Энэ цагийн малчдыг хүлээж буй эрсдэл

2020-11-30 389 0

Аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг отроор ѳѳр аймаг, сумын нутагт оторлож буй малчин ѳрхүүдээ эргэж, нѳхцѳл байдал ямар байгаатай газар дээр нь танилцаж, ажиллаад ирлээ. Энэ ажлын хэсэгт Баян-Өндөр сумын Засаг дарга У.Балжинням, Шинэжинст сумын Засаг дарга З.Мөнхтөр нар багтжээ.

Энэ зуны тухайд Бууцагаан, Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст сум гангийн байдалтайгаас ѳѳрийн нутагт зусах боломжгүй болгоод байна.

Бууцагааны дээд хэсгийн малчид Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сумаар, Баянцагаан сумын малчид Говь-Алтайн Чандмань, Эрдэнэ, Баянхонгорын Баян-Овоо, Баацагаан сумын малчид Бөмбөгөр, Баян-Овоо, Баян-Өндөр сумын малчид Баян-Овоо, Жинст, Өлзийт, Богд, Өвөрхангай аймгийн нарийн тээл, Шинэжинст сумын малчид аймгийн төв орчим, Өлзийт, Жинст, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийн тээл, Баянговь сумын малчид Баянлиг, Богд, Жинст сумын нутгаар тус тус оторт гараад байна.
Тухайлбал, Баян-Ѳндѳр сум нийт 740 малчин ѳрхтэйгээс 700 ѳрх ѳѳр аймаг, сумын нутагт отроор явжээ.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг эхний өдөр ажилласан Ѳлзийт, Богд сумын нутгийн зам дагуу Хулгарын гашуут, Ховдлын худаг, Мээмийн худаг зэрэг газарт Баянлиг, Шинэжинст сумын малчид оторлож байна.

Баянлиг сумын малчин С.Банди ховдлын худагт 1000 орчим толгой малтай оторлож байна. Тэгвэл Мээмийн худагт Шинэжинст сумын зургаан малчин ѳрхийн 6000 орчим толгой мал 265 км замыг арав хоног туулж иржээ.

Аймгийн Засаг дарга эдгээр малчдад бусдын ѳвѳлжѳѳ, хаваржаанаас зайтай оторлож хамар багтахаараа идэж, хаяа багтахаараа буухыг захисан бол нутгийн малчдад худаг ус, бэлчээр нутгаа хувааж харилцан ойлголцож зусахыг хүслээ.
Ажлын хэсэг цааш Баянлиг, Жинст, Богд, аймгийн төвийн баруун хэсэг, Баян-Овоо сумын нутагт оторлож буй Шинэжинст, Баян-Өндөр, Баянлиг сумын оторчидтой уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Говийн бүс нутгийн агаарын темпратур дундажаар +37 хүрч халж байгаагаас малчдын эрүүл мэндийн асуудал ч санаа зовоож байна.

Оторт гарсан айл өрхүүд бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйтэй явж байгаа нь элбэг байна. Тиймээс тухайн оторлож буй сумын эрүүл мэндийн төв, багийн эмчтэй газар дээр нь холбоо тогтоож, бүртгэлд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахыг үүрэг болгож байв.

Шинэжинст сумын залуу малчин Бат-Эрдэнэ Баянлиг суманд оторлож байна. Эднийх бага насны хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн онд Бат-Эрдэнэ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссан малжуулах төсөлд хамрагдаж 100 богийг маллах болжээ. Өнгөрсөн оны өвөл, хавар хүнд байсан тул энэ онд төл аваагүй байна. Малын хоргодолгүй зунтай золгосон хэдий ч нутагт нь гантай байгаагаас ийнхүү оторт явж байна.

Отрын малчдын өмнө худаг, усны асуудал хүндрэлтэй байна. Нутгийн малчдын хувьд өөрийн өвөлжөө, хаваржааг хамгаалах, өөрийн мал сүргийг онд оруулах шаардлага тулгарч байгаа бол отрын айл өрхүүдийн хувьд малаа услах, соргог бэлчээрт бэлчээрлүүлэх сонирхол өндөр байна. Эндээс малчид хоорондын үйл ойлголцол үүсч мэдэхээр байгаа тул аймгийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 15-ныг хүртэл отроор явж буй айл өрхтэй харилцан ойлголцох, боломжоороо нутаг бэлчээрээ хуваах, худаг усаа ашиглуулах, хуулиас гадуур татвар хураамж авахгүй байхыг үүрэг болгоод байна. Шаардлагатай нөхцөлд захирамжид дурдсан хугацааг сунгах хүртэл арга хэмжээ авахаа отрын малчдад аймгийн Засаг дарга дуулгалаа.
Оторт гарсан малчид малдаа тэвээрэг авахуулаад зах зээлд борлуулж цөөн тооны малтай болох сонирхол өндөр байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Нөгөө талаар үүлэнд зориудаар нөлөөлөх ажил, арга хэмжээг говийн сумдад авч өгөх шаардлага байгааг ч дуулгав.

Энд аймгийн Засаг дарга Г.Батжаргал аймгийнхаа зуншлага боломжийн байгаа хангайн сумдад бэлчээр чѳлѳѳлѳх замаар отроор явж буй айл ѳрхүүдээ ѳвѳлжүүлэх боломжийг судалж байгааг хэлээд мал, мах борлуулахад онцгой анхаарч Засгийн газарт санал хүргүүлэхээ илэрхийллээ. Нөгөө талаар энэ сарын 27-ноос эхлэн нутгийн баруун хэсэг, говийн сумдаар үүлшиж, хур бороо орох магадлал 60 гаруй хувьтай байгаа тул УЦУОШЕГ-тай хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулахаар болсноо дуулгалаа. Энэ ажлыг амжилттай хийж чадвал говийн сумдад наймдугаар сард ч зун болох боломжтой байдгийг малчид хэлж байна.

Мѳн Булган аймагтай тохиролцож хадлан бэлтгэхээр зэхэж байгаа тухай дуулгав.

Сонирхуулахад аймгийн Засаг даргын захирамжаар зуншлагын нѳхцѳл байдалтай танилцах ажлын хэсэг говийн сумдад ажиллаад байна. Тэд энэ долоо хоногоос эхлэн хангайн сумдад ажиллаж бэлчээр чѳлѳѳлѳх боломжийг газар дээр нь судална.

Холбоотой мэдээ