ХӨХ НУУРТ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИНЭ ХАНДЛАГА, ШИНЭ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2020-11-30 501 0
Shares

”БИНДЭРЪЯА ХӨХ НУУРЫН ЦОМ-2018” загасчлалын тэмцээн зохион байгуулагдлаа.Хонгор нутгийнхан 2018 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Дэмжих жилийн хүрээнд дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсан аялал жуулчлалын олон эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүний нэг болох ”БИНДЭРЪЯА ХӨХ НУУРЫН ЦОМ-2018” загасчлалын тэмцээнийг Баянхонгор аймгийн Жаргалант сумын Биндэръяа хөх нууран дээр 2018.02.24-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Биндэръяа хөх нуур
Баянхонгор аймгийн төвөөс 233 км, Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т оршдог аймгийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Цэвэр усны нөөц сайтай, загастай, эргэн тойрондоо ойгоор хүрээлэгдсэн, нуурын сав дагуу бургас, улиас, буриагуул, торлог модод эмжиж, арц бамбай зэрэг үнэртэн, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургадаг. 2004 оноос эхлэн зэвэг, хадран зэрэг төрөл зүйлийн загасыг үржүүлж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн хувьд дээрх төрөл зүйл нь тухайн сав газарт өмнө нь байгаагүй тул харь зүйл гэсэн ангилалд оруулж үздэг аж. Харь зүйлийн тоо хэд олширвол унаган төрөл зүйлийг устгах хүртэл аюул дагуулдаг тул тус нууранд шинэ төрөл зүйлийн загас үржүүлсэнд мэргэжлийн судлаачид харилцан адилгүй байр суурьтай байсаар байна.
Загасчлалын тэмцээнийг Аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Жаргалант сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Загасчлалын клуб, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулав.

Тэмцээнд Улаанбаатар хот, аймгийн төв болон зэргэлдээ аймаг, сумдаас нийт 22 багийн 80 орчим тамирчид оролцлоо. Мөн арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд, албан байгууллагуудын дарга болон Монголын Загасчлах спортын холбоодын нэгдлийн тэргүүн Тэмүжин, Монголын байгаль хамгаалах тул сангийн менежер Б.Баярсайхан, Баянхонгор аймгийн гэрэл зурагчдын холбооны гишүүд ирж оролцлоо.

Загасчлалын спорт дэлхий нийтэд өргөн хүрээнд хөгжсөн, тухайн бүс нутгийнхаа эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болсон байна. Тухайлбал, Хөвсгөл травель ХХК сүүлийн 15 жилийн турш засагчлалын чиглэлээр жуулчин хүлээж авчээ. Нэг жуулчин 250-300 орчим долларыг загасчлал хийхийн тулд манай улсад төлдөг байна. Энэ мөнгө өмнө нь салбарын яаманд шилдэг байсан бол одоо тухайн сум, орон нутагт үлддэг болжээ. Жуулчид ганцаараа бус 5-10 хүний бүрэлдэхүүнтэй ирдэг гэхээр энэ нь багагүй мөнгөн дүн. Жуулчид ирээд буцах бус тухайн орон нутгийн иргэдийн амжиргаанд ч эерэг нөлөөллийг үзүүлж, орон нутгаас хүнсний хэрэглээ, загасчин хөтөч зэргийг авч өрхийн эдийн засагт дэмжлэг үзүүлдэг байна. Мөн загас болоод байгаль орчныг хамгаалах чиглэлд ч багагүй хандив тусламж үзүүлдэг аж. Тиймээс загасчлалыг дагасан аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засгийн боломжуудыг бий болгох ирээдүй Биндэръяа хөх нуураас харагдаж байна.

Хэдийгээр эдийн засгийн хувьд нааштай ирээдүй харагдаж байгаа боловч нөгөө талдаа байгаль орныг хамгаалах, зүй зохистой ашиглах асуудал энд мөн хөндөгдөхөөр байгаа юм.
Нэг багт гурван тамирчин байв. Тэд А, Б, С гэсэн гурван хэсэгт хуваагдан хоёр үеэр өрсөлдсөн юм. Эхний хэсэг тамирчид нэг цаг 30 минутад өөрсдөө заасан талбайд цооног гаргаж, өгөгдсөн хугацааны турш загасчилсан бол хоёрдугаар хэсэг өөр талбайд өмнөхтэй ижил зарчмаар загасчилав.

Загасчлалын спорт нь тухайн сав газрын загас, байгаль орныг хамгаалах томоохон зорилгыг өмнөө тавьдагийн хувьд тэмцээнд оролцогчид барьсан загасаа буцаан байгальд нь тавьдагаараа онцлог юм. Мөн химийн гаралтай өгөөш хэрэглэдэггүй байна.
Орон нутагт аяллын шинэ төрөл хэлбэрийг хөгжүүлэхэд идэвх гаргаж Жаргалант сумын ЗДТГ-ын хамт олон амжилттай зохион байгуулав.

Ивээн тэтгэгч байгууллагаар “Аялагч загасчин” дэлгүүр, Солонго бичиг хэргийн дэлгүүр зэрэг байгууллагууд дэмжиж ажиллажээ.

Shares

Холбоотой мэдээ