160 сая гэгдэх Замын-Үүдийн ариутгагч хаалга үнэндээ 1,2 тэрбумын өртөгтэй

2021-07-06 794 1

Коронавирусийн халдвараас шалтгаалж сүүлийн гурван сар Замын-Үүдийн гааль дээр нөхцөл байдал хүндэрч бараа, материалын хэт их бөөгнөрөл бий болсон. Түүнээс үүдэж БНХАУ-аас орж ирэх бараа материал хомсдож, дотоодод үнийн хэт их хөөсрөл үүсээд байгаа. БНХАУ-ын талаас “Халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна. Илүү сайжруул” гэсэн шаардлагыг тавьсан.

Харин манайх хэдэн төмрийг ногоон гялгар уутаар бүрхэж түүнийгээ 160 саяын өртөгтэй ариутгалын хаалга гэж нэрийдэн ажиллуулж байсан нь тэр. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж хараад “Ийм юмаар ариутгахаар чинь аргагүй шүү дээ” гэж уулга алдсан нь ч тренд болов. Иймд бид Ерөнхий сайдыг уулга алдуулсан 160 саяын ариутгагч хаалгыг хаанаас суурилуулсныг сурагласан юм. МХЕГ-аас тодруулахад “ Энэ тухай манайд мэдээлэл байхгүй.

Харин манай Замын-Үүд дэх салбараас тодруулсан дээр байх. Холбоод өгье” гэлээ. Замын-Үүд дэх МХЕГ-ын салбараас тодруулахад “УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын удирдлагаас хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил юм. Цахим орчинд МХЕГ-аас 160 сая төгрөгийн өртөгөөр тавьсан хаалга гэх мэдээлэл нь ташаа юм. Манайхаас ийм ариутгагч хаалга тавиагүй” хэмээх тайлбарыг өглөө. Замын-Үүд сумын шуурхай штабаас тодруулахад “Ариутгагч хаалганы талаар манайд мэдээлэл байхгүй. МХЕГ-аас л асууж тодруулсан дээр байх. Тэднийх мэдэж байгаа” гэлээ.

Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баярбилэг: “Энэ ариутгагч хаалга олон жил болж байгаа. Ковид-19-тэй холбоотойгоор шинээр хийгээгүй. Мөн сумын удирдлагаас хийгээгүй. МХЕГ-аас л хийж байсан. Тэднийх хариуцаж байсан. 160 саяын өртөгтэй гэдгийг нь сайн мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн юм. Ийн гялгар уутан ариутгагч хаалгыг суурилуулсан эзэн олдсонгүй. МХЕГ болон сумын удирдлага мэдэхгүй гэж асуудлаас зайлсан, бие биен рүүгээ чихсэн хариултыг өгч байсан юм.

Ямартай ч коронавирусийн халдвар хамгаалалтад зориулан босгосон шинэ хаалга биш болж таарав. Харин цар тахалд бэлдээд бүтэн хоёр жил, халдвар тархаад бүтэн нэг жил өнгөрчхөөд байхад одоо л дөнгөж 1.2 тэрбум төгрөгөөр ариутгагч хаалга шинэчлэх гэж байгаа эмгэнэлтэй дүр зурагтай байгаа юм. Тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 10-нд МХЕГ-аас Хилийн боомтуудын МХАлбанд хэрэглэгдэх дулаалгатай ариутгалын байгууламж, зөөврийн түр тусгаарлах өрөө, шар бүсэд хувцас тайлах зөөврийн дулаалгатай функт барих, тээвэрлэх тендер зарласан нь анхаарал татав.

Уг тендер нь 1,261,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй аж. Боомт дахь нөхцөл байдлыг засах сайжруулах 30 хоногийн хугацаа өгч, ажил эрчимжихгүй бол ажлаас халах хүртэлх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд сануулсан. Гэтэл Замын-Үүд дэхь орон нутгийн удирдлагын байгууллага, Мэргэжлийн хяналт, Гааль, Хил хамгаалах зэрэг албан байгууллагууд бурууг бие, бие рүүгээ чихэж муудалцсан учир нөхцөл байдал дээрдсэнзүйлгүй гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Eguur

Холбоотой мэдээ