ХАР ДАГУУЛСАН АЛТНЫ МӨРӨӨР

2020-11-30 519 0
Shares

Засгийн газраас хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэж, шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Энэ хүрээнд 2017 онд батлан гаргасан 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгох эсэхийг хэлэлцээд эхэлжээ.
Мөн өнгөрөгч долоо хоногт Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо/МБУНДХ/-нд гишүүнчлэлтэй бичил уурхай эрхлэгчид Улаанбаатар хотноо чуулжээ. Тэдний гол зорилго нь 151 дүгээр тогтоолыг хэвээр үлдээх, нөхөрлөлийн нэрэн доор хөлжиж буй “нинжа” нараас ялгарах гэнэ.

Энэ цаг үетэй зэрэгцэн бид Бөмбөгөр суман дахь бичил уурхайчдын нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Улсын хэмжээнд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо/МБУНДХ/-нд бүртгэлтэй 6500 бичил уурхайчин байдгийн 1000 гаруй нь Баянхонгор аймгийн 10 суманд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 500 нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахир хэмээх газар ажиллаж байгаа бол Бөмбөгөр суманд 250 гаруй бичил уурхайчин ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Үлдсэн цөөн нөхөрлөл найман суманд бий. Албан бус мэдээллээр Баянхонгор аймаг жилдээ хоёр тонн алт олборлодог гэсэн тоо байна. Үүний багагүй хэсгийг бичил уурхайчид олборолоно. 2018 оны жилийн эцэст гарсан тоогоор бичил уурхайчид аймгийн хэмжээнд 3-4 тэрбум төгрөгийн хөрөнгийн эргэлт бий болгожээ.

Эдийн засагт гэрэл тусч, иргэдийн амьжиргаа сайжирч байгаа ч хүний чанар, ёс суртахуун эсрэгээрээ хасах заах болов.БӨМБӨГӨРИЙН БУДЛИАН, БИЧИЛ УУРХАЙЧДЫН МАРГААН

Бөмбөгөр сум аймгийн төвөөс 100 километрийн зайд оршино. 2018 онд 2800 орчим байсан хүн ам энэ онд 3000-д хүрчээ. Энэхүү өсөлт нь шууд утгаараа алт дагасан амьдралтай холбоотой. Тус сумын томоохон дэлгүүрүүд өдөрт 700-гаас нэг сая төгрөгийн орлоготой байх бол зэргэлдээх сумдад дэлгүүрийн өдрийн орлого 300-600 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Алт дагасан амьдрал энэ сумын иргэдийн эдийн засгийн чадавхид эергээр нөлөөлжээ. Харин орлого нэмэгдэж, баялаг хумигдахын хэрээр энд дараагийн хүндрэл үүсч эхэллээ.

2017 оны есдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажилласан байдаг. Тэд тус суманд өрнөж буй уул уурхайн үйл ажиллагаа, тэр дундаа бага оврын трактор буюу унагалдай бүхий иргэдийн олборлолтыг нүдээр үзэж дуу алдаж байсан. Арга хэмжээ авч, учир зүйг нь олохоор нийслэлийг зорьсон хүмүүсээс сураг алдраад нэг жил өнгөрчээ. Харин Бөмбөгөрийн будлиан, бичил уурхайчдын маргаан арилаагүй байна.

Тус сум бичил уурхай эрхлэгчдийн цөм. Мөнөөх Засгийн газрын 151 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш Бөмбөгөр суманд нөхөрлөлүүд олон тоогоор байгуулагдсан. Гэвч хуулийн хүрээнд болон хуулиас гадуур гэсэн ялгаа зааг тус суманд бий болжээ. Сумын Засаг дарга Н.Мөнхжаргалын хэлж буйгаар сумын иргэдийн 80 орчим хувь нь уул уурхайтай шууд болон дам байдлаар холбоотой гэнэ. Шалтгаан нь ажлын байр хүртээмжгүй, малгүй, мэргэжилгүй гэх мэт. Тийм учраас сум, орон нутгийн удирдлагууд хууль бус олборлолттой тэмцэх, иргэдийнхээ амьжиргааны эсрэг зогсох зориг, зүрхгүй байгаагаа нуугаагүй юм. Нөгөө талдаа хууль бусаар олборлолт явуулж байна гэсэн гомдол гаргагчид өөрсдөө бичил уурхайчид байдаг аж.БӨМБӨГӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.МӨНХЖАРГАЛ:

Энэ онд танай суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хичээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ?

