Б.Баттөр: Ангууч ах нь байгаа цагт бүхнийг чадах болно…

2021-06-07 110 0

‘HD Монгол’ телевизээс зохион байгуулсан ‘Ододтой бүжиглэе’ шоу нэвтрүүлэг 13 дугаарын турш дугаар бүр нь сонирхолтой, уйдамгүй байж үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан билээ. Тэгвэл өчигдөр финалын шат буюу төгсгөлийн дугаараа толилуулж, ялагчаа тодруулсан. Алтан цомыг Ангууч хэмээх Б.Баттөр, Б.Халиун нар хүртсэн юм.

Тус шоу нэвтрүүлгийн финалын шатанд:

-Ц.Аззаяа, Н.Отгонжаргал,
-Т.Бадамжав, Б.Алтанхөлөг,
-Б.Баттөр, Б.Халиун
-Н.Цэцэнбилэг, Б.Золжаргал нар тунан үлдсэн.

Нэвтрүүлгийн сүүлийн шатанд оролцогч бүр гурван бүжиг бүжиглэсэн бөгөөд эхний хэсэгт шүүгчдийн даалгавраар өмнө нь бүжиглэж байсан үзүүлбэрүүдээ сонирхууллаа.

Б.Баттөр ялагчийн 50 сая төгрөгөө нэг ч төгрөг дутаалгүйгээр НҮБ-ын хүүхдийн санд хандивлана гэдгээ мэдэгдсэн юм. Харин хамтран бүжиглэгчээ дадлагажуулан сургаж ялагчийн цомын эзэн болгосон Б.Халиуны хөдөлмөрийг үнэлж шоу нэвтрүүлгийн зүгээс 10 сая төгрөг гардуулахаар болсон нь жинхэнэ цочир сюрприз байлаа.

Цомын эзнийг тодруулж шагнал гардуулах үеэр оролцогч нар хэрхэн сэтгэгдлээ хуваалцсаныг дор сийрүүлэв.

Тэргүүн байрны шагналын эзэн Б.Баттөр ‘Сайн үйлсийн аян бол миний мөрөөдөл, үргэлжид хийхийг хүсдэг зүйл маань байсаар ирсэн. Шагналынхаа мөнгийг мөрөөдлөө биелүүлэхэд зориулна. Би хэдийгээр багадаа аавыгаа алдсан ч яг одоо аавынхаа бахархал нь болоод зогсож байна. Над шиг залуус маш олон байгаа, бүгдээрээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд хөдөлмөрлөөрэй. Ангууч ах нь байгаа цагт бүхнийг чадах болно’ хэмээлээ.

Харин түүний хамтран бүжиглэгч Б.Халиун ‘Хүний төсөөлөл гэдэг ямар хүчтэй гэдгийг яг энэ тайзан дээр мэдэрч байна. Чи бол хамгийн супер нь My dear’ гээд ялагчийн цомыг Б.Баттөрд гардуулсан юм.

Мөн жүжигчин Жерри буюу Т.Бадамжав ‘HD Монгол телевизийн хамт олон, арын албанд ажилласан бүх хүмүүстээ, хамтран бүжиглэсэн оролцогчдодоо, хайртай гэр бүлийнхэндээ, дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Мөн хайрт хань, хайртай хүү, ард минь үргэлж асаалттай танк шиг байдаг ‘Эмоци’ продакшныхаа хамт олонд хайртай шүү’ гэлээ.

Н.Цэцэнбилэг миний хувьд өөрөө ялагч болсноос өөрцгүй байлаа, Азааг хасаад Ангууч Жерри хоёртой өрсөлдсөндөө итгэж чадахгүй байна, ялагч болгож чадаагүйд уучлаарай гэж хамтран бүжиглэгчдээ хандсан бол портнёр Б.Золжаргал ‘Үнэхээр сэтгэл догдлоод хэлэх үг олдохгүй байна. Бүгдэд нь хайртай бүжгийн урлаг мандтугай’ гэсэн юм.

 

Ц.Маргад

 

Холбоотой мэдээ