгол Улсын оюуны өмчийн газар бүртгүүлэх хүсэлтээ өгчээ. Хоёр жилийн хугацаанд тус газар судалж үзээд хариуг өгөх ёстой боловч тэрээр одоогоор Оюуны өмчийн газраас ямар нэг хариу аваагүй байна.

Түүний бүтээлийн гол сэдэв нь Монголын эртний хаадын хөрөг, тэдний сургаал, номлол. Тухайлбал, нэг жил найман сарын хугацаанд сууж хийсэн Монголын 37 хааны хөрөг, 26 нүүр бүхий Дэвжин дээшлэхийн бэлгэдэл Галын тахилгын судар зэргийг энд дурдаж болно.

ЧИНГИС БУРХНЫ НААМАЛ Б.ДАШГОМБЫН ҮНЭЛГЭЭГЭЭР 31 САЯ ТӨГРӨГ

Б.Дашгомбо 17 жил утсан наамал хийж, хол ойрын хүнд багагүй танигдсан. Танигдахын хэрээр бүтээлүүд өөрийн гэсэн үнэлэмжтэй болж, үр өгөөжөө өгөх болжээ. Тэрээр А4-ийн хэмжээтэй утсан наамлыг 36 мянган төгрөгөөр борлуулдаг байна. 2010 оны үед нутгийн хүмүүс чонын наамлыг ихээр хийлгэж байсан гэнэ. Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд гадны зочид, төлөөлөгчид ирэхэд түүний бүтээлээс авч бэлэглэдэг.

Сайны хажуугаар саар бас бий. Түүний анхлан бүтээсэн Монголын 37 хаадын хөргийг Өвөрхангай аймгийн худалдаачин Хархорины хийдэд борлуулж өгнө гэж авч яваад сураггүй болжээ. Тиймээс тэрээр сэтгэл, оюунаа шингээн урласан бүтээлээ арилжаалахдаа хаанахын ямар хүнд өгөхөө ихэд анхаардаг байна.
Б.Дашгомбын “Чингис бурхан” эзэндээ олон үзэсгэлэн, уралдаанаас шилдэг гэсэн нэр алдрыг авчирсан. Монголын Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, зөвлөх С.Юндэнбат зэрэг мэргэжлийн байгууллагын эрхмүүд ч эл бүтээлийг үнэлсэн тухай тэрээр ярьж байв. Тэрээр бүтээл бүтсэн хугацаа, гар ажиллагаа, ур хийц зэргийг тооцож 31 сая төгрөг гэсэн үнэлгээг гаргасан байна. Харин зүү ороож урласан хөөрөгний даалин 10 сая төгрөгөөр худалдаалагдаж байхыг нүдээр үзсэн бичигч миний хувьд түүний бүтээл илүү үнэтэй байх боломжтой санагдав.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт үзэсгэлэнгээ гаргасны дараа уг бүтээлийг худалдан авах санал иржээ. Хэрэв гадагш зарвал цааш дамлагдаж, эргээд Б.Дашгомбын бүтээл гэж үр хүүхдүүдэд дурсагдах зүйлгүй болно гэснээр уг саналаас татгалзжээ. Харин Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Чингис бурхны утсан наамлыг аймгийн сан хөмрөгт худалдан авч, аймгийн угсаатны зүйн музейд байршуулах саналыг түүнд тавьсныг тэрээр таатай хүлээн авчээ.

УТСАН НААМАЛ ТЭВЧЭЭР, ХАТУУЖЛЫГ ХҮНД СУУЛГАДАГ

Б.Дашгомбын наамлын арга нарийн чимхлүүр. Үзэсгэлэн, арга хэмжээний үеэр түүнд шавь ороё гэсэн хүсэлтүүд олноор ирдэг ч арга технологитой танилцаж анхны даалгавраа аваад л шантарч, сураг алдардаг байна. А4-ийн хэмжээтэй наамлыг хийхэд найман хоног зарцуулна. Энэ найман хоногт хооллож, бие засахаас бусад үед яс суух хэрэгтэй. Хувь хүнээс асар их тэвчээр, сахилга бат шаарддаг тул Б.Дашгомбын шавь нар замын дундаас алга болчихдог. Харин алга бололгүй бүрэн эзэмшсэн шавь нар нь түүний хүүхдүүд. Тэрээр зургаан хүүхдэдээ өөрийн утсан наамлын арга, технологийг өвлүүлжээ. Дунд охин Д.Отгондэлгэр дизайнерын мэргэжил эзэмшсэн явдал аавд нь найдлага төрүүлж байгаа. Гэвч маш олон хүн техник, технологи хөгжсөн өнөө үед утсан наамал хийх нь утгагүй зүйл гэж үзэх болсон нь Б.Дашгомбын төдийгүй, утсан наамлын хувьд тааруухан мэдээ юм.

Түүний хэлж байгаагаар утсан наамлыг эзэмших явцад хүүхэд сууж сурдаг. Оюун бодлоо төвлөрүүлж,аливаад нухацтай ханддаг. Сууж сурсан хүн сурч мэддэг. Ажил, амьдралдаа хариуцлагатай болж, өөрийн хийх ёстой зүйлээ цаг тухайд нь чанартай хийх дадал эзэмшдэг гэнэ.

Тийм ч учраас 30 минутаас цааш суудаггүй, улмаар бүтэн бүтээл хийдэггүй шавь нараараа төлөөлүүлж залуу үеийнхэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа бидэнтэй уулзах үеэрээ Б.Дашгомбо илэрхийллээ.

2016 оноос хойш Б.Дашгомбо бүтээл хийгээгүй нь түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой аж. Гар салганах, хараа бүрэлзэх зэрэг бүтээл хийхэд хүндрэл дагуулах болжээ.

Хэрэв утсан наамал монголчууд, тэр дундаа баянхонгорчуудын уламжлалт гар урлалын нэг чухал хэлбэр мөн гэж үзвэл үүнийг Б.Дашгомбоор дамжуулан өвлүүлэн үлдээж, ЕБС-ийн сургалтад ч нэмэхэд буруудахгүй юм даа гэснээр бидний уулзалт өндөрлөв.

Холбоотой мэдээ