Манай суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зургаан ААН үйл ажиллагаа явуулж байна. Нэг уурхай нөхөн сэргээлтээ хийгээд дуусах шатандаа орсон. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ААН яг одоогоор байхгүй.

Танай сум бичил уурхайчид олонтой. Та бүхэн бүгдтэй нь хамтран ажиллаж байна уу?

Бичил уурхайн 37 нөхөрлөл бүртгэлтэй. Үүний 24 нөхөрлөлтэй гэрээ байгуулж ажиллаж байна. Нэг нөхөрлөлд дүгнэлттэй хоёр га талбайг олгож гэрээ байгуулаад гарцгаасан. Эдгээр нөхөрлөлүүд сум орон нутагтаа 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, манай сумын Хөх толгойн хоёрдугаар багт цахилгааны дэд станц барих ажилд зарцуулаад явж байна. Мөн Орон нутгийн хөгжлсийн санд арав гаруй, Нэмэлт санхүүжилтын дансанд арав гаруй сая төгрөгийг оруулсан.

Бусад гэрээлээгүй, хууль бус нөхөрлөл, хүмүүстэй яаж ажиллаж байна?

Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүс байгаа. Үгүйсгэхгүй. Сум, орон нутагтай гэрээ байгуулалгүй, дүгнэлтгүй газар үйл ажиллагаа явуулдаг. Эртнээс ингэж яваад сурчихсан. Хууль, хяналтын байгууллагад мэдэгдэж шалгуулаад, торгуулийн арга хэмжээ авахуулдаг ч ахиад гарчихдаг. Нөгөө талаар сум, орон нутагтай гэрээлсэн хэрнээ гэрээний заалтаа зөрчиж, өндөр хүчин чадалтай техник ашигласан тохиолдол ч бий. Холбогдох журамд зааснаар нэг нөхөрлөл 3500 м/кубээс илүүгүй багтаамжтай хоёр техник ашиглана гэсэн заалттай.

Сумын төвөөр явж байхад айлын хашаанд жижиг оврын тракторууд элбэг харагдаж байна. Сумын хэмжээнд хичнээн трактор байдаг вэ?

Трактор бүхий 80 орчим иргэн бий.

Нэгэнт хууль бус үйл ажиллагаа байгаа энэ тохиолдолд олборлолтын дараах нөхөн сэргээлт хийгддэг болов уу?

Хяналт, шалгалтын ажлыг маш эрчимтэй хийдэг. Хоёроос гурав хоногийн зайтай мэргэжлийн байгууллагууд дангаар болон хамтарсан шалгалтыг хийж байна. Сумын байгаль орчны байцаагч байнга явдаг. Гэхдээ амьдрал дээр үр дүн муу л байна.

