Замаас мөнгө туудаг арга өөрчилж ТЭМДЭГ тарааж халаасаа зузаалахаа зогсоо эрх баригчдаа

2021-06-28 498 0
Shares

Үе үеийн эрх баригчдын мөнгө завших, төсвийн хөрөнгөөр хөлжих ганц арга нь авто зам тавьж, түүнээсээ ашиг хүртэх байв. Угтаа бол анх зураг төслийг нь боловсруулахдаа өндөр өртөг, зардлаар чанартай зам тавина гээд төсвөө батлуулаад замаа тавих явцдаа бүх шатанд хөрөнгийг нь “хумсалсаар” яг ашиглалтад орохоороо нэг жил хүрэхтэй үгүйтэй насжилттай нимгэн зам тавьдаг нь нууц биш юм. Угтаа бол зам барих хөрөнгийг нь хувааж танасаар нэг бол нимгэн үгүй бол нарийн болгоод анх гаргасан зураг төслөөсөө хэд дахин бага зардлаар хэврэг зам тавьдаг байдал манайд уламжлал болтлоо хэвшчихсэн. Зүй нь бол авто замд хамгийн их хөрөнгө “хаядаг” учир ийн мөнгө завших хамгийн боломжтой арга нь байв. Харин өдийд авто замын салбар илүүчлэх мөнгөгүй болтлоо төсөв нь улайсан учир тэд өөр арга сүвэгчилсэн бололтой.

Энэ жил Үндэсний баяр наадам зохион байгуулахад нэлээд хөрөнгө зарцуулж буй. Хэдийгээр цар тахлын үед “Төсөв санхүү хүндхэн байна, бүсээ чангална” гэж ам уралдан ярьж байгаа ч наадмаа тэмдэглэх хөрөнгөө хэдийнээ илүүчлээд төсөвлөчихсөн. Гол нь МАН-ын Ерөнхийлөгч 100 жилийнхээ ойн баяраар ард түмэндээ хандаж үг хэлэх нь юу юунаас илүү чухал байгаа билээ. Иймдээ ч МАН-ынхан намынхаа 100 жилийн ойг нижгэр тэмдэглэх төлөвлөгөөний дагуу ажиллаж халдварын тархалт нэмэгдэж, хүний амь эрсдэж байгааг үл тоон баяраа хийхээр “улайрч” байгаа.

Цахим хэлбэрээ зохион байгуулах энэ арга хэмжээнд гэхэд л нийт 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөчихсөн бэлтгэл ажлаа базааж байгаа юм. Наадмын бэлтгэл, тэгш ойн арга хэмжээг зохион байгуулахад чамгүй хөрөнгө зарах нь нэгэнт тодорхой учир эндээс хонжоо хайгчид цөөнгүй биз ээ. 100 жилийн ойн хамгийн чухал арга хэмжээ нь ойн баяраар олгох төрийн дээд шагнал буюу 100 жилийн ойн медаль юм. Тэд медалийнхаа загвар, хийцийг хэдийн гаргачихсан, хэвлүүлж тараах том ажил үлдээд буй. 100 жилийн ойн баяраар 150 мянган хүнд гардуулах энэ медальд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн.


Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн загвар шалгаруулах уралдаан зарлаж, ирүүлсэн загваруудыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд загварыг шалгаруулж баталжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор хуулийн төсөлд тусгасан. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр багагүй шүүмжлэл гарч, “Анх гаргасан загвараасаа илүү нимгэн болсон байна” гэдгийг гишүүд ил цагаан хэлэв.
Мөнөөх л сурч, дадсан жишгээрээ медалиа нимгэрүүлж, хөрөнгийг нь илүүчилсэн үү гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд амжив. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт “100 жилийн медалийн хэмжээ өмнө нь танилцуулснаасаа багасаад, нимгэрчихжээ. Энэ медаль Ерөнхийлөгчийн зарлигаар олгох төрийн өндөр дээр шагнал. Яагаад өмнө нь оруулж ирсэн эх загвараа өөрчлөөд байгаа юм бол” хэмээн ам асуусан удаатай.

Харин Соёлын дэд сайд М.Батбаяр “Медалийн загварын уралдаан зарлахад нийт 14 уран бүтээлч оролцсон бөгөөд тэндээс шалгаруулсан. Засгийн газрын хуралдаанд хоёр удаа танилцуулж, дэмжсэний үндсэн дээр УИХ-д оруулж ирсэн. Хэмжээний тухайд сайжруулахын тулд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Тухайлбал, медалийн загварыг үйлдвэр дээр нь аваачиж үзүүлсний үндсэн дээр тохирсон хэмжээгээр нь өөрчилсөн” гэх харилт өгч харагдсан. Ямартай ч 100 жилийн ой медалийг энгэртээ гялалзуулах 150 мянган хүнийг нэрийг шалгаруулах ажил эхэлсэн гэх.

ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛАХАД НАМТРАА ТАЙЛАГНАХ ШААРДЛАГАТАЙ

100 жилийн ойн тэмдэг нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ.

Энэ ойн медалийг эх орныхоо төлөө хийсэн гавьяатай хэлэх үгтэй 150 мянган иргэн авна. Угтаа бол Монголын төрд хэн ямар гавьяа байгуулсан нь бэлхнээ ил баймаар. Гэтэл 100 жилийн ойн медалийг энгэртээ зүүхийн тулд хийсэн байгуулснаа тодорхойлж, бичиг баримт бүрдүүлэх шаардлага тавьжээ. Угтаа бол хамгийн сайн өөрийгөө дөвийлгөж тодорхойлсон нь энэ шагналыг хүртэх нь бололтой.

ТЭМДЭГ ЗҮҮХ ТЭНЭГЛЭЛЭЭ ХЭЗЭЭ ЗОГСООХ ВЭ

Монголчууд тэмдэг зүүж, энгэрээ цоолох “дон” тусчихсан уу гэлтэй. Сүүлийн үед энгэртээ одон тэмдэг зүүгээгүй бол хүн гэж үнэлэгдэхээ байтлаа одон тэмдэгэнд донтож байна. Жил ирэх тусам одон тэмдгийн үнэ цэн үгүй болж, хэн дуртай нь зүүдэг болчихсон. Угтаа бол жинхэнэ хөдөлмөрөө үнэлүүлдэг уламжлал алдагдаж буйн тод жишээ энэ боллоо. Сүүлдээ тэмдэг хүртээх аргаа олж ядаж байх шиг.


Монголчууд биенээ шагнаж одон зүүдгийн хэрээр хөдөлмөрлөж байгаа бол өдийд улс орон нь хөгжлийн дээд цэгтээ хүрч, дэлхийд гайхагдах улс байв. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл монголчууд ядуу буурай орнуудын жагсаалтаас гарч чадахгүй, өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж байгаа нь гашуун үнэн билээ.

Shares

Холбоотой мэдээ