Д.Сумъяабазар даргаа зам засварын “данхтай” нөхдүүд чинь 1.5 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихлээ.

2021-05-13 979 0

Түүний санаачлагаар хийсэн зам засвар эхнээсээ тараа “таниулж”, олны нүд хуурч, улсын төсвийн мөнгө идсэн нь хүн бүхний нүдэнд ил болоод цөөнгүй хонолоо. Замын хар тос данхаар асгаж нөхсөн замууд нь хууларч, автомашины дугуйнд наалдаж, хаа сайгүй олны шүүмжлэл, бухимдлыг төрүүлсээр байна. Хуучин байснаасаа бүр ч дордож, энэ зуны ганц хоёрхон борооны ус замыг бүр ч энхэл донхолтой, эрсдэлтэй болгох нь тодорхой байна. Хөл хорионы үед хийсэн засвар нь хэрхэн хүний нүд хуурч, улсын төсвийн мөнгийг ямар ч үр ашиггүй салхинд хийсгэсэн бэ гэдгийг уншигч та бүхэнд сурвалжлан хүргэж байна. Хотын дарга Д.Сумъяабазарын өгсөн үүргийн дагуу 1.5 тэрбум төгрөгийг зам засварын компаниудад өгч, засварыг эхлүүлээд байгаа. Нийслэлийн автозам хөгжлийн газрын тендерт ялсан “Өвгөдийн жим”, “Шинэ цагийн зам”, “Женерал роуд”, “Метр квадрат” гэх компаниуд засварын ажлаа эхлүүлээд буй. Өнгөрсөн 28 хоногийн хөл хорионы хугацаанд төвийн зургаан дүүргийн 32 зам, талбай буюу 158 км замд засвар хийсэн гэж Нийслэлийн автозамын хөгжлийн газрынхан мэдээлж байгаа.

Хан-Уул дүүрэг: Өлзийтийн автозам, Гандангийн гудамжны автозам, Шувуун фабрикийн автозам, Наадамчдын зам,

Чингэлтэй дүүрэг: Чингэлтэйн өргөн чөлөө, Ж.Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Чингэлтэйн гудамж, Хойд зуслан чиглэлийн гол зам,

Сүхбаатар дүүрэг: Д.Сүхбаатарын гудамжны зам, Дамдинсүрэнгийн гудамжны зам, Бага тойруугийн гудамжны автозам, Их сургуулийн гудамжны автозам, Бэлх, сэлх, Дарь-Эхийн гудамжны автозамын хойд хэсэг,

Баянгол дүүрэг: Ард аюушийн өргөн чөлөө, Ажилчны гудамжны автозам, Энэбишийн өргөн чөлөө, 22-ын товчооны чиглэлийн зам, Хувьсгалчдын гудамжны автозам,

Сонгинохайрхан дүүрэг :Хувьсгалчдын гудамжны автозам, Зүүн салааны гудамжны автозам, Баянхошууны гудамжны автозам, Тахилтын зам,

Баянзүрх дүүрэг: Доржийн гудамжны автозам, Шар хадны гудамжны автозам, Авто замчдын гудамжны автозам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Гачууртын автозам болон дүүрэг дундын уулзварын Баруун-4 зам-Баянбүрд-100 айл-Сансарын тойрог-Зүүн-4 зам, Чулуун овоот, Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас X хорооллын уулзвар хүртэл, Энхтайвны гүүрнээс Яармагийн гүүр, Офцеруудын ордон-Зүүн-4-зам-Баруун-4 зам-Саппоро-5 шарын төмөр замын гарамтай уулзвар хүртэл замд засвар эхлүүлсэн гэнэ.