Сумын Засаг дарга ийн ярилаа. 2017 онд 100 гаруй гэж яригдаж байсан тракторын тоо 80 болж буурчээ. Учир нь зарим нь эвдэрч элэгдсэн, нэг хэсэг хүн уул уурхайгаас татгалзсан гэх.Одоогийн байдлыг харгалзан үзэж нэг нөхөрлөлд хоёр трактор буюу “унагалдай” гэж тооцвол албан ёсны гэрээ хийж ажиллаж буй 24 нөхөрлөлийн 48 унагалдайтай гэсэн үг. Харин 30 гаруй унагалдай хуулиас гадуур, хүссэн газраа ухдаг болж таарлаа. Хэрэв хуулийн хүрээнд эдгээр унагалдай бүхий иргэд ажилласан бол сум, орон нутагт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломж байжээ. Харин эсрэгээрээ сумтай гэрээлээгүй 13 нөхөрлөлийн 30 гаруй унагалдай хамгийн багадаа хоёр га-гаар тооцвол 40 орчим га газрыг эвдэлсэн байх магадлалтай.
Энэ талаар тус сумын байгаль орчны улсын байцаагч Д. Мөнх-Очироос тодрууллаа.

БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН БАЙЦААГЧ Д.МӨНХ-ОЧИР:

Танай суманд хууль бусаар олборлолт явуулж байгаа хүнд оврын техниктэй “нинжа” байна гэдгийг зарим нөхөрлөлийн гишүүд хэлж байна. Засаг даргын мэдээллээс үзэхэд хууль бус үйл ажиллагаанаас болж байгаль орчинд халтай үйлдэл их гарсан байх магадлалтай. Энэ ямар учиртай вэ?

Энэ жил газар нойтон учраас гар аргаар олборлолт явуулдаг долоон нөхөрлөл ажиллаагүй. Харин Ламын гэгээний ой тохиосон учраас аймаг, сум тодорхой хэмжээний хандив авч зарим нөхөрлөлийг ажиллуулсан явдал бий. Тухайлбал, Мөнхбаяр, Мөнх-Эрдэнэ, Цогтоо, Анхаа зэрэг хүмүүсийн хариуцдаг таван нөхөрлөл ажиллахдаа дүгнэлттэй газраасаа өөр газар, хүчин чадлын хувьд хуульд зааснаас хэтэрсэн техникээр олборлолт явуулсан. Хяналт, шалгалтаар зөрчилд арга хэмжээ авч, холбогдох торгуулийг ногдуулсан. Энэ сарын 10-наас эхлэн түрүүчээсээ эдгээр газрууд нөхөн сэргээлтээ хийгээд буусан. Удахгүй бүгд үйл ажиллагагаа зогсооно.

2018 онтой харьцуулахад танай сумын эвдэрсэн газрын хэмжээ буурсан уу?

Өмнөх онтой харьцуулахад буурсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд нөхөн сэргээлтээ цаг хугацаанд нь төлөвлөгөөний дагуу хийсэн. Иргэдийн эвдэлсэн газруудын хэмжээ ч буурч байгаа. Энд нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, хувь нэмэр байгаа. Нөгөө талаар зарим газруудад үер бууж урсгал нь ухсан нүхийг дарсан зүйл ч бий гэлээ.

Байгаль орчны байцаагчийн ярианд дурдагдсан нэр бүхий хүмүүсийн удирддаг нөхөрлөлүүд сум, орон нутагтай гэрээлж ажиллаж буй нөхөрлөлүүдийн хардлагын гол бай бололтой.
“НАЙЗГҮЙ” НӨХӨРЛӨЛҮҮД

Бид Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг “Адаг задгай” хэмээх газар ажиллаж буй нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус газар “Баян Бөмбөгөр” ТТБ-д харъяалагдах нөхөрлөлүүд болон “Гүн овоотын хүрэм” нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна.
Өмнө энэ газарт олборлолт явуулаад техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байдаг. Эдүгээ дээрх бичил уурхайчид олборлолт явуулж байна.

