БЗД-н НД-н хэлтэс ахмад хүнийг “Нас барсан гэсэн бүртгэлтэй байна. Амьд гэсэн тодорхойлолтоо авчир” гэж хөөж гаргасан уу?

2021-05-13 2335 1

Хатуу хөл хориог сулруулсантай холбогдуулан өнгөрсөн даваа гарагт төрийн байгууллагын ачаалал нэмэгдэж, зарим газарт урт дараалал үүссэн. Эдгээрийн нэг нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс. Тус хэлтсийн албан хаагч үйлчилгээ авахаар дугаарлаж байсан ахмад настныг “Нас барсан гэх бүртгэлтэй байна. Амьд гэсэн тодорхойлолтоо авчир” хэмээн шаардаж, тэр ч бүү хэл ёс зүйгүй харьцсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд буй.

Өнөөдөр сонссон хамгийн эмгэнэлт, сэтгэл түгшээсэн яриа: Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн гадаа урт дугаар үүссэн байв. 300 мянга авахад тодорхойлолт шаардлагатай хүмүүс гэж яриа өрнүүлсэн хоёр буурай хэлэв. Гэтэл албаны ажилтан гарч ирэн нэг буурайг нэрээр дуудаж: “Та нас барсан гэсэн бүртгэлтэй байна, 8 дугаар хорооноос очиж нас бараагүй гэсэн тодорхойлолт авч ир” гэв. Хөөрхий буурай: “Би амьд байна шдээ, ямар нүгэлтэй юм бэ” гэж хоолой зангиран хариулахад нөгөө албан тушаалтан хууль тийм гэж хариулав. Төрийн түшмэд СЭТГЭЛ гэдэг үг огт мэддэггүй юм байнадаа, хэлэх ч үг алгадаа “Ковид  зай барих энэ тэр бол бүр цаашаа” гэх сэтгэгдлийг нэгэн иргэн цахим хуудсандаа мэдээлсэн юм.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн дарга О.Хаш-Эрдэнээс тодрууллаа. 

-Танай хэлтсээс үйлчилгээ авах гэсэн ахмадууд нэлээд урт дараалал үүсгэсэн гэсэн. Тэр нь Засгийн газраас тараасан 300 мянган төгрөгтэй холбоотой гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Эл мөнгөтэй холбоотой ямар нэгэн бичиг баримтыг танайхаас зайлшгүй шаарддаг юм уу? 

-Сарын хугацаанд хатуу хөл хорионд иргэд манай байгууллагаас үйлчилгээ авахаар багагүй дараалал үүсгэж, өнгөрсөн даваа гарагт ачаалал нэмэгдүүлсэн нь үнэн. Гэхдээ цахим орчинд түгээд буй мэдээлэл худал. Манай байгууллага Засгийн газраас тарааж буй 300 мянган төгрөгтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт олгохгүй. Өөрөөр хэлбэл, 300 мянган төгрөг манайд огт хамааралгүй гэсэн үг. Тухайн үед тэтгэвэр тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа сайн дураараа төлөх гэсэн иргэд, харилцагч байгууллагынхан гээд маш олон хүн үйлчилгээ авахаар дараалал үүсгээд байсан.

 

-Ахмад настныг “Үхсэн гэх бүртгэлгүй байна. Амьд гэсэн тодорхойлолт авчир хэмээсэн гэж дээрх иргэн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Ер нь төрийн албан хаагч хүнийг хөгширсөн гээд амьд гэх баталгаа авчир” гэх эрхтэй юү. Ямар тохиолдолд ийм баримт шаарддаг юм бол.

-Иргэнд үзүүлж буй ямар ч төрийн үйлчилгээнд ийм баримт шаарддаггүй. Нийгмийн даатгалаас гадна өөр төрлийн үйлчилгээ үзүүлэхдээ төрийн албан хаагч ийм баримт шаардаж, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулах ёсгүй.

-Тэгвэл Засгийн газраас олгож буй 300 мянга болон тэтгэврийн зээлгүй ахмад настанд өгөх нэг сая төгрөгийг авахад бүрдүүлэх бичиг баримт танай байгууллагатай холбоогүй гэж ойлгож болох уу?

-Засгийн газраас тарааж буй 300 мянган төгрөг манайд хамааралгүй. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмад настнуудад олгох нэг сая төгрөгийн батламжийг манай байгууллагаас авна. Баянзүрх дүүргийн хэмжээнд тэтгэвэрийн зээлгүй 24.000 ахмад настан бий. Эдгээрийн 18.000 нь батламжаа аваад байна. Батламжийг тараахдаа дараалал үүсгэхгүйгээр хороо тус бүрийн байцаагч амралтын өдрөөр олгосон. Харин эзэндээ очоогүй батламжийг авахаар өдөрт 100 хүрэхгүй хүн манай байгууллагад өөрийн биеэр ирж, үйлчилгээ авч байна.

-Ямар шалтгаантай иргэдийн батламжийг тараагаагүй юм бол.Ер нь батламжийг заавал авах ёстой юу? 

-Нас барсан, эсвэл шилжилт, хөдөлгөөнөө шинээр бүртгүүлээгүй иргэдийн батламжийг тараагаагүй. Өнгөрсөн онд ахмад настны тэтгэврийн зээлийг Засгийн газраас нэг удаа тэглэхэд зээлгүй, амьд сэрүүн байсан өндөр настан энэ онд нас нөхцсөн бол үр хүүхэд нь эл мөнгийг нөхөн авах боломжтой. Ийм тохиолдолд эцэг, эхийнх нь нас барсны гэрчилгээ, тэтгэврийн зээлгүй байсан нь үнэн гэх баталгааг үндэслэн хүүхдэд нь мөнгө олгоно. Өөрөөр хэлбэл, 2020 болон 2021 онд нас барсан, тэтгэврийн зээлгүй ахмадуудын нэг сая төгрөгийг үр хүүхэд нь авна гэсэн үг.  Ахмад настнууд заавал батламж авах шаардлагагүй. Арилжааны банкаар дамжуулан мөнгө нь шууд дансанд орно.

  • Iim teneg ajiltantai yu,tegj unshigdlaa gehed uurt ni medegdelguigeer tur huleej bgaarai geed ter horoonoos ni uuruu asuuh heregtei sh dee derged ni bol medegdehguigeer burtgel yu gej bna ene ter geed 

Холбоотой мэдээ