МУГЖ Н.Чулуунхүү “100 наслаарай ээж ээ”, “Ээжтэйгээ өтлөх” сайхан дууг зохион дуулсан. Үгийн хүч, ая дууны айзам гэж айхтар энергитэй байдаг бололтой. Үнэхээр ингэж ерөөн хүсэж дуулсанчлан МУГЖ Н.Чулуунхүү гуайн ээж нь 100 насыг зооглоод, хоёр гуравхан жилийн өмнө бу рханы орныг зорьсон билээ.
МУГЖ Н.Чулуунхүү гуай Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул тэрбээр Галуутайн голын урд талд орших “Худгийн” ам гэх газар мэндэлсэн. Дунд сургуульд байхын дуулах авьяастай жаахан хүү цангинасан хоолойгоор “Цомбон туурайтай хүрэн” нэртэй уртын дуу дуулдаг, сургуулийн концерт, сум, аймгийн чанартай урлагийн үзлэгт байнга түрүүлдэг байсан гэдэг.
Бага, дунд сургуулиа төгсөөд, 1964 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж, малын эмч мэргэжлээр суралцаж эхэлсэн ч хоёр сарын дараа цэргийн албанд морджээ.
Тэрбээр бүхий л амьдралаа цэргийн тангарагтаа үнэнч, цэрэг эрсийн тухай дуун дунд өнгөрүүлсэн түүхтэй. Дуулж явсаар хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Б.Шарав, С.Билэгжаргал, Л.Мөрдорж нартай дотно найзууд болж, ая зохиож эхэлжээ.
Хамгийн анх ая хийсэн шүлэг нь “Настан буурал эмээ” хэмээх олонд түгсэн, одоо ч дуулагддаг мөнхийн настай дуу юм.
Мөн тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Насны хань”, Б.Дашзэгвийн “Ай даа, хүмүүс минь амьдрах сайхан” зэрэг дуунд дуртай бүхний аялж явдаг олон зуун дуунд ая зохион, дуулж амилуулсан байна. Тэрчлэн “Цэргийн харуул”, “Морьт суман”, “Цэргийн вальс” зэрэг цэрэг, эх орны сэдэвтэй 70-аад дуу “төрүүлжээ”. “Эр хоёр загал”, “Соёолонгийн тоос”-оос эхлээд түүний олон дуу адуу, морины сэдэвтэй, ард түмний дунд хит болон мөнхөрсөн олон дуутай эрхэм хүн байсан билээ.
Саяхан Монгол түмний хайртай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Нанзадын Чулуунхүү таалал төгсжээ гэсэн мэдээ дуунд дуртай монголчуудад у й га шуу, хар амсал төрүүлсэн. МУГЖ Н.Чулуунхүү хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба kopoнaвиpycийн улмаас бур ханы орныг зорьсон гэж ярьж байна.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.