Замын нүх тойрч, дайрч яваа жолооч БА КТМС-ийн уулзвараас баруун салааны эцэс хүртэлх 120 ширхэг нүх


Доржийн гудамжны автозам буюу Сансарын КТМС-ийн уулзвараас Цайз захын урд талын замын уулзвар хүртэлх зам засах ажилд 28 сая төгрөг зарцуулжээ. Биднийг өчигдөр 17:00 цагийн үед КТМС-ийн автобусны буудал орчимд очиход автомашин, явган хүний зам тав алхахад л энхэл, донхол, борооны ус тогтох хонхорхой, замын голын цагаан шугам бүдгэрсэн хэвээр байв. Засварын ажил огт хийгдээгүй бололтой байв. Тус замд зорчиж байсан жолооч нараас засварын ажил хийсэн талаар тодруулахад, “Ойрдоо засвар хийгээгүй байх. Өнгөрсөн жил онгорхой байсан нүх нь хэвээрээ л байна” гэцгээж байлаа. Нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчид замын бартаанд сэгсчүүлж, унаж, босож явдаг хэвээрээ л байна. “Вокзал-Цагаан даваа” чиглэлийн автобусны жолоочоос “Таны явдаг чиглэлд автозамын эвдрэл ямар байна вэ” гэхэд “Манай хотод бартаагүй зам гэж бараг үгүй шүү дээ. Их багийн тухай л ярина уу гэхээс биш. Миний явдаг чиглэлийн хувьд Модны-2-оос уруудаад замын эвдрэл илүү. Хөл хорионы үед зам зассан боловч саяхан орсон цас, бороонд хуурч унасан байна лээ” гэв.

Бидний дараагийн очсон автозам бол Баруун салааны хэсэг. КТМС-Цайз зах хүртэлх чиглэлээс ч илүү эвдрэлтэй байлаа. Автомашин бүү хэл явган хүн ч аюулгүй зорчих зам алга. Өнөөх л энхэл донхол, нүх сүв, бартаат зам угтах аж. Яг л бартаат замын автомашинд зориулагдсан юм шиг л энд тэндгүй зам эвдэрчээ. Сансарын колонк уруудаж, Зуун айл, Дөлгөөн нуур, Баянбүрдийн тойрог, Гандан, Зурагт, Баянхошууны эцэс, тэгээд Баруун салаа хүртэл явлаа. Машиныхаа цонхоор нүдэнд харагдах нүх болгоныг тоолоод явхад багцаагаар 120 орчим нүх байна лээ. Өнгөрсөн жилийн борооны усанд “идэгдэж” өвлийн цас, шавхайнд элэгдсээр байгаад энд тэндгүй л гүнзгий нүхтэй болчихжээ. Зам мэдэхгүй жолооч нар хурд хэтрүүлэн давхиж яваад л замын нүх дайрч, тас няс болоод явчих юм. Зарим нь осол аваар гаргачих гээд л нүх, машин хоёрыг сүлжиж давхих нь ажиглагдав. Ер нь нүх дайрсан автомашины явах эд анги, дугуй, амортизатор тэсэхгүй юм билээ. Таван бул, тиаг, шарнер ч тэсэхгүй нь тодорхой байв.

“Баруун салаа-Халдвартын эцэс” чиглэлийн автобусны жолоочоос энэ талаар тодруулахад “Манай энэ хэсэгт зам засварын ажил хийгээгүй. Харин миний явдаг чиглэлд Баянбүрд-Дөлгөөн нуурын замыг хаачихсан байна лээ. Засвар хийж байгаа байх. Сансараас-Халдварт руу уруудах зам илүү эвдрэлтэй байдаг. Бас Зурагтын хуучин эцсийн зам маш их энхэл, донхолтой, Улаанбаатар хотын зам гэхэд ч хэцүү шүү дээ” гэсэн юм.

