Владимир Путин: Манай вакцин АК-47 шиг найдвартай. Бид биш дэлхийн эрдэмтэд ингэж дүгнэлээ

2021-05-08 100 0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан өөрийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг алдарт Калашниковын автомат буутай адил “найдвартай” гэж магтжээ. Тэрбээр Пүрэв гарагт Оросын цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн ахлагч, шадар сайд Татьяна Голиковатай видео холбоогоор уулзахдаа ингэж хэлсэн байна.

“Манай эрдэмтдийн бүтээсэн Спутник V вакцин бол АК-47 автомат буу шиг найдвартай. Үүнийг бид биш, гадны эрдэмтэд хэлж байгаа. Миний бодлоор энэ нь тун оновчтой зүйрлэл” гэж Путин энэ үеэр ярьжээ.

Өмнө нь Австрийн анагаах ухааны мэргэжилтэн Спутник V вакцины дархлаажуулах чадварын талаар хэвлэлд ярихдаа ийм зүйрлэл хэлж байсныг Путин эш татсан бололтой.

Пүрэв гарагт ОХУ уг вакциныхаа ганц тунт хувилбар болох “Sputnik Light”-ийг албан ёсоор бүртгэж авсан юм.

79.4 хувийн дархлаажуулах чадвартай гэгдэж байгаа “Sputnik Light”-ийг зөвхөн экспортлох зорилгоор бүтээсэн гэнэ. Өөрөөр хэлбэл цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн улс орнуудад коронавирусийн тархалтыг богино хугацаанд таслан зогсоох зорилгоор ашиглахад тохиромжтой ажээ.

“Sputnik Light” вакциныг бас бусад вакцины хоёр дахь тун болгон ашиглах боломжтой тухай төслийг санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

news.mn

Холбоотой мэдээ