Л.Оюун-эрдэнэ: УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж вакциныг саатуулсан

2021-05-10 310 0

Тэрбээр энэ үеэр “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцадгаад яахав гэж бодож би тухайн үед дуугүй л явсан. Энэ дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Мөн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас өнөөдөр хэлчих нь зүйтэй байх.

Би энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. Улсын Их Хурлын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, гаалиар ийм бараа орж ирэх, ирэхгүйг шийддэг. Эсвэл хэн нэгэн хүн хууль хяналтын байгууллагатай холбогдож, Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд нийцэхгүй. Миний хувьд ч гэсэн маш их хүндэлдэг хүн. Бид хоёр “JCI” байгууллагын гишүүн. Миний хувьд маш их хүндэлдэг хүмүүсийн маань нэг. Гэтэл маш их харамсмаар үйлдлийг тэр хүн болон тэр хүний гэр бүлийн зүгээс гаргасан. Би үүнд маш их харамсч байна. Цаашдаа ч гэсэн ийм үйлдэл гарвал хэлээд явах нь зүйтэй гэж бодож байна.

Яагаад гэхээр энэ Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал тоглоом биш. Цар тахал бол хамрын ханиад юм гэж ярьсан хүмүүс өнөөдөр ямар хариуцлага хүлээж байгаа юм бэ.Вакцин тариулж болохгүй гэсэн хүмүүс ямар хариуцлага хүлээж байгаа юм бэ. Нэг ширхэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач болооч. Бидэнд харамсалтай нь өөр сонголт алга. Бид энэ үед хатуу байхаас өөр гарц алга.Ялангуяа Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд тангараг өргөсөн төрийн түшээд хариуцлагатай хандах нь зүй ёсны асуудал. Бид эрх ярьж болно. Эрх мэдлийн нөгөө тал нь үүрэг хариуцлага байдаг” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