Хуурамч тодорхойлолтоор ЖДҮ-ээс 2 тэрбумыг авсан УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хэргийг АТГ-аас шалгаж, дуусчээ

2021-06-28 717 1
Shares

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-иар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган шалгаж байсан. Тэгвэл түүний хэргийг АТГ-аас шалгаж, дууссан талаар эх сурвалж мэдээллээ. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-аас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуувилдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан гэдэг нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулж байжээ. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм.

Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь “Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байжээ. Тодруулбал, тэрбээр бүртгэж авсан албан бичигтээ “Танай компаниас (РД: 20111255) ирүүлсэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлт болон холбогдох материалуудыг судалж үзэхэд ЖДҮ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгэсэн болохыг үүгээр уламжилж байна” хэмээжээ.

Хууль хяналтын байгууллагаас нэр дурдагдсан хоёр эрхмийг бусдад давуу эрх олгосон, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган, шалгаж байна.

М.Дондогдорж даргын дурдсан ЖДҮ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ийн заасан байдаг аж.

5 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч

5.1.Дараах нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамааруулна:

5.1.1.“Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;

5.1.2.“Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;

5.1.3.“Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хамруулна хэмээн заасан байдаг юм байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь жилийн 2.6-8.3 тэрбумын борлуулалттай тус компанийг ЖДҮ эрхлэгч хэмээн хууль бусаар бүртгэжээ. “Дорнод гурил” ХХК-ийн борлуулалт жил ирэх тусам өсөн нэмэгдэж, 2011 онд 2.6 тэрбумын борлуулалттай байсан бол ЖДҮХС-аас зээл авахынхаа өмнөх жил 8.3 тэрбум болж өссөн байна.
Хууль хяналтын байгууллагаас хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс гадна сангаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр Х.Болорчулууныг шалгаж байгаа юм.

Shares
  • АТГ -ын   зоригт шударга эрчүүдэд  баяр хүргэе.    Шалгаж   буулгах  хэрэгтэй,  нилээн өвчтэй  нөхөр шүү,  энэ  болорчулуун.   

Холбоотой мэдээ