НЭМГ-н дарга Б.Бямбадорж Хүн эмнэлгийн хашаанд амиа алдсанд хариуцлага хүлээж ажлаа өгөлгүй ТАЛИЙГААЧ-ийг элдвээр гүтгэх операци зохион байгуулахаа зогсоо!

2021-07-06 546 1
Shares

Цар тахлын хүрээ тэлсээр нийслэл хотыг бараг бүхэлд нь хамарчихлаа. УОК, НОК, Эрүүл мэндийн холбогдох байгууллагууд дорвитой, зөв, шинжлэх ухаанлаг шийдвэр гаргаж ажиллахгүй бол цөөхөн хүн амтай Монгол улс Цар тахлаар үрэгдээд дуусах нь байна шүү. 35-хан настай залуу эмнэлгийн хашаа анхан шатны тусламж авч чадалгүй өнгөрсөн асуудлыг тэгэсгээд орхих зүйл огт биш. Энэ нь дэлхий нийтэд ч хүний эрх, амьд явах баталгаа МОНГОЛ улсад ямар доод цэгтээ очсоныг харуулах ДОХИО.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад эхэлвэл бид юу гэж тайлбарлаад зогсох болж байнаа. Гэтэл зарим нэг дарганцарууд сандал ширээтэйгээ зууралдаад ямар нэгэн аргаар үлдэх гэж ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ гэдгийн үлгэрээр талийгаачийг ГҮТГЭЖ эхэлжээ. Ийм хүний үнэргүй, арилсан дотортой ДАРГА цаашид өөр ямар ч албан тушаал дээр очсон ТЭНГЭРИЙН МУУХАЙ АРИЛДАГ, ХҮНИЙ МУУХАЙ АРИЛДАГГҮЙ-н үлгэрээр хүнлэг бус чанраа хэзээ ч гээхгүй гэдгийг баттай хэлэх байна. Тиймээс НЭМГ-н дарга Б.Бямдоржийг цаашид энэ салбарт удирдах албан тушаалд ажиллуулж огт болохгүй хүн гэж зарлах хэрэгтэй.

Талийгаач залуу хоёр хоногийн өмнө ковидын халдвартай нь батлагдаж, гэрээр эмчилгээ хийж байсан гэдэг. Тэрээр бие нь муудаж, улмаар түргэн дуудсан ч тусламж авч чадалгүй “Энэрэл” эмнэлгийг зорьсон байдаг. Харьяалал биш гэсэн шалтгаанаар хоёр эмнэлгийн дунд “хөөгдөж” явсаар тэр эмнэлгийн хашаа налж, өнгөрсөн юм. Цогцос нь хөрж, хөштөл тэр суугаараа эмнэлгийн хашаа налсаар арай гэж ар гэрийнхэн нь ирсэн юм билээ.

Талийгаач энэ байрны зоорийн давхарт алт, мөнгөний дархан хийдэг байжээ. Түүний амьдарч байсан зоорийн давхар руу ордог ногоон өнгийн хаалгыг түгжсэн байв. 2021.07.05

Талийгаачийн ах, дүү “Талийгаач маань авга ах руу залгаад “Бие өвдөөд, эмнэлэг явах хэрэгтэй байна” гэж хэлсэн гэсэн. Ах очоод, таксинд суугаад тэр хоёр “Энэрэл” эмнэлгийн үүдэнд ирсэн юм билээ. Гэтэл “Энэрэл” эмнэлгийн зүгээс тусламж үзүүлэхгүй, “Манайх хүлээж авахгүй. Ор байхгүй. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ ханд” гэсэн байна лээ. Талийгаачтай хамт явж байсан авга ах “Энэрэл” эмнэлгийн жижүүрээс гуйгаад, “Та дүүг минь харж байгаарай. Би Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд ирье” гэж хэлээд, ахыг суулгаад үлдээсэн гэсэн. Тэгээд л эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй, хашаа түшээд нас барчихлаа.Талийгаач хамгийн сүүлд амьсгал нь давчдаж, “Би суумаар байна. Хэвтмээр байна. Ус ууя” гэж хэлсэн гэнэ лээ. Тэгээд уснаасаа хоёр, гурав балгаад удалгүй нас барсан гэсэн. Уушгины зураг, эмчийн бичиж өгсөн эм зэргийнхээ бичгийг аваад “Ковидтой. Бие нь хүнд байна” гэж хэлээд байхад эмч нар ахыг минь тоогоогүй. Эхнэр, охиндоо халдвар халдаахгүйн тулд ганцаараа тусгаарлагдсан байсан. Вакциндаа хамрагдсан байсан. Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байна” хэмээн ярьсан билээ.

Талийгаачийн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо

Б.Бямбадорж: Талийгаач сүүлийн арван хоногт архи уусан гэдгийг хэсгийн ахлагч өгсөн

Эмнэлгийн үүдэнд хүн нас барсантай холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж, эмгэнэл илэрхийлэв. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид өгсөн мэдээллээр бол талийгаач алтны дархан хийж ажиллангаа амьдардаг. Амьдардаг өрөөний нөхцөл тааруу. Орон сууцны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоног архи согтууруулах ундаа байнга хэрэглэсэн гэх өгүүлэмжийг хэсгийн ахлагч өгсөн байна. Хариуцлага алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөлж байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Тэр өөрийнхөө доод шатны ажилтнуудыг ажлаас нь түдгэлзүүлж, талийгаачийг архичин, дээрээс нь амьдрах нөхцөлгүй газарт амьдарч байсан хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа. Бид эл хэрэгтэй холбоотойгоор дараах хүмүүстэй уулзаж талийгаачийн талаар мэдээлэл авсан юм. Талийгаач Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны 50 дугаар байрны нэгдүгээр орцны зоорийн давхарт ажиллаж, амьдардаг байжээ. Биднийг очих үеэр түүний амьдарч байсан зоорийн давхар руу оруулахгүй байсан юм. Ногоон өнгийн хаалгыг түгжиж, хүн нэвтрүүлэх аргагүй болгожээ. Цонхыг нь төмрөөр хаасан байлаа.

