Сурагчид хоёр жил сургууль ч үгүй, утастай л нөхөрлөж байгаад шалгалтгүй анги дэвшиж байна

2021-05-11 183 0

Цар тахлын улмаас хамгийн их хохирол амсаж буй бүлэг бол оюутан, сурагчид юм. Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар боловсролын салбарыг “нэрвэж”, мэдлэг, мэдээлэл, хүмүүжил, төлөвшил эзэмшихээр зорьж буй хүүхэд, залуучуудыг багагүй хугацаанд “нидэрлээ”.

Хүүхдүүд хоёр жил орчмын хугацаанд хичээл, сургуулиасаа хөндийрч, утас зурагттай нөхөрлөв.

Сурагчид хоёр жил сурсан мэдлэг, шүүлгэсэн шалтгалтгүй анги дэвшиж байна

Манай улс танхимын сургалтыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс зогсоож, зайнаас хичээллэсээр уртын амралттай золгосон.

Харин энэ хичээлийн жилийн эхний хэдэн долоо хоног танхимаар хичээллэсэн ч тухайн улирлаа дуусгалгүй дахин хөл хорионд орж, теле хичээлд шилжсэн юм. Үүнээс хойш нийслэлд танхимын сургалтыг нээгээгүй бол орон нутагт өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэвч сар хүрэхгүй хугацаанд зарим аймаг, сумдад халдвар тархаж, дахин хөл хорио тогтоосон. Тиймээс мөн л сурагчид зурагт, утас харж, хичээллэхээс өөр аргагүйд хүрэв.

Ийнхүү энэ жил ч мөн дээрх байдал давтагдаж, хүүхдүүд хоёр жил сурсан мэдлэггүй анги дэвшиж байна.

Энэ хичээлийн жилийн зуны амралтын хугацааг наашлуулах шийдвэрийг өчигдөр БШУЯ-наас мэдээлсэн. Улмаар 1-3 дугаар ангийн сурагчдыг тавдугаар сарын 07-ны өдөр хичээллүүлээд амраах болсон бол 4-12 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 14-ний баасан гарагт хичээллээд амраахаар болжээ. Түүнчлэн улсын болон анги дэвших шалгалт авахгүй ч танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэн багш нар дүн гаргахаар шийдвэрлэсэн байна.

Үр дүнгүй цахим боловсрол цаашдаа ч үргэлжлэх эрсдэлтэй

Цахим хичээл үр дүн муутай байгаа талаар жил гаруй хугацаанд хэн бүхэн хэлэлцэж, хэвлэл бүхэн мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт гарахгүй байсаар 2021 оны хичээлийн жилийн зуны амралт эхэллээ.

Энэ оны 12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор 1435 цэцэрлэг, 834 ерөнхий боловсролын сургууль, 93 их дээд сургуулийн:

цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд,
ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч,
их дээд сургууль, коллежийн 148,4 мянган оюутан зайны сургалтад хамрагдаж байна.
Гэхдээ цахим болон теле хичээл боловсролын хүртээмжтэй байдлыг хангаж, дорвиотой мэдлэг олгож чадахгүй байна. Энэ талаарх судалгааг Бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвслээс гаргажээ. Уг судалгаагаар, малчин өрхийн хүүхдүүдийн 67.2 хувь нь зурагт, станц, кабельгүй, цаг зав гардаггүй зэрэг шалтгааны улмаас зурагт огт үздэггүй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн интернетэд холбогдоогүй айл ч цөөнгүй байдаг аж. Тиймээс цахим боловсролоос завсардаж буй хүүхэд цөөнгүй бий.

Гэхдээ ирэх оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас эхлүүлж, сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах тал дээр анхаарч ажиллахаа холбогдох яамнаас мэдээлээд буй юм. Гэвч тэрнээс өмнө цар тахлын дэгдэлтийн хумьж, танхимын сургалтын эхлүүлэх боломжтой бүрдэнэ гэж итгэхэд бэрх.

Учир нь одоогоор Pfizer-BioNTech компанийн боловсруулсан вакцин л өсвөр насныханд Ковид19 халдварын эсрэг дархлаа тогтоож байгаа юм. Бусан вакциныг хүүхдэд хэрэглэж болох эсэхийг судалж байгаа ч үр дүн нь хэзээ гарах нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн одоогоор Pfizer вакцинаар зөвхөн өсвөр насны хүүхдүүдийг л дархлаажуулах боломжтой болох нь тогтоогдсон. Харин зургаан сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлээд буй юм. Уг туршилтын үр дүн нь 2021 оны эцсээр гарах төлөвтэй байгаа аж.

Тиймээс ирэх намраас өмнө хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах боломж хязгаарлагдмал учир намар танхимаар хичээллэж, хоцрогдлыг арилгана гэж төлөвлөх нь жил дамнан давтсан алдаагаа ахиж гаргах эрсдэл бий болгож болзошгүй юм.

“Боловсролын салбарын амссан хохирол 5-8 жилийн дараа мэдрэгдэнэ”

Хоёр жил гаруй хугацаанд боловсролын салбар “гацалтад” орсон олон сөрөг үр дагавартай. Үүний хор уршиг хэсэг хугацааны дараа мэдрэгдэж, эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаарх судалгаа гарсан байна.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр дурджээ. Тэрбээр “Ковид19 халдварын улмаас Монголын боловсролын салбар ямар хэмжээний хохирол амссан нь 5-8 жилийн дараа бодитойгоор мэдрэгдэж эхэлнэ. Манай улс 12 жилийн хичээлийн жилийн тогтолцоотой улс. Гэтэл 1,5-2 жилийн хичээлийн жилийг бүтэн алдсан. Үүний улмаас монголын эдийн засаг 5-8 жилийн дараа хоёр тэрбум доллартой тэнцэх хэмжээний алдагдал хүлээнэ гэх судалгааг Дэлхийн Банкнаас судалсан юм билээ” гэжээ.

Холбоотой мэдээ