Б.Болдсайхан эмч: Зүрхний гажигтай дөрвөн хүүхдийг үнэгүй хагалгаанд оруулна

2021-06-02 450 0
Shares

Зүрх мартахгүй төслийн шугамаар анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан Хэнтий аймагт ажиллаж, зүрхний гажигтай 4 хүүхдийг үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар боллоо.


Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр тэдний баг хамт олныг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэв. Тэд Хэнтий аймагт ажиллах хугацаандаа нийтдээ зүрх судасны өвчлөлтэй 300 шахам хүнд үзлэг оношлогоо хийж, хагалгаанд орох шаардлагатай 70 гаруй хүүхэд, 20 гаруй хүнийг тогтоож, хуваарийг нь хүргээд байна. Үүнчлэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай 4 хүүхдийг ар гэрийнх нь хамт Улаанбаатар хот руу дагуулан явж, үнэ төлбөргүй мэс засал хийхээр боллоо. Олон улсын түвшинд тухайн мэс засал багадаа 250 орчим сая төгрөгийн өртөгтэйг тэдний багаас мэдээллээ. Талууд цаашид харилцан хамтарч ажиллах, орон нутгаас зүрхний эмчийг чадавхжуулах, үлдсэн 100 шахам хүний хагалгааны зардалд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх боломж нөхцөлийг судлах тал дээр санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат зүрхний хагалгаанд орохоор Улаанбаатар хот руу зорчих гэж буй 4 хүүхдийн гэр бүлд автомашин гаргаж, замын зардал нэг сая төгрөгийг шийдвэрлэж өглөө. Хагалгааг маргааш хийх боломжтой гэж Б.Болдсайхан эмч үзэж байна.

Shares

Холбоотой мэдээ