Э.Одгэрэл шиг болъё гэвэл нэг буузыг 30 минут идэж сурах хэрэгтэй

2021-06-15 3688 4

 

Өдгөө 54 нас шүргэж яваа гэхэд үеийнхнийгээ аль хэдийнэ хол хаясан түүнийг ямартаа залуус цахим орчинд ‘Одгэрэл эгч ээ, хөгшрөөд өгөөч ээ, биднээс залуухан харагдаад байна’ гэсэн хошин пост оруулж байхав.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргын сэнтийд залрах болсон Г.Баасан, дуучин Т.Ариунаа, хошин урлагийн акулуудын нэг И.Одончимэг, загвар өмсөгч Э.Одгэрэл нар нас чацуу гэдэг.

Хөл хорионд байсан монголчуудыг уйдаахгүй гэсэндээ урлаг соёлынхон хамтарч ‘Карантин-14’ шоуг эхлүүлэхэд шүүмжлэх дуртайчуудын хэл амны бай болсон. Хэд хэдэн дугаар нэвтрүүлж байж аливаад дасдаг зангаараа арайхийж ээнэгшиж билээ.

Эл шоуны төгсгөлд Э.Одгэрэлийг хөтлөгч М.Батбилэгтэй холбож хуримынх нь товыг хүртэл зарлахаа шахсан. Энэ тухай Билгээ ‘Ийм сайхан эмэгтэйтэй нэр холбогдсондоо баяртай байна’ гэсэн юм.

Мэдээж түүнээс үлгэр жишээ авах гэсэн бүсгүйчүүд топ эмэгтэйн амьдралын хэмнэлийн талаар сонирхдог бөгөөд үд хүртэл унтдаг, Сингапураас жимс авчруулж иддэг, сүүнд ордог гэх мэтээр янз бүрийн дам яриа тархсан. Телевиз ердөө үздэггүй, нийгмийн сүлжээг ч ховорхон ашигладаг болохоор стресс багатай амьдардаг гэдгээ мөнхийн залуу хатагтай өөрөө хэлнэ билээ.

Харин дээдсийн хүрээнийхнийг гоёдог гэх ‘Нафа Монголиа’-ийн захирал Н.Солонго рекламандаа Монголын сор болсон топуудыг тоглуулдаг бөгөөд Э.Одгэрэлтэй удаан хугацаанд хамтран ажиллаж буй. Тэд сурталчилгааны зураг авалтаа хийхээр Увс аймагт нэгэн айлаар зочилжээ. Очсон айл нь буузаар дайлж гэнэ. Зураг авалтын багийн хүмүүс тус бүрийн таваг дүүрэн буузаа тэр дор нь ‘машиндчихаж’. Тэгтэл топ маань нэг буузыг хорин хэдэн минут идсэн гэнэ.

Энэ талаар Н.Солонго:

-Эмэгтэй хүн хаана ч явсан дотоод, гадаад гоо сайхнаа алддаггүйн жишээг Одгэрэл эгчээс харсан, хооллох соёлыг нь биширсэн. Ааруул, сүү гэх мэт монгол хоолоо түлхүү хэрэглэдэг. Хотын зураг авалтад ч гэсэн жижиглэсэн ааруулаа багахан хэмжээгээр савлаад нэг дор ихээр нь биш бага багаар 30-40 минутын зайтай иддэг. Хоолыг удаан, зөв боловсруулж шингээх ёстойг топоос сурсан. Эмэгтэй хүнийг гайхамшиг гэж ярьдаг бол тэр нь Одгэрэл эгч. Зөвхөн бууз идэлтнээс ч биш алхаа гишгээ, яриа хөөрөө, уян зөөлөн зан чанар гээд бүхий л зүйлээрээ гайхмаар эмэгтэйлэг’ хэмээн Golf & Coffee нэвтрүүлгээр ярьсан байдаг.

Ц.Маргад

Холбоотой мэдээ