Нийслэлийн жолооч нар хөвч тайга, усархаг намаг, элсэн говь, дэрстэй хөндий, даваа гүвээ, хад чулуу ихтэй уулын зам, энхэл донхол бүдэг жимээр явж байгаа мэт. Улсынхаа нийслэлд, XXI зуунд нүхэн дээр харайлгаж, энхэл донхол зам дээр элгээрээ хэвтэх нь холгүй тэд замын хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд автомашин бүү хэл явган хүн ч тайван, чөлөөтэй зорчих зам тун ховор. Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд тайван аж төрөх нөхцөлийг бүрдүүлж, хотын өнгө төрхийг сэргэхээр хорооны даргаас эхлээд бүх шатны холбогдох дарга нар тодорхой хэмжээнд зам засварын ажилд хяналт тавьж байна. Гэтэл төдийгөөс өдийг хүртэл олны хэл аманд өртөж, шүүмжлэлд өртөөгүй зам засвар тун цөөн.

ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ НУРАХ АЮУЛЫГ ОГТ АНХААРААГҮЙ, ЗҮГЭЭР Л ӨНГӨН ХЭСГИЙГ НЬ ЯНЗАЛСАН


Хамгийн сүүлд гэхэд л Улаанбаатар хотын А зэрэглэлд багтах Энхтайваны гүүрний замыг найм хоног засварлаж, тавдугаар сарын 8-нд нээв. Гэтэл өнөөх засварласан зам нь хоёр хоногийн дараа түрхсэн түрхлэг нь халцарч эхэллээ. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг хийгээгүй ажлаа хийсэн болгож зураг, пост оруулж чадсан хотын захиргааныхан өөрсдийнхөө нүдэн дээр хуурч, халцарч унасан засвар хийчихээд “Бид хийсэн ажилдаа олон жилийн баталгаа өгнө” хэмээх тайлбарыг итгэлтэй нь аргагүй өгөв.

Мөн “Зам засварын ажилд материал дутсан юм. Материал ирэхээр нь халцарч, хөвхөрсөн хэсгийг сэргээн засварлана. Иргэд дутуу орхисон ажлыг буруугаар ойлгож байна” хэмээн Хотын инженер Т.Гантөмөр тайлбарлаад амжсан. Тэгвэл авто замын инженер Л. Батсүх “1958 онд барьж ашиглалтад оруулснаас хойш дорвитой их засвар хийгээгүй байгууламж бол Энхтайвны гүүр. Хятадуудаар бариулж, байсан түүхтэй. Гүүрний өгсөх, уруудах шороон далантай хэсгийг оролцуулаад тооцвол урт нь 850 гаруй метр. Зөвхөн гүүрэн байгууламжийг тооцвол 350 шахам метр байдаг аж. Энэ нь, гурван залгаастай байдаг бөгөөд хүндрэл үүсээд буй хэсэг нь хамгийн урд талынх нь юм. Цууралт үүсч, хагараад өнцөг булангаасаа унах шахсан байсан. Үүнийг нь засч, тулгуур багана хийсэн. Гэхдээ олон жил болсон учир элэгдээд бетон нь нурчих гээд байдаг. Бага зэргийн доргилт өгөхөд л нурах аюултай. Сайн ажиглаж харвал хэд хэдэн газраа ан цав үүсээд, гүүрний доод хэсэг бүхэлдээ цууралттай байгаа. Том оврын автобус явахад дөрвөн багана хэсгээрээ нурчих гээд маш эвгүй болсон. Үндсэн гажааг нь засах, тулгуур багана хийж, каркас хийгдээгүй. Хүний нүдэнд харагдах хэсгийг л зассан байна лээ. Иймд засвар хийсэн гэж ярих хэрэг байхгүй. Хүмүүсийг хотын дарга түүний албатууд хуураад л өнгөрч байна” гэв.

ДАНХТАЙ ЗАМ ЗАСВАРЧНЫ ХАЛТУУРДСАН ЗАМ БА МАШИНЫ ДУГУЙНД НААЛДСАН ЗАМЫН ХАР

Хотын төвийн А зэрэглэлийн бүс, бага тойруу, их тойруугийн замын нөхөөс, ан цав, хагаралыг засах ажлыг хийсэн. Хөл хорионы үед хийгдэж байсан учир цайны данх, шанага бариад замын нөхөөсний ажил хийж буй зам засварынхны зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж шуугиан тарьсан. Тэгвэл данхтай хар тос асгаж, ан цав, хагарсан хэсгийг тэр чигт нөхсөн гээд сайрхаад байсан.

