С.Эрдэнэ ялагдлаа хүлээн зөвшөөрсөн ч хууль зөрчсөн асуудлыг шалгуулна гэв

2021-06-11 215 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуулийн санал хураалтын дүнгээс хойш ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан бөгөөд өнөөдөр олны өмнө ил гарч байр сууриа ийн илэрхийллээ:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргасан байна. Миний хувьд сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, нийт гишүүдийнхээ дэмжлэгтэй оролцлоо.

Үйл ажиллагаа сонгуулийн хууль дүрмийн хүрээнд явагдсан боловч зөрчлийн болон эрүүгийн хуулийн шинж хэлбэртэй маш олон үйлдэл гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бэлэн мөнгө тараалт, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг дайчилж оролцуулсан, шахсан шаардсан компанит ажил явагдлаа. Сонгуулийн явц байдал, дүнг харахад эрх барьж буй МАН зарим улс төрийн хүчинтэй хамтарч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хууль бус аргаар шийдвэрлэх, зохицуулах үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй. Энэ тал дээр Ардчилсан нам судалгаа, хяналт шинжилгээний ажлыг хийнэ. Гэхдээ нэгэнт сонгууль явагдаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталгаажуулсан учир манай нам тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд нэг зүйлийг чухалчлан захъя.

Нэр дэвшигчийн зүгээс өрсөлдөгчийнхөө мөрийн хөтөлбөр, тавьсан зорилго зорилттой нарийн танилцсаны хувьд, улстөрийн нөхцөл байдал нарийн ээдрээтэй байгаа цаг үед Та Монголын ард түмэнд хандан хэлсэн амлалтаа бүү мартаарай. Өнөөдөр үүсээд буй нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэдэг захиасыг даатгая. Сонгуулийн үеэр би янз бүрийн байр суурь илэрхийлж байсан ч миний илэрхийлсэн байр суурь бол Монголын ард түмний тэр дотроо шударга ёс, ардчиллыг хүсч эрмэлзсэн олон түмний үг байсан шүү. Монголд парламентын засаглалыг дэмжих, ардчилал шударга ёс, эрх, эрх чөлөөг улам дэмжих талаар та нэг биш удаа дурдсан. Тиймээс энэ үг амлалтандаа хүрч, биелүүлж чадна гэдэгт тань итгэж байна.

Улстөрийн халуун тогоонд 30 гаруй жил хамт байж, өрсөлдөгчдийн хувьд бие биедээ нэг биш удаа хатуу ширүүн үг хэлж байсан ч гэсэн Монгол төрийн үйл хэрэг, Монголын ард түмний эрх ашиг гэдэг чухал зүйлийг хэн нь ч орхиж огоорч болохгүй. Би танд итгэж байгаа учраас СЕХ-ны тогтоолыг хүлээн зөвшөөрч, цаашдын үйл ажиллагаанд тань амжилт, сайн сайхныг хүсье.

Маш олон будилаантай асуудлууд гарсныг холбогдох байгууллагууд шалган тогтоох байх. Улс төр өөрөө цэвэр байх, ялангуяа бүх шатны сонгууль хууль ном дүрмийн дагуу явагддах байх ёстой. Бид энэ байдал руу хамтдаа шилжих ёстой. Өнөөдөр аль нэг улс төрийн хүчний хэрэгцээ шаардлага хангагдаж байвал Монгол Улсын хууль дүрэм зөрчигдөх, эсвэл шударга ёс алдагдах асуудал хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй.

Би эцсийн мөч хүртлээ Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө явна. Дарангуйлалгүй төр, дарангуйлалгүй Монгол Улс оршин тогтноно гэдэгт итгэж байна. Монголын ард түмэндээ, Ардчилсан намын гишүүддээ, сонгогчдодоо дахин гүн талархал, хүндэтгэж буйгаа илэрхийлье.

-Мөнгө тараасан гэдэг асуудал дээр танд баримт бий юу?

-Маш их хэмжээний мөнгө тараалт явагдсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө мэдэж байгаа. Манай сонгуулийн штаб дээр маш олон баримт, материал, өргөдөл гомдлууд ирсэн. СЕХ үүнд хяналт тавьж ажиллана гэдэгт итгэж байна. Энэ асуудлууд шалгагдах байх. Би баримтгүй, нотолгоогүй асуудал яриагүй.

-Таны улс төрийн каррьер үүгээр дуусч байна гэж ойлгож болох уу?

-Би тэгж бодохгүй байна. Би үйл хэрэг, үнэт зүйлийнхээ төлөө амьдралаа зориулах гэж улс төрд орсон. Тэрнээс биш сонгуульт өрсөлдөөнт орсноосоо болж үйл ажиллагаагаа зогсоох бодол алга. Ардчиллын төлөө 31 жил тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэх болно. Миний улс төрийн каррьерт цэг тавихыг хүссэн хэсэг бүлэг этгээдүүд бий. Би тэдний хүслийг хангахгүй гэдгээ хэлье. Нэгэнт болоод өнгөрчихсөн асуудлын араас хэл ам хийгээд яахав гэх байдлаар дандаа асуудлыг орхидог. Ийм байдлаар зарим нэг асуудлууд орхигдож байгаа байх. Гэхдээ өнөөдөр баримт нотолгоогүйгээр асуудлыг яриагүй, баримт бол хангалттай бий.

Холбоотой мэдээ