Тэд өдрийн 12 цагаар дөрвөн метр хүртэлх гүнээс хоёр унагалдайгаар олборлолт явуулж байна. Есдүгээр сарын 14-ний байдлаар эхний нөхөн сэргээлтийг хийж сум, орон нутагтаа хүлээлгэж өгөхөөр зэхжээ. Нөхөрлөлийн гишүүдийн зарим нь техникээ гаргадаг бол зарим нь олборлолтын үйл ажиллагаанд гар бие оролцоно. Албан ёсны үйл ажиллагааг илтгэх хаягийг хадаж, газрын хэмжээг илтгэх гортиг татжээ. Ашиглаж буй техникт таних тэмдэг, зааварчилгааг наасан байв.
“Баян Бөмбөгөр” ТББ тус сумандаа хамгийн олон нөхөрлөлийг нэгтгэсэн байгууллага. 2008 онд байгуулагдсан уг ТББ-д бүртгэлтэй 25 нөхөрлөлийн 225 гишүүн байдаг аж. Тус ТББ-ын тэргүүн Ж.Саруул МБУНДХ-ны Баянхонгор аймаг дахь салбар холбооны гүйцэтгэх захирлын албыг хашдаг байна. Тус ТББ хандив тусламж, сайн дурын ажлыг хийхийн зэрэгцээ гишүүдээ уул уурхайгаас өөрөөр эрхлэх боломжийг олгож, мужаан, оёдлын цехийг ажиллуулах боломжоор 12 иргэнийг хангажээ.

Тэрбээр бичил уурхайчдын өмнө тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол хууль ёсны бичил уурхайчин болон хууль бус “нинжа” нарын ялгаа заагийг гаргах гэдгийг онцлоод, нөхөрлөлийн нэрээр хууль бусаар олборлолт явуулж буй хүмүүсийн буруугаас болж Баянхонгор аймгийн 1000 гаруй иргэний амьжиргаа 151 дүгээр тогтоолтой хамт алга болох вий гэдгээс айж байгаа аж.
“БАЯН БӨМБӨГӨР” ТББ-ЫН ТЭРГҮҮН Ж.САРУУЛ:

Та бичил уурхайчдын төлөө санаа зовж байна гэлээ. Та бүхэнд яг ямар бэрхшээл тулгараад байгаа юм бэ?

Бидэнтэй зэрэгцээд хууль бус, өндөр хүчин чадалтай техниктэй “Нинжа” олон байна. Тэд аль гайгүй гарна гэсэн газар бүрийг сэндийчдэг. Дээгүүрээ яриад асуудлыг шийддэг байх. Голын гольдрол руу хүртэл орж ухдаг. Тэдэнд нийгмийн хариуцлага гэсэн зүйл алга. Хяналт, шалгалтад өртөхгүй. Бид нарыг дуулаагүй байхад хамгийн түрүүнд хяналт, шалгалт ирэх гэж байгааг мэддэг. Мэдээлэлтэй байна. Шалгалтаар зөрчил нь илэрлээ ч торгуулийг нь төлчихөөд хамар даваагүй байхад л үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг. Тэдний хувьд торгуулийн 1,5 сая төгрөг асуудал биш.

Та бүхэн өөрсдөө хэр хариуцлагатай ажиллаж байна?

Бид 2008 онд Буйлсанд дөрвөн га, 2010 онд Өөхтөд хоёр га талбай, 2013 онд Өндөр толгойд хоёр га, Ногоон цавд нэг га, сумандаа нийт 10 гаруй га талбайг нөхөн сэргээж хүлээлгэж өгсөн. Энэ сарын 16-нд энэ онд Адаг задгайд ашигласан талбайнхаа нөхөн сэргээлтийг аймгийн МХГ-ын холбогдох мэргэжилтэн, сумын ИТХ-даа хүлээлгэж өгнө. Тэгэхгүй бол өмнөх нөхөн сэргээсэн табайд нөгөө техниктэй “нинжа” нар ороод сүйтгэсэн.

Та хууль бус хүмүүс, “нинжа” нарын тухай ярьж байна. Яг ямар хүмүүс байдаг талаар баримттай мэдээлэл байна уу?

Манай Бөмбөгөр сумын фэйсбүүкт нөхөрлөлийн нэрээр сумын нутаг дэвсгэрийг сүйтгэж байна гээд бодитоор тавьчихсан байгаа. Үүнээс илүү баримт гэж юу байхав гэлээ.

