Шүүхийн туслах 2 сая, шөнөжин ажилласан сувилагч 200 мянга авдаг, энэ шударга ёс уу?

2021-07-06 828 0
Shares

Өнөөдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Оруулж ирсэн төсөв 38 тэрбум төгрөг болж нэмэгдэж орж ирсэнд гишүүдийн зүгээс дээд шүүх, ШЕЗ цар тахалтай, нийгэм эдийн засгийн хүндрэлтэй үед мэдрэмжгүй төсөв оруулж ирсэн талаар шүүмжиллээ. Иймээс ч шүүхийн туслах, судалгааны хүрээлэнгийн шинээр батлагдах 60 хүний орон тоо, 415 сая төгрөгийн өртөг бүхий хоёр ч жип автомашиныг тэвчиж болох зардал хэмээн харж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Ж.Сандаг-Очир: Би шүүхийн төсвийг харахад өнгөрсөн оноос гурав дахин төсвөө нэмэгдүүлсэн байна. Тэр дотроо цалингийн зардал 70 хувиар нэмэгдсэн байна. Гурван тэрбумаас 5 тэрбум болсон байна. Бид онцгой нөхцөлд ажиллаж байгаа шдээ. Гадаа Сүхбаатарын талбай дээр эмч нар цалингаа нэмэхээр өдөр шөнөгүй жагсч байдаг. гэтэл өнөөдөр шүүхийн салбар төрийн захиргаа дотроо хамгийн боломжтой цалин авдаг хүний нэг. гэтэл өнөөдөр дахиад цалингаа нэмэхээр, төсвөө нэмэхээр орж ирж байна. Ер нь төсвөө нэмээд хийсэн ажил, авсан цалинтай нь харьцуулахад нийгэмд шударга ёс бий болсон уу гэдэг асуудал.

Шүүгч нар хараат бусаар ажиллаж чадаж байгаа юу гэдэг асуудал. Иргэдийн шүүхэд итгэх итгэл ямар байгаа вэ гэдэг асуудал. Гэтэл өнөөдөр хамгийн боломжтой цалин авч байгаа салбар хэн гэвэл шүүгч нар. Дахиад нэмэгдэл цалин, урамшуулал орж ирж байна. Үүн дээр боддоггүй юм уу. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан хүний амь насыг аврах гээд өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл эсэргээрээ өнөөдөр нийгэмд шударга ёс тогтсон уу гэдгийг л ярих гээд байгаа юм. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг л ярих гээд байгаа юм. Цалин нэмэгдлээ гээд ийм асуудал бий болж чадсан уу. Дээд шүүхийн шүүгч ямар асуудалд орооцолдож, шүүхийн нэр хүнд яаж уналаа. Энэ бол цалинтай холбоогүй юм байна гэж бодож байгаа.

Д.Пүрэвдорж: Шүүхийн туслах хэдийг авч, ковидтой тэмцэж байгаа эмч хэдийг авч байна?

Шүүхийн хууль хэрэгжихтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдан Ж.Сүхбаатар гишүүн ахалж байгаа. ШЕЗ-ийн гишүүдийг томилох, сахилгын хорооны гишүүдийг томилохтой холбоотой асуудал шийднэ гэж бодсон ч төсөв мөнгийг нэг мөр болгоод тодорхой хэмжээний саналтай байнгын хороонд орж ирэх байж. Энэ тоогоороо явах юм бол ковидын үед эмч нарын цалин нэмэгдээгүй хэрнээ шүүхийн байгууллага болон ХЭҮК-ын зардлыг нэмсэнтэй холбоотой байнгын хорооны гишүүд рүү дайралт ирнэ. Дээд шүүхийн олны өмнө шийдсэн хэргийг саная л даа. Үзэл санааны хоригдлыг бий болгож, захиалгаар нэг нэгнийг хорьдог ийм болсон. Би бол Энхсайхан даргыг мэдэх юм байна. Гурван өрөө байранд ядарсан л хүн амьдардаг. хурааж хуримтлуулсан юм байхгүй. Төрийн төлөө л явж байгаад юм олдохгүй болохоор нь үзэл санааны хоригдол болгосон. Жишээ нь оцгонодог шүүгч байна. Нийгэмд маш их бухимдлыг төрүүлсэн. Ард түмний итгэл рүү ус цацсан. С.Зоригийн хэрэг байна.

Хэдэн жилийн өмнө энэ хүмүүс энэ хүнийг алсан гээд шоронд явуулсан хүмүүс өнөөдөр яг тэр бүрэлдэхүүнээрээ энэ хүмүүс алаагүй гээд гаргачиж байна. АН-ын асуудал байна. Шүүх дээр маргалдагч талууд аль нь зөв юм гэж шийдүүлэх гэж очдогоос та нар учраа ол гэж буцаадаггүй л байхгүй юу. Би бол шүүгч нарын цалинг би хамгийн их хамгаалж ярьдаг хүн. Өнөөдөр тийм итгэл огт байхгүй болсон. 2020, 2021 оны та нарын хийсэн үйлдэл ийм нөхцөлд хүргэж байна. та нар ийм нэр хүндтэй байж цалин, хөрөнгө оруулалтаа нэмж оруулж ирж байгаад харамсч байна. 25 шүүгчид 160 хүн гэдэг 100 ямаанд 60 ухна гэдэг шиг санагдаад байна. Хэн нэгний шахаасаар албан тушаалтан, нарийн бичгийн даргаа нэмсээр байгаад 160 хүн гэдэг юу вэ боль л доо. Шүүгч нарын цалин 5.360.000 НДШ-тэйгээ , туслахын цалин 2.407.000 болж байна шд. Тэгэхэд эмч нар ковидтой тэмцэх үед яаж ажиллаад хэдэн төгрөгийн цалин авч байгааг та нар мэдэж байгаа юм уу? Наадхаа боль, орон тоогоо багасга л даа.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт: Төсвийг бол байнгын хороогоор хянана. Орж ирснээр нь явахгүй. Төсвийн хязгаар энд байх нь зохимжтой юм байна гэдгийг буцааж хүргүүлэх юм. Бусдаар ирүүлсэн төсвийг тэр чигт нь батална гэсэн үг биш.

