Амины үнэтэй ашиг харж байгаа бол ААН-үүд өөрсдөө хариуцлагаа хүлээ

2021-06-24 748 0
Shares

Тэвчээр нь тасраад байгаа ресторан, кафе, уушийн газруудад ард түмэн илүү тэвчээртэй гэдгээ харуулцгаая

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж байгууллагууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Ресторан, кафе, уушийн газрууд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна хэмээн даналзаж буйн цаана зөвхөн УОК хэмээх “хадны мангаа”-гийн шийдвэрийг эсэргүүцсэн агуулга нуугдаагүй бөгөөд нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая иргэний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал илтээр хөндөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Бид үхэхээр бүгдээрээ хамтдаа л үхэцгээе” хэмээн халдварт цар тахлын үед олон нийтийн эсрэг зориудаар үйлдэж буй гэмт хэрэг гэж хэлж болно.
Одонгийн найр, төрийн одон медалийн угаалгын захиалгад хэдийн дарагдсан байсан тэдэнд өч төчнөөн хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох нь эмгэнэл бус, хэдэн өдрийн орлого тасалдах нь л эмгэнэл юм байна. Ийм увайгүй, амин хувиа хичээсэн хэсэг бүлгийн төр, засагтаа үзүүлж буй шахалт нийт нийслэлчүүдийн эрх ашгаас дээгүүр эрэмбэлэгдэнэ гэж яаж бодож чадав аа.


Ард иргэд, айл өрхүүдийн амьжиргааг бодолцож, ашиг орлогыг нь тасалдуулахгүй байх үүднээс Засгийн газар бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоолгүй өнөөг хүртэл харзнасан, хүлээзнэсэн. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж байгууллагуудыг 40-60 хувийн дүүргэлттэйгээр, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан үйл ажиллагаа явуулах боломжийг хангалттай олгосон шүү дээ. Гэтэл бодит нөхцөл байдал ямар байлаа. Урьдын адил заал танхим дүүрэн ширээ, ширээ болгон пиг хүнтэй. Юун хүн хоорондын зай барих, юун вакцины 2 тунгийн бичиг шалгаж оруулах, юун 2 цаг тутмын ариутгал халдваргүйтгэл. Тогооч, үйлчлэгч нарынх нь дунд 2 тун вакцинаа ч хийлгээгүй газрууд бишгүй байгаа нь тогтоогдсон. Мөнгө улаан, нүд цагаан гээч л болж байсан. Гэтэл газар дээр нь хяналт тавих ёстой нийслэл тэр үед загас мэт дуугүй л өнгөрсөн. Эцсийн мөчид гол хохирогчид нь ард иргэд өөрсдөө болж байна.
Иймд одоо тэгвэл ард иргэддээ, нийслэлчүүддээ хандаж нэг зүйлийг уриалмаар байна. Тэртээ тэргүй ямар ч цаг үед ямар ч сэдвээр попордог улстөрчидтэй юм хойно “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж байгууллагууд хэцүүдлээ. Эднийг ажиллуулах нь зүйтэй” гээд мөдхөн аль нэг дарга, мээр, сайдаасаа эхлээд буугаад өгөх нь магадтай. Харин тэр үед нь хэдүүлээ өөрөө өөрсдийгөө л хамгаалъя, тэгэх үү. Хамгийн хүнд мөчид ч төрийн шийдвэрийг төрийн шийдвэр биш болгож чаддаг унхиагүй улсад өөр яалтай ч билээ.

Таны амийг тэр ресторанууд хариуцахгүй. Таны хайртай гэр бүлийнхний эрүүл мэндийг тэр кафе, пабууд хариуцахгүй. Попорсон улстөрчид бол бүр ч хариуцлага хүлээхгүй. Тиймээс амь амиа л бодоцгооё. Уушийн газраар уулзалт зохион байгуулахгүй, зоогийн газарт зоог барихгүй, кафе, паб таарвал холуур явцгаая, хэсэгтээ л. Ресторан, кафе, уушийн газрууд ажиллаад эхлэхээр ард иргэд бөөн бөөнөөрөө шогшоод ороод ирнэ гэж бодсоор байгаа тэр ААН-үүдэд нь ч, өнөөх улстөрчдөд нь ч “Та нарын бодсон шиг амиараа дэнчин тавихаар тэвчээргүй маанагууд биш” гэдгээ харуулъя л даа.

Shares

Холбоотой мэдээ