Үзэгчдийг соронздогч ‘Пентхаус’ цувралыг ‘Эхнэрийн урхи’-ийн зохиолч бичжээ

2021-06-06 506 0
Shares

Сүүлийн үед солонгос төдийгүй манайхны сонирхлыг татаад буй цуврал бол яах аргагүй Пентхаус билээ. Дэндүү их цус нөж, хүчирхийлэл, өшөө авалттай гэж шүүмжлэх хүн захаас аваад мундахгүй таарна. Гэхдээ л хэн ч юу ч гэж маргасан яалт ч үгүй шил шилээ даран гарах улиг болсон сериалаас уйдаж байсан олны анхаарлыг машид их татаад буй нь үнэн.

Тус киногоор эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн шуналд хязгаар үгүй бөгөөд эцэстээ авилгалд хүргэдэг, бялдуучлал, хүчирхийлэл ямар үр дагавар авчирдгийг, хүн чанараа гээвэл юунд хүргэдгийг харуулахыг зорьсон.

Төгсгөл нь тодорхой савангийн дууриас тэс өөр шийдэл, зохиомжтой тус киноны анги бүр нь маш их өрнөлтэй бөгөөд таамаглашгүй цочир үйл явдлаар дүүрэн. Мөн нүд гялбам баян тансаг байдал, сонгодог урлаг тэр дундаа дуурийн дуулаачдын алтан гургалдай шиг хоолой, гол дүрийн охид бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй агаад дүр бүртээ зохирсон шинэлэг, загварлаг хувцаслалт, эхийн хайр ба дуусашгүй үзэн ядалт, өшөө хорсол ч үзэгчдийг татах бас нэгэн соронз.

Кинонд “Georges Chakra”, “ Max Mara”, “ВV”, “Lanvin”, “Valentino”, “Ports”, “Burberry” зэрэг брэндийн хувцаснуудыг хэрэглэдэг.

Бүх насныхны сонирхлыг татаад байгаа нь ч бас учиртай. Гол дүрийн насанд хүрэгчдээс гадна тэдний үр хүүхдүүд болох өсвөр насныхны дүрүүд гардаг тул тийнэжерүүд ч бас Пентхауст автаастай.

Эхний хоёр цувралыг зүрх догдлон үзсэн үзэгчид 3-р цувралыг тэсэн ядан хүлээж буй бөгөөд Солонгостоо аль хэдийнэ трэйлерээ цацаад эхэлчихсэн аж.

Зохиолчийн тухайд

“Пентхаус” цувралын найруулагчаар Жу Донг Мин ажилласан бол кино зохиолч нь Ким Сон Ок юм. Тэрээр шилдэг зохиолчийн шагналыг хоёр ч удаа хүртсэн авьяаслаг эмэгтэй. Анх 2007 онд “Гэхдээ л таалагддаг”, 2008 онд “Эхнэрийн урхи”, “Сахиусан тэнгэрийн урхи”, “Ээжийн инээмсэглэл”, “Жан Бури ирлээ”, “Миний охин Ким Савол”, “Эгч дүүсийн хамтлаг”, “Сүүлчийн хатан” кино зохиолуудаа дэлгэцнээ амилуулжээ. Эдгээр цувралуудаас “Эхнэрийн” урхи кино руу монголчууд нэгэн үе хошуурч байсан бөгөөд арваад жилийн дараа дахин давтахад нь мөн л шимтсэн нь хэзээ ч үзэгчдийг уйдаадаггүйг гэрчилнэ.

Барилга байгууламжийн тухайд

“Пентхаус” киноны үзэгчдэд энэхүү шилтгээн бодитоор оршдог эсэх нь бас л сонирхол татдаг асуулт билээ. Тэгвэл  киноны “Hera palace”-ийн зураг авалтыг Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах 100 давхар оффисийн зориулалттай байранд авчээ. Харин барилгыг улам тансаг, сүрлэг харагдуулах зорилгоор компьютерийн тусгай эффект ашигласан юм.

Сахиусан тэнгэрийн хөшөөний тухайд

Уг хөшөөг Бенжамин Виктор 2017 онд бүтээж байжээ. Баримал цөхөрсөн, гунигтай харагдавч хэзээ ч бууж өгөхгүйг билэгдэж далавч нь босоо хийгдсэн. Нүдээ аньсан хэрнээ яльгүй инээмсэглэсэн, хуруу нь ямар ч хяналтгүй мэт боловч нөгөө гартаа унах гэж буй нөмрөгөө сул атгажээ. Барималч “Тэнгэрийн элчийн романтик байдал, үзэл баримтлал нь хайр ба үхэл, гоо үзэсгэлэн, сул дорой байдал, цаг хугацаа, түүнд хамаарах бүх мэдрэмжийн талаар өгүүлдэг. Залуу үзэсгэлэнтэй сахиусан тэнгэрийг уйтгартай хэлбэрээр илэрхийлэх замаар хүмүүст харцны парадокс үүсгэхийг хүссэн” хэмээн тайлбарласан байдаг.

“Пентхаус” Монголд…

Одоо уг цувралын тухай эх оронд маань өрнөөд буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэе.

Wemax орчуулгын кино сайт болон Bulteek хуудаст Боловсрол суваг телевиз ПентхаусIII-г цацна хэмээн мэдээлснийг тус телевизийнхэн үгүйсгэж ийм мэдэгдэл цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ.

 

Ц.Маргад

Shares

Холбоотой мэдээ