Тоглох эрхгүй хүүхэд нас буюу торонд хашигдсан хар өдрүүд

2021-07-05 338 0
Shares

Их дэлгүүрийн хажуу дахь 12 давхар дөрвөн байрны дундах ганц хүүхдийн тоглоомын талбай. Ганцхан гулгууртай, сөөм газарт хашсан тамхины иш, шээс хог дүүрэн элснээс өөр юмгүй ч хүүхдүүд орох хориотой. Гэхдээ ийшээ томчууд орж суугаад тамхи татаж, архи ууж болно. Бас гадаа гудамжны бүх сагсны шийдийг хөрөөдөж аваад талбайг нь цоожлоод 2 жил боллоо.

Ковидоос болж монголд хамгийн их хоригдож, хохирч байгаа нь хүүхдүүд л байна. Бие бялдрын хөгжил, эрдэм боловсролоор монголын ирээдүй дэлхийгээс 2 жилээр хоцорчихлоо. Гэртээ суугаад амттан идэж, дэлгэц ширтэхээс өөрийг мэдэхгүй, ном уншдаггүй, нийгмээс зожигорсон, сүүдрээсээ ч айдаг, итгэлгүй, жингийн илүүдэлтэй тийм л ирээдүй харагдана.

Та анзаарч харсан байх, хүүхдийн тоглоомын талбай тамхины ишээр дүүрсэн байдгийг. Цэцэрлэгийн багачууд шуугилдан тоглож байгаа тоглоомын талбайд хэн нэгэн нь янжуур уугуулж, бяцхан үрсийг минь хордуулж байгааг. Тамхи татан суух хэн нэгэн нь та өөрөө ч байж магадгүй. Уг нь хүүхдийн тоглоомын талбай тамхины цэг биш, түүнийг хэн хүнгүй л мэдэж байгаа. 2012 онд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь иргэд хоол идэх, караокед дуулах, эсвэл уушийн газар шар айраг шимэхдээ дам тамхидалтад өртөхөө больсон. Үр дүн мөн. Гэвч үүнээс илүү гарч хэрэгжиж, дам тамхидалтад өртөж буй иргэдээ хамгаалж чадсангүй.

Тамхины хяналтын тухай хууль батлагдаж байхад нийт хүн амын 27.6 хувь нь дам тамхидалтад өртөж байна гэсэн судалгаа гарч байж. Энэ тоо буурсан гэж бодохгүй байна. Хуульд цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хориглоно гэсэн заалт бий. Энэ заалтыг дагаж байгаа хүн бараг алга. Гадуур хаа сайгүй л тамхи баагуулсан хүмүүс.

Тамхи татах тусгай цэг бараг байхгүйтэй холбоотой. Хэдий тийм ч иргэд минь, залуус аа, аав, ээж нараа, ядаж л хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахаа больёо. Тэртээ тэргүй Улаанбаатарын агаарын бохирдлыг дийлэхгүй, ханиад, томуунд дарлуулж байгаа бяцхан үрсээ тамхины утаагаар утаад яах билээ. Та ч, би ч ялгаагүй бяцхан үрийнхээ эрүүл энхийн төлөө сэтгэл чилээж яваа. Хүүхдийн чинь тоглож байгаа тоглоомын талбайд хэн нэгэн нь тамхи татаж, уушгийг нь хордуулаад, дараа нь ишийг нь шидчихээд, шүлсээ хаяад явбал тааламжтай санагдахгүй л байх. Бусдад ч гэсэн яг л тэгж санагдана. Тиймээс нэг нэгэндээ шаардлага тавьж, хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахаа больцгооё.

Shares

Холбоотой мэдээ