92 насандаа 51 дэх номоо хэвлүүлж буй УГЗ.Д.Жамъян

2021-03-08 124 0

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 108 жил, МАН байуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Д.Жамъян гуайд УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын СГЗ Дагвын Жамъян 1929 оны 6 дугаар сарын 18-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Эцэг, эхээс 10-уулаа бөгөөд ганцхан Жамъян гуай л сургуульд сурч боловсрол эзэмшсэн гэдэг. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Батлут хүндэтгэл үзүүлж гэрт нь зочлох үеэр өөрийнхөө туурвисан уран бүтээл, дууны шүлэг, яруу найраг, анхны шүлгийн номын тухай болон эрхэлж байсан ажил, амьдралд нь тохиолдож байсан онцгой үеүдийг дурсан ярьсан юм.

Тэрээр хэлэхдээ би 6 дугаар сарын 18-нд төрсөн, 9 настай байхдаа Ардын бага сургуульд элсэн орсон өдөр нь 6 дугаар сарын 18, Дотоод явдлын яамны сайд генерал, Дүйхэржавын 108 тоот тушаалаар ажилд орсон нь 6 дугаар сарын 18 байсан, сэтгүүлчээр ажиллаж байхдаа Ховд аймагт 6 дугаар сарын 18-нд онгоцны осолд орсон, 60 насандаа “Үнэн” сониноос тэтгэвэрт гарахад мөн л 6 дугаар сарын 18 байсан гээд амьдралын өөрчлөлт, шинэчлэлт болгон нь энэ өдөртэй холбоотой байдаг талаараа хуучилсан юм.

Өдгөө 92 настай Дагвын Жамъян гуай нийт 1500 гаруй өгүүлэл, найруулал, 50 гаруй ном бичсэн байна. Одоо 51 дэх ном буюу 100 гаруй шүлэгтэй “Дуулж яваарай” номоо хэвлүүлэхэд бэлэн болжээ. Тэрээр “Үнэн” сонинд 1954-1989 онд хүртэл ажилласан бөгөөд МАН-ын ууган гишүүн юм. Түүнд УИХ-ын гишүүн, Орхон аймгийн МАН-ын дарга Д.Батлут Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 108 жилийг ойг тохиолдуулан гарын бэлэг, МАН байгуулагдсан 100 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн ойн медаль гардууллаа.

Д.Жамъян гуай 12 настай байхдаа Монголын Залуучуудын Үнэн сонинд эх орны тухай шүлгээ нийтлүүлж, 6-р ангидаа яруу найргийн “Нахиа” номоо анх хэвлүүлж байжээ. Цэргийн сургуулиа төгсөөд 20 насандаа Дотоод явдлын яам, дараа нь Нийгмийн аюулаас хамгаалах яам /НАХЯ/-нд бичээчээр ажиллаж байгаад МАН-ын төв хорооны шийдвэрээр Дорнод, Ховд, Увс аймагт “Үнэн” сонины тусгай сурвалжлагч, 1954 онд Улаанбаатар хотод “Үнэн” сонины редакцид сэтгүүлч, редактороор 35 жил ажилласан байна. Тэрээр 2019 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг 90 насандаа хүртэж байсан юм. Түүний хараа муудаж уран бүтээлээ туурвихад бэрхшээлтэй байгаа ч дууны шүлгийн номоо хэвлүүлэхээр бэлдэж байгаа гэлээ. Хүний хараа муудлаа ч тархи, ой санамж муудаагүй л бол шүлгээ бичсээр байх болно хэмээн тэрээр хуучилсан юм.

Б.Оюун-Эрдэнэ Монцамэ

Холбоотой мэдээ