“ТААЗ РУУ ХАРЖ БОЛОХГҮЙ” БУЮУ ЭЛЭГГҮЙ ХҮМҮҮСИЙН ТУХАЙ

2020-11-30 484 0
Shares

Баянхонгор аймгийн Засаг даргын Зөвлөх Ц.Энхтөр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баясгалангомбо, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг нийгмийн салбар, тэр дундаа боловсролын салбарт тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцлаа. Сургуулийн орчин нөхцөл ямар байгааг тус сургуулийн захирал Ононхүү бидэнд үзүүллээ.Тэд Баянхонгор хотын хэмжээд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын байгууллагын барилгын нөхцөл байдалтай биечлэн танилцав. Тэднийг хуучирч муудсан барилга, тав тухггүй орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж буй багш, сурагчид угтаж авсан юм.

“Эрдэнэмандал” сургууль. Бидний нэрлэж заншсанаар арван жилийн гуравдугаар сургууль 1969 онд баригдаж байжээ. Үүний дараа 1977 онд А корпус, 1978 онд Б корпус тус тус баригдсан. Баригдсанаасаа хойш тавь шахам жилийн нүүрийг үзэж буй энэ сургуулийн барилга өнөөдөр хаашаа ч харсан мөөгөнцөртэй, бороо устай үед дусаалтай, хана нь хэзээ л бол хэзээ нурахад бэлэн байдалтай болжээ.

2007 оноос эхлэн уг сургуулийн барилгад засварын ажил хийх бодит шаардлага үүссэн байна. Тухайлбал 2007 оноос эхлэн арван жил дараалан дусаал дусч, борооны ус шууд л урсаад ороод ирдэг байна. Сургуулийн хамт олон урсгал засвар жил бүр хийдэг ч энэ нь хангалтгүй юм. Өнгөрсөн хугацаанд дээврийг бүрэн шинэчлэх ажлыг хийх хүсэлтээ холбогдох газруудад өгөөд байсан ч нэн шаардлагатай гэсэн ангилалд эрэмбэлэгдэж чадаагүйгээс өнөөдрийг хүртэл нөхцөл байдал даамжирчээ эрүүл мэндийг хамгаалах ажил өнгөрсөн дөрвөн жилд чухалд тооцогдоогүй гэсэн үг юм. Харин тухайн жилүүдэд улс орны эдийн засаг сэргэлттэй, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр хангалттай байсан ч тэр мөнгө хаашаа, юунд зарцуулагдаад алга болсныг өнөөдөр мэдэх хүн баянхонгорт бараг алга. Тэр бүү хэл Баянхонгорчуудын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах ажлыг шийдвэрлээгүй удирдлагууд өндөр үнэтэй зураг төсөв хийлгэж өгөөд, түүний өрөнд сургуулийн хамт олныг үлдээгээд ул мөргүй алга болжээ.

Өнөөдөр энд сургуулийн барилга
хэзээ мөдгүй нурах, багш, сурагчдын эрүүл мэнд муудах бодит нөхцөл үүсээд
байна. Энэ бол 100 орчим багш, ажилчид 1300 гаруй хүүхдийн амь, амьдралтай
холбоотой асуудал гэдгийг сануулая.
Өнөөдөр энэ сургууль төгсөгчдийн хандив тусламж, урсгал засварын тав арван төгрөгөөр бүр болохоо байж, нар салхи нэвтэрсэн хэсгээ л аргацаан жилээс жилийг өнгөрүүлж байна. Өнгөрсөн өвөл зарим анги танхимыг хаах хүртэл арга хэмжээг авчээ. Бодит байдал дээр хүүхдүүд сурч боловсрох орчин гэж хэлэхэд тун хэцүү нөхцөл байдал бий болсныг тус сургуулиар ороод гарсан хүн бүр хэлж байх юм. Харин үүнийг олж хараагүй Баянхонгор аймгийн өмнөх удирдлагууд тун хачирхалтай.

Ажлын хэсгийнхэн сургуулийн хэд хэдэн анги танхимын нөхцөл байдалтай танилцсан юм. Тус сургуулийн багш нар хүүхдүүдээ таац руу харахгүй байхыг анхааруулдаг байна. Учир нь ус чийгэнд илжирч муудсан таазны шохой том жижгээрээ хууран унаж, хүүхдийн нүд рүү орчихдог гэнэ.Хүүхдийн сурах орчин нөхцөл сайжирч байж, сургалын амжилт ахихыг бүгд мэднэ. Харин энэ сургуулийн хүүхдүүд хэзээ дарагдаж бэртэх, эсвэл хэзээ өвчин тусахаа мэдэхгүй айдас хүйдэстэй өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Сургуулийн барилгаас болж хүүхдүүд хичээлдээ явах дургүй болох, хичээл таслаад эхэлбэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг хэдэн багш, ажилчид үүрэх үү, эсвэл мөнгөтэй үедээ гар сунгаагүй тухайн үеийн шийдвэр гаргагчид хүлээх үү?
Сургуулийн спорт залны хана цууралт өгсөн, бороо ороход шууд л ус асгарч эхэлдэг. Хоёр давхарын таазаар дамжиж орсон ус ханаар дамжиж нэг давхараа мөөгөнцөртүүлж, улмаар даацын хананууд хэзээ мөдгүй нурж мэдэхээр болжээ.

Энэ сургуульд ажилладаг,
сурдаг 1500 орчим хүний эрүүл мэнд ямар байгааг бурхан л мэдэх байх.
Нэгэнт нөхцөл байдал ийм болсон учраас одоо яах вэ гэдэг асуудал гарч ирж байна.

Сургуулийн барилгад их засвар хийхэд 388 орчим сая төгрөг шаардлагатай гэнэ. Эндээс эхний ээлжинд дээврийг засварлая гэвэл 200 орчим сая төгрөг хэрэгтэй. Өмнөх дөрвөн жилд Түмэд групп компанийн 10 орчим саяар хийсэн гэх зураг төслөөс дээврийн хэсгийн засварын ажлын зураг, төсвийг салгаж, эхний ээлжинд дээврийг шийдвэрлэхэд ажлын хэсэг анхаарахаар боллоо.

Гэвч эцсийн шийдвэрийг ирэх сарын 2-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаан гаргана. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүн байгааг хаа хаанаа ярих болсон. Хүнд гээд 1300 хүүхдийн сурах орчин, эрүүл мэндийг гаргуунд гаргах уу гэдэг асуудал одоо сөхөгдөж байна.

Shares

Холбоотой мэдээ