Дараагийн бичил уурхайчид болох “Гүн овоотын хүрэм” нөхөрлөл 12 гишүүнтэй. Зуны амралтаар оюутан залуус ажилладаг гэнэ. Тэднийг сарын 800 мянган төгрөгөөр цалинжуулжээ.
“ГҮН ОВООТЫН ХҮРЭМ” НӨХӨРЛӨЛИЙН ДАРГА Д.МӨНХБААТАР:

Бичил уурхайн чиглэлээр ажиллахад ямар бэрхшээл байна?

Бидний хувьд энэ нутаг усандаа төрж өссөн, малчин хүмүүс. Нутгийнхаа газар шороог хайрлах, хамгаалах сэтгэл бий. Нөхөрлөлийн маань тухайд ном журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулж, одоо нөхөн сэргээлтээ хийж байна. Гэтэл манай суманд хаанахын, ямар хүмүүс нь мэдэгдэхгүй уурхайнууд гарч ирдэг. Үүнийг болиулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ард иргэд биднийг хавтгайруулж ойлгоод байх тохиолдол их байна.

Нэг талбайд 5-6 нөхөрлөлийг гаргачихаар тракторууд нь багталцахгүй, хэцүү. Мөн зааж өгсөн газруудад олборлолт явагдчихсан байдаг учраас дан шалаам угаах хүндрэлтэй. Тэгэхээр өгсөн талбайдаа 20 орчим метр газрыг ч болтугай өгчихвөл бас хэрэгтэй санагддаг. Бид өдөрт дор хаяж 10 грамм алт олборлохгүй бол гаргаж байгаа зардлаа нөхөх боломжгүй гэв.

Бидэнтэй уулзсан эл эрхмүүд хууль бус орборлогчдын талаар шүүмжлэлтэй хандаж байгаа ч эзэн бие оноож, нэр ус хэлэхийг хүссэнгүй. Баттай баримт ч үзүүлсэнгүй. Учир нь Бөмбөгөр сум Монгол Улсын бусад 300 гаруй сумын нэгэн адил хүн ам цөөн. Бүгд төрөл садан, найз нөхөд, айл саахалт. Сумын Засаг даргын хэлсэнчлэн ихэнх иргэд уул уурхайтай холбоотой, алтаар амаа тостдог гэж үзвэл энэ байдал эцэстээ зовлон болж хардалт, сэрдэлтийг дээд цэгт хүргэсэн гэхэд болно. Гэхдээ л…
Энд сонирхуулах жишээ бий.

Аймгийн заан Л.Мөнхбаярын нөхөрлөл Бөмбөгөр сумын Адаг задгайн амны эх Хөх булагт эрүүл газар техникээ оруулж ирсэн тухай зарим нөхөрлөлийн гишүүд мэдээлж байв. Тэдний хэлж байгаагаар Л.Мөнхбаяр нь сумын Засаг даргын нөхрийн дүү. Мөн сумын байгаль орчны байцаагчийн эхнэрийн эгчийн хүүхэд гэнэ. Энэ байдал нь эрүүл газарт, том оврын техникээр олборлолт явуулах үндэслэл хэмээн бухимдаж байв. Харин 2019 оны 09 сарын 16-ны өдрийн Бөмбөгөр сумын ИТХ-ын хуралдаанд Л.Мөнхбаяр нь үйл ажиллагаа явуулаагүй. Техникээ тус газарт айлын гадаа парклаад, бууж байгаа гэсэн мэдээллийг хийсэн талаар сумын байгаль орчны улсын байцаагч Д.Мөнх-Очир утсаар хэлэв.

Өөр нэг жишээ. Мөнгө нийлүүлж унагалдай худалдаж авсан хадам хүргэн хоёр хоорондоо муудалцсанаасаа болж хадам ээж нь хүргэнээ хууль бусаар олборлолт явуулж байна хэмээн цагдаад барьж өгсөн тохиолдол ч гарч байжээ.

