Киви тараагүй бол Ука гангстер стайлаараа байлдан дагуулж чадахгүй байсан…

2021-06-03 227 0

Д.Уламбаяр буюу Ука хэмээх шаргал үстэй бүсгүй өдгөө цагт рок попын ертөнцөд өөрийн байр суурийг ганхашгүйгээр өнөд тогтоожээ. Үеийнх нь дуучид аль хэдийнэ зодог тайлах нь тайлж, хөтлөгч хийх нь хийж, бизнес хөөх нь хөөх болж. Харин өдгөө Укатай хоршин дуулах нь шинэ залуу дуучдын хувьд каррьераа өсгөх ховорхон боломж болсон нь түүнийг мөд моодноос гарахааргүй халуухан артист гэдгийг нь батлан харуулдаг. Хамтран ажилладаг студийн найруулагч Д.Гантулга Укаг Монголын номер нэг эмэгтэй дуучин хэмээн ам бардам хэлсэн удаатай.

Мэдээж түүний урлагийн замнал Киви хамтлагаас үүдэлтэй. Арван жилийн намтартай эл охидын хамтлаг тарах болоход сэтгэл гонсгор үлдсэн Укаг хамтлагийн үүсгэн байгуулагч, продюссер Б.Ангирмаа багш нь ганцаарчилсан уран бүтээлээ хий хэмээн зоригжуулсан гэдэг. Шуудхан л соло дуулж эхлээд амжилтанд хүрсэн үү гэвэл бас л үгүй, хамтлагийнхаа стилиэр уянгалж хэсэг үзэв. Гэсэн ч тэрбээр зориг мохолгүй дундаршгүй эрч хүчтэй, нөр их хөдөлмөрч, шантрашгүй зангаараа уйгагүй зүтгэсээр өвөрмөц хоолой, өнгөлөг клипээ урласаар өөрийн одоогийн стилийг олсон юм.

Укагийн амжилтад хүрснийг батлан харуулах бас нэг зүйл бол Voice шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажиллах болсон явдал. Эхэндээ монголчуудын шүүмжилдэг хобби түүнийг тойрон өнгөрсөнгүй, хүн шүүж шалгахаар дуучин мөн юм уу хэмээн илтэд басамжилж байсан хүмүүс цөөнгүй. Харин тэрбээр эл мөчид жинхэнэ хэн бэ гэдгээ харуулж анхны ялагчийг багаасаа төрүүлсэн билээ.

Хэрвээ Киви тараагүй бол уянгын дуу голчлон дуулдаг хамтлагт түүний нууцлаг авьяас нууц хэвээрээ байсаар тайзнаас буух байсныг хэн ч үл мэднэ. Укаг хэн бэ, ямар дуучин бэ гэдгийг уншигчид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх учраас олныг үл нуршин мэдрэмжийн туйл бүсгүйдээ уран бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе!

Ц.Маргад

Холбоотой мэдээ