Мэргэжлийнхэн “Хагарсан замыг ингэж нөхөхөөс өөр яаж нөхөх гэсэн юм бэ. Даралттай багаж байна уу, данх байна уу хамаагүй. Хар тосоор хагарсан ан цавийг дүүргэж байвал болох нь тэр. Хэдэн жилдээ зам эвдэрнэ гэж толгой өвдөх юмгүй болчихлоо” гээд л өөрсдийгөө өмөөрөөд байсан. Тэгвэл хөл хорио тавигдаад хоёр хонолгүй нөгөөх зассан зам чинь тараа таниулж, компаниуд халтуурдсан гэдгийг батлаад өгөв. Машин болгоныг дугуй нөгөөх данхаар асгасан гайхал хар тос наалдаж, энд тэндгүй замын хагарал, торлог бий болчихжээ. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хотын төвийн зам бүхэлдээ ан цаваар нь орсон хар тос хууларч, өмнөхөөсөө ч илүү эвдрэлүүд бий болоод эхэлчихжээ. Энэ талаар нэгэн зам засварын компанийн захирал “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг хэдэн удаа бороо ороход л зам бүхэлдээ эвдэрч, муудахаар болжээ. Сайжруулах гэж байна гээд бүр ч насыг нь богиносгож орхисон нь харагдаж байна. Би насаараа зам засварын ажил хийсэн. Арай ч ингэж улсын мөнгөөр тоглож болохгүй байх. Хамгийн наад захын стандарт, дүрэм журмыг мөрдсөнгүй. Замын хагарсан ан, цав хэсэгт эхлээд шар шороо битүү цацаад байгаа харагдсан. Үүний дараа данхаар хар тос асгаж байна лээ. Арай ч дээ, ингэж зам засдаг юм уу. Эхлээд бүх шороо тоосыг нь цэвэрлэж аспалтаар нарийн чигжиж, дахиж, ус бороо нэвтрэхээргүй болгож, нимгэн хучилт хийх ёстой байдаг” гэв.

Албаныхны баталгаатай хэмээн итгүүлэх гэсэн зам засвар эргээд харах зуур, бороо, цасанд халцарч, автомашины дугуйнд наалдаж, ховхорч байна. Гэтэл Нийслэлийн зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат “Зам засварыг технологийн дагуу тусгай зөвшөөрөлтэй компанийн ажилчид гүйцэтгэж байна. Харин хийх барилын хувьд данхаар уу, зориулалтын багажаар цутгах уу гэдэг нь ялгаатай байх. Нэг метр зам засварт 3.6 сая төгрөг зарцуулсан” хэмээн хэлсэн юм. Энэ онд Улаанбаатар хотын 1100 км зам буюу 175 гудамж талбайг сэргээн засах аж. Тиймээс хөл хорионд хугацаа хэмнэж 32 зам, талбайн засварыг эхлүүлсэн ч иргэдийн сэтгэлд хүрсэнгүй. Дарга нар үүнийгээ “Нэмж засна, засвар дуусаагүй байгаа” хэмээн тайлбарлаад байгаа. Албаныхны хэлсэн автозамын ажил өөрсдийнх нь ярьсан шиг олон жилийн баталгаатай биш юм аа гэхэд ядаж нэг жилээ даадаг баймаар. Хотын төв, дарга нар байнга зорчдог замын багахан эвдрэлийг засаж, гэр хорооллын замыг хэвээр нь үлдээжээ. Д.Сумъяабазар зам засаж байна гэж замын компаниудын сэтгэлгүй захирлуудын халаасыг зузаатгаж, улсын төсвийн мөнгийг салхинд хийсгэж байна.

Холбоотой мэдээ