Хувираагүй хайрын түүх

2021-06-13 574 1

Хувиршгүй бөгөөд үнэнч хайрын эзэд бол Баян хочтой Баясаа буюу Ж.Баясгалан түүний гэргий Э.Мөнхтуяа нар юм. Баясааг жүжигчин болон бизнесмен гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэднийг хамтран дуулахаас өмнө эхнэрийг нь цөөхөн хүрээнийхэн л мэддэг байв. Харин өдгөө Э.Мөнхтуяа сайхан бүсгүй төдийгүй халамжит сайн хань гэдгээрээ олны талархлыг хүлээсэн юм.

Хосууд ‘Чин зүрх’ дуугаа тэдэнд тусалсан хүмүүст сайхан сэтгэлийнх нь хариу талархал болгож дуулан дүрсжүүлсэн нь хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болсон билээ.

Ж.Баясгалан ‘Хамгийн их эрч хүч өгдөг зүйл бол мэдээж гэр бүл. Би дөрвөн хүүхэдтэй аз жаргалтай аав. Бас энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нөхөр. Ханийнхаа харц, хүүхдүүдийнхээ цангинасан дуу хоолойн дунд аз жаргал, эрч хүчээр дүүрэн байдаг. Ер нь сайхан бүхнээс урам авч явдаг даа. Бухимдлыг өөртөө удаан байлгахыг хүсдэггүй’ хэмээжээ.

Түүний гэргий Э.Мөнхтуяа мөн жүжигчний мэргэжилтэй. Хосууд ууган хүүгээ 2009 онд өлгийдсөн бөгөөд хүүгээ хоёр нас хүрэхэд ихэр хүүхдээ тээжээ.

Өнгөрсөн онд тэдний танилцсаны 16 жилийн ой тохиосон. Баясааг асар романтик хүн гэдгийг ханилснаасаа хойш мэдэрч байгаа эхнэрт нь түүнд сайхан чанарууд бүрэн цогцолсон мэт санагддаг гэнэ.

Э.Мөнхтуяа нөхрийнхөө талаар ‘Магадгүй гамшиг болж, галав юүлсэн ч юу ч хамаагүй хийгээд гэр бүлээ авч явах хүн. Мэдээж залуу гэр бүл гачигдах дутагдах үе гарна. Тэр болгонд надад ачаалал өгөхгүй давж гарч байсан. Жүжигчний хөдөлмөрөөр амьдралаа болгож ирсэн гэвэл худлаа. Аавынхаа мэргэжлийг өвлөн, бидний эхлүүлж босгосон бизнес одоо амьдралын минь баталгаа болж байна’ хэмээн ярьсан байдаг.

Тэр нэгэн осол болсон өдөр хосууд хамтдаа байсан гэнэ. Өмнөх уралдаанд нь түрүүлсэн нөхрөө гараанаас үдэж өгсөн бүсгүй барианы ойролцоо хүлээжээ. Эхний гурван тамирчин орж ирсний дараа зөн совингоороо ямар нэг муу юм болсныг гадарласан аж. Тэрээр очингуутаа хамгийн түрүүнд ‘Би хэн бэ’ гэж асуутал нөхөр нь өөдөөс нь ‘Дулмаа юу’ гэж тоглосон гэдэг. Хэрэв бүрэн бүтэн байгаад ой санамжид нь нөлөөлсөн бол хамгийн том гарз байх байлаа хэмээн бүсгүй ярьжээ.

Өдгөө Ж.Баясгалан хөгжлийн ялгаатай иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хүртээмж, оролцоог сайжруулахад анхааран ажиллаж байна.

Мөн тэрээр хайгуул, гүний дулааны чиглэлийн компани, цацагт хяруулын ферм, махны чиглэлийн үхрийн ферм, технологийн стартап компани байгуулан ажиллаж байгаа аж. Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нөхөн сэргээлт хийж, сумын төвийн дэд бүтцийг сайжруулах олон төслийг хэрэгжүүлэхийн сацуу IT чиглэлийн гарааны бизнесээ ч эхлүүлж амжилттай авч яваа.

Баясаа өглөө бүхнийг инээмсэглэлээр эхлүүлдэг. Өглөө бүр сэрсэндээ, нарыг харсандаа, мэдэрсэндээ баярладаг. 2018 онд Баха бартаат замын уралдааны үеэр осолд орсноос хойш өглөө бүр амьд байгаадаа баярладаг болсон гэнэ.

Тэрээр

-Би осолд орсныхоо дараа эмнэлэгт 217 хоног хэвтсэн юм. Эхний 180 хоногт утсаа нээхгүйгээр өөрийгөө бүрэн чөлөөлсөн. Дараа нь бага багаар утсаар ажлаа амжуулж, хажуугаар нь хүмүүстэй уулздаг байлаа. Эмнэлгээс гарсны дараа аав надаас ‘Миний хүүгийн бие нь яаж байна, ажлаа хиймээр байна уу, эсвэл гэртээ амрах уу?’ гэхээр нь ‘Ажлаа хийвэл сатаарч байна’ гэтэл ‘Зөв шүү дээ. Ингээд хэвтээд байлгүй ажлаа хий дээ’ гэсэн юм. Тухайн үед үе үе ухаан алдаж гэрийнхнийгээ сандаргаад, амархан ядардаг байсан учраас ааваас бусад хүмүүс ажлаа хийх хэрэггүй гэж зөвлөж байсан. Заримдаа шантармаар санагдах үед аавын хэлсэн тэр үгс сэрхийтэл орж ирдэг юм. Өмнө нь орон дээр өвчтэй хэвтээд, дусал залгуулсан хэрнээ ажлаа хийсэн байж, одоо суудаг болсон хойноо элдэв шалтаг тоочих хэрэг байна уу гэж өөрийгөө зэмлэх болсон. Аавын минь хэлсэн үгс миний амьдралд их тус болсон доо хэмээн ярилцлагадаа дурдсан байдаг.

Түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөд нь монголчууд харалган зангаа харуулж түүнд сонгогдох боломж олгоогүй нь даанч харамсалтай. Хэрвээ Баясаа сонгогдсон бол 110 мянга гаруй хөгжлийн ялгаатай иргэдийн дуу хоолой болох байлаа.

Ц.Маргад

 

  • Зөвхөн хөл дээрээ босохын төлөө  өөртэйгээ  ажилламаар  санагдах  юм.  Их баян  хүн юм бол …… ….  зөвхөн  өөртэйгээ  ажиллавал    3 -8  жилийн дотор  хөл  дээрээ  босно доо.    Зааж  өгч  итгүүлэх юм сан.

Холбоотой мэдээ