“МАЛГҮЙ” МАЛЧИД

Биднийг Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн нутаг, Адаг задгайд ажиллах үед малчин Г хоёр хүүхдийн хамтаар нөхөрлөлийн талбайд олборлолт явуулж байлаа. Эднийх Адаг задгайд нутгалдаг. 500 гаруй толгой бог малтай. Нэмэлт орлого олохоор ийнхүү хүний унагалдайг гуйн ажиллаж байгаа аж. Бидний уулзсан малчин азаар малтай. Азаар гэдэг нь малгүй малчин бичил уурхай дагаад олшрох болжээ.Бичил уурхай эрхлэхэд нэг бэрхшээл тулгарч байгаа нь “малчин” нэртэй шантаажчид гэдгийг “Баян Бөмбөгөр” ТББ-ын тэргүүн Ж.Саруул хэлж байна. Түүний хэлснээр зарим малчид тусгай хэрэгцээнд авч, дүгнэлт гарсан газарт бууж, өөрийн өвөлжөө, хаваржаа гэх зэргээр хамгаалсан дүр үзүүлдэг гэнэ. Бичил уурхайчдыг ажиллуулахгүй, хэрэв ажиллахаар бол мөнгө өг, эсвэл өөрсдөд нь олборлолт хийх боломж олгохыг шаарддаг аж. Үүний талаар өөр эх сурвалжаас тодруулахад малгүй атлаа малчин нэртэй уурхай даган нүүж, эсэргүүцэл тэмцэл хийдэг хэсэг бүлэг үүсчээ. Малын А дансанд хүний мал тоолуулах замаар бичилт хийлгэх бөгөөд тэд нөхөрлөлөөс нэг сая хүртэлх төгрөгийн шан авч тухайн газар хэл үггүй ажиллуулна. Хэрэг бүтсэний дараа хаашаа ч юм нүүгээд явчихна.

Гэтэл нөгөө талд жинхэнэ малчид хохирсоор байна. Бөмбөгөр сумын залуу малчин С.Бат-Оргил, түүний гэргий Х.Оюунбямба нар энэ зовлонг эдэлжээ. С.Бат-Оргилынх тус сумын нэгдүгээр багийн нутаг, Алаг толгой гэх газар зусдаг. Өнгөрсөн жил зусландаа буух гээд ирэхэд бэлчээрт нь олборлолт явуулж, мал идэх өвсгүй, халцгай газар болгожээ. Тэдний хэлж байгаагаар сумын төв дээрх унагалдайтай иргэд ийнхүү бэлчээрт олборлолт явуулсан байна. Өөр газарт нутаг сэлгэе гэхэд цаг хатуурч, зуд турхан болох үед хэн ч тэднийг хүлээж авахгүй.
Бөмбөгөр сумын бичил уурхайчдад ухах газар, олох мөнгө гэсэн хоёр хүчин зүйл голлож байна. Хэдийгээр алт дагаж ашиг орлого нэмэгдэж, амьдралын чанар сайжирч байгаа ч хүний чанар муудаж, нэгнээ гэх сэтгэл сөөм сөөмөөр үгүйрч байна. Өдрийн 40 мянган төгрөгийн цалинтай ажилд орох залуучууд энд алга. Иргэдээ соён гэгээрүүлэх, үүргийг сануулж, хариуцлагыг тооцох ёстой сумын удирдлага, эрх мэдэлтнүүд ашиг сонирхлын гинжинд хүлээтэй.

Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл бэлчээргүй болсон С.Бат-Оргил, Х.Оюунбямба нарын малчин залуус, тэдний үр хойч гүүн зэлэн дээр унагатай ноцолдох биш газар ухан унагалдайтай зууралдах хувь заяа хүлээж байна.

Shares

Холбоотой мэдээ