Түвшинбаяр, Дөлгөөн нарын хүүхдээ харуулаад хохирсон “Happy flowers” ХХК буруудаж 472 сая төгрөгний торгуульд унажээ

2021-05-11 412 0

ТВ-н хөтлөгч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын “Happy Flowers” хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийн талаар хийсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан билээ. Эргэн сануулбал, тэд “Happy Flowers” төвийн асрагчаар хүүхдээ харуулсны улмаас хүүхэд нь эрүүгээрээ унаж, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан хэмээн өнгөрсөн оны аравдугаар сард мэдэгдсэн. Мөн тэд “манай гэрт ажиллаж байсан охид өнөөг хүртэл цалингаа авч чадаагүй, өөр олон эхчүүд хохирсон байна” хэмээн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн юм. Харин хэдхэн хоногийн өмнө “Happy flowers” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Э.Ууганцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гомдлын дагуу 272 сая төгрөгөөр торгуулсан” хэмээн ярьжээ. Иймд бид түүнтэй холбогдож дээрх асуудлын хүрээнд хариулт авлаа.

ЗУНЫ ГУРВАН САР Л АЖИЛЛАНА ГЭСЭН ОХИДОД ЦАЛИНГ НЬ БҮТНЭЭР НЬ ӨГЧИХДӨГ БАЙСАН ЮМ

-Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гаргасан гомдлын дагуу танайхыг 272 сая төгрөгөөр торгосон гэж үнэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл хүүхдийн төлөө газар, Цагдаа, Шүүх, Татварын Ерөнхий газруудад манайхтай холбоотой гомдол гаргасан юм билээ. Гомдлын дагуу дээрх хяналт шалгалтын байгууллагууд манай компанийг шалгасан. Улмаар Татварын Ерөнхий газарт очсон гомдлын дагуу манай компанийг 472 сая төгрөгөөр торгосон. Харин бусад байгууллагууд хяналт, шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй.

-Тэгэхээр танай компани санхүүгийн зөрчилтэй байсан гэсэн үг үү. Яг ямар үндэслэлээр торгосон бэ?

-Манайх хөдөлмөрийн гэрээтэй ажилчдынхаа нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нь төлдөг байсан. Харин хөлсөөр ажиллах гэрээтэй ажилчдадаа цалинг нь бүтнээр нь олгодог байсан. Яахав зуны гурван сар л ажиллана гэсэн охидод цалинг нь бүтнээр нь өгчихдөг байсан юм. Гэтэл цалингаас нь хувь хүний орлогын албан татвар суутгаж авч үлдэж, татварт төлөх ёстой байсан юм билээ. Хувь хүний орлогын албан татвар суутгаагүй гэдгээр торгосон. Зөвхөн гурван жилийн хугацаанд 8740 удаагийн гүйлгээн дээр 2733 хүнд цалин олгосон байна гэж гарсан. Тэр олон хүний өмнөөс хариуцлага үүрсэн. Манайх огт татвар төлдөггүй биш, байнга төлдөг. Жилд 50-60 сая төгрөгийн татвар төлөөд явдаг.

-Торгуулийг ямар хугацаанд багтаан төлөх шаардлага тавьсан бэ?

-Манайхыг хоёрдугаар сарын 28-нд торгосон. Ажлын 15 хоногийн дотор төл гэдэг юм билээ.

-Тэгэхээр танай компани 272 сая төгрөгийн торгуулиа төлчихсөн гэсэн үг үү?

-Үгүй төлөөгүй. Төлөх ямар ч боломж байхгүй. Манайх жижигхэн компани. Тэр их мөнгийг байгаа бүхнээ зараад ч төлж дийлэхгүй. Одоохондоо ямар ч төлөлт хийгээгүй. Би тэр актыг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй байгаа.

МАНАЙХ КОМПАНИЙН НЭР ТӨРД ХАЛДСАН ХЭМЭЭН ГОМДОЛ ГАРГАСАН

–Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар танай компаниас мөнгө нэхэмжилж, шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл байна. Яг хэдэн төгрөг нэхэмжилсэн бэ?

-Энэ оны нэгдүгээр сард надад шүүхээс бичиг ирсэн. Тухайн үед би жирэмсэн байсан тул нэхэмжлэлтэй албан ёсоор танилцаагүй. Энэ талаарх мэдээллийг өмгөөлөгчөөсөө авсан. Харин төрчихөөд дөрөвдүгээр сарын гурванд эмнэлгээс гарч, долоонд Хан-Уул дүүргийн шүүх дээр очсон. Гэвч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын талаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх хурал болоогүй.

-Дараагийн шүүх хурал хэзээ болохоор товлогдоод байгаа вэ?

-Дөрөвдүгээр сарын 26 хүртэл шүүх хурал хойшлогдсон байсан. Гэтэл дахин хөл хорио тогтоосон тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Хэзээ болох нь товлогдоогүй байна. Манайх мөн компанийн нэр төрд халдсан хэмээн гомдол гаргасан байгаа. Энэ гомдлын дагуу шүүх хурал болоогүй байна.

-Аравдугаар сард маргаан эхэлсэн. Түүнээс хойш Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар тантай холбогдсон уу?

-Холбогдоогүй. Энэ асуудлыг анх цахим сүлжээнд тавьж эхлэхэд нь би жирэмсэн байгаагаа хэлсэн. Ямар нэгэн хариу өгөөгүй.

Холбоотой мэдээ