 

Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга Э.Ачбаяр: “Манайхаас мэдээлэл өгөхгүй. Чингэлтэй дүүргийн шуурхай штабаас мэдээлэл ав. 50 дугаар байрыг хариуцаж байсан дөрөвдүгээр хэсгийн ахлагч ажлаасаа долдугаар сарын 1-нд гарсан” гэлээ. Зургадугаар хорооны дөрөвдүгээр хэсгийн ахлагч О.Чулуунцэцэг “Би өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээлгэж өгсөн. Би талийгаач залуутай өнгөрсөн жил нэг л удаа уулзаж байсан. Намайг очиход алт, мөнгөний дархан хийдэг гэж хэлж байсан. Тэрнээс хойш уулзаагүй. Би 50 дугаар байраар хяналт, шалгалт бараг хийдэггүй байсан. Талийгаачийг архи уудаг байсан эсэхийг мэдэхгүй. Би хэнд ч талийгаачийг архи уудаг байсан гэж хэлээгүй. Худал мэдээлэл тарааж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирлагад гомдолтой байна” гэв.

Зургадугаар хорооны “Ижил санаа” өрхийн эмнэлгийн дарга Б.Аззаяа “Хэсгийн ахлагч “Заримдаа уудаг юм шиг байна лээ” гэж хэлсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газраас утсаар холбогдож, мэдээлэл авсан. Би ерөнхий мэдээллийг л өгсөн. Талийгаачийг сүүлийн 10 хоногт архи ууж байсан гэж хэлээгүй. Талийгаачийг тухайн байранд амьдардаг байсан, халдвар авсан гэдгийг ч бид мэдээгүй. Мэдээллийг нь манай өрхийн эмнэлэгт өгөөгүй” гэсэн юм.

50 дугаар байрны СӨХ-ны дарга “Талийгаач зоорийн давхарт ганцаараа байдаг байсан. Заримдаа ах нь гэж хүн ирдэг байсан юм. Ажлаа эрт дуусвал гэртээ харьдаг байсан юм билээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд лав архи ууж байгааг нь хараагүй. Манай байрны зоорийн давхарт оёдол, үсчин, алт мөнгөний дархан үйл ажиллагаа явуулдаг. Өчигдөр цагдаагийн байгууллагаас ирээд зоорийн давхрыг хаах шийдвэр өгсөн” гэв.

50 дугаар байрны оршин суугчид “Талийгаач арх уудаггүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байдаг байсан залуу. Манай байрнаас хэд хэдэн удаа халдвар илэрсэн. Тэгэхэд л халдвар авсан байх магадлалтай. Бид байраараа вакцинд хамрагдсан байсан” хэмээлээ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн хэлсэн мэдээллийг дээрх хүмүүс үгүйсгэж, худал мэдээлэл тараасанд гайхаж байгаагаа хэлж байсан юм. Бид Б.Бямбадорж даргатай холбогдож, дахин тодруулахад “Би худлаа мэдээлэл тараагаагүй. Манайхаас ажлын хэсэг гарч тус хороонд ажилласан. Маргааш талийгаачийн хэрэгт ажилласан ажлын хэсэг дүгнэлт гарна. Үүн дээр хэнээс ямар мэдээлэл авсан гэдэг нь тодорхой болно. Би мэдээлэл өгөхөөсөө өмнө нягталж үзсэн” гэлээ.

Амь тэмцэж, аврал ирсэн иргэнээ амьсгал хурааж байгааг нь нүдээрээ харсаар алдаж, эмнэлгийнхээ хаалгыг “түгжиж” харгис хандсаар байх уу. Албан тушаалтайгаа үлдэж, уснаас хуурай гарахын тулд талийгаачийг архичин, амьдрах аргагүй газар амьдарч байсан хэмээн хээв нэг мэдэгдэж, талийгаачийг ч, түүний ах, дүүг, Монголын ард түмнийг доромжилсоор суух уу.

Shares
  • Өвлийн хүйтэнд хүүхдээ тэвэрсэн эх дан хувцастай эмнэлгээс гарсаны төлөө монгол улсын ЕС өрөвдөхдөө сэтгэлт нь сэмэрч албан тушаалаасаа огцорч байсан маш хүнлэг  туршлага саяханых,тэхэд эмнэлгийн үүдэнд  монгол хүн үхэж байхад ЕС Оюунэрдэнэ  огцорохгүй юугаа хийгээд сагсалзаад байнаа,ерөөсөө энэ хүн ЕС хийх ямарч боломжгүй чадваргүй хүн,энэ олон зуун иргэнээ үхүүлчихээд ямар нүүрээрээ ЕС ширээн дээр сууж байнаа,нэн даруй огцорох болсон

Холбоотой мэдээ