Дээд шүүхийн тамгын газрын даргын үүрэг орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр: 2013 онд шүүхийн тухай хууль шинэчлэгдэх үед Улсын дээд шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоо батлагдсан. Тэр орон тоогоор дээд шүүх 25 шүүгчтэй нийлүүлээд улсын дээд шүүх 135 хүний орон тоотой байгаа. Шүүхийн туслахын орон тоо нэмэгдэж байна, Шүүхийн сургалт судалгааны хүрээлэнгийн орон тоо нэмэгдэж байгаа. Ингээд 245 гэсэн төсөөлөлтэй явж байгаа. Цалингийн хэмжээ нэмэгдээгүй. Мэдээлэл технологи хүний хүчин зүйлийг хөнгөлж байгаа ч шүүхийн салбарт энэ буурдаггүй. Шүүхийн тухай хуулийн ололттой зарим хэсэг нь шүүхийн сургалт судалгааны хүрээлэн. Иймээс орон тоо нэмэгдэж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Шүүгч нар суудаг өрөөний метр квадратаа томруулъя гэж ярьж суухаасаа ичихгүй байна уу?

Шүүгч нар бидний суух өрөөний метр квадрат багадаад байнаа , метр квадратыг нь томруулах шаардлагатай гээд эдийн засаг ийм хүнд байхад ийм л юм яриад суух юм та нар. Тэгэхэд гишүүдийн яриад байгаа эрүүл мэндийн салбарынхан чинь авсан цалин нь нэг тор хүнс ч цуглуулж чадахгүй аргаа бараад талбай дээр жагсаж байна шд. Та нар болохоор өрөөний метр квадрат яриад суугаад байх юм. Та нар хэдэн метр квадратад суух чинь өнөөдөр тийм чухал юм уу. Наад асуудлаа дараа нь ярьж шийдэж болдоггүй юм уу. Одоо бараг Хангарьд ордонд Шүүхийн ерөнхий зөвлөлөө оруулна гэдгээ болих хэрэгтэй шд. Хотын төвд та нар ороод яах юм. Байр сав, тоног төхөөрөмж, засвар, машин тэрэг ерөөсөө ийм л юм ярих юм. Энийгээ дэс дараалалтай шийдээд явж болохгүй юм уу. цалин нэмэхгүй гээд байгаа хэрнээ наад 21 тэрбум чинь 38 болсон байгааг юу гэж тайлбарлах вэ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 415 сая төгрөгийн хоёр жип автомашин тэвчиж болох зардал

Шүүхийн тухай хуульд боломж нээж өгсөн. Гурав хүртэлх туслахтай байна гэдэг нь заавал гурав гэсэн үг биш л дээ. Дээд шүүх энэ удаагийн нөхцөл байдлаа тооцоололгүй, мэдрэмжгүй төсөв оруулж ирлээ. Гарцаагүй гарах зардал байгаа нь тэтгэвэрт гарч байгаа тэтгэмжийг өгч таарна. Ихэнх нь хойшлуулж болох зардал байна. Шүүхийн дэргэдэх сургалт судалгааны байгууллага 60 хүнтэй, шинээр шууд ажиллуулна гэдэг боломжгүй. Энэ хүмүүсийг байрлуулах байр ч байхгүй. Тэвчиж болох зардалд 415 сая төгрөгөөр хоёр жип автомашин тавьсан байна. Эдгээрийг тэвчиж болох зардал гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: ХЭҮК ийн төсөв яагаад гурван тэрбум төгрөгөөр нэмэгддэг юм. Шүүхийн хууль батлагдсантай холбоотой Монгол Улсын шүүхийн хэмжээнд ямар хэмжээний төсвийн өөрчлөлт орж байгаа юм. Хөрөнгө оруулалт, урсгал зардал , эдийн засгийн хараат бус байдал яаж хангагдаж байгаа юм? Сахилгын хороо өөрөө төсвөө баталж, бүтцээ батална гэсэн хуультай. Хэн үүний өмнөөс оруулж ирээд байгаа юм?

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Олон нийтийн өмнө шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх гэж өөрчлөлтийг хийсэн юм шүү. Шүүхийн хажууд судалгааны байгууллагыг 60 хүнтэй асар том байгууллага болгох гэж байна. Үүнийг би дэмжихгүй байна. 10, 20 хүнийхээ хэмжээнд эхэл, туслахаа ч багаас нь эхлээд яв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хуулийн боломж харчихаад хэтэрхий мэдрэмжгүй төсөв оруулж ирлээ. Хуулийн төслийг анх ярих үед 60 хүнтэй хүрээлэн байгуулъя гэж яриагүй шдээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүнийг дээд шүүх руу шилжүүлэх байдлаар одоо байгаа боломждоо тааруулах байсан бол хоёр автомашин авна, шинэ байр барина гээд байдаг.

Хууль зүйн байнгын хорооны үеэр Улсын дээд шүүхийн төсвийг танах ёстой гэсэн гишүүдийн саналыг 2022 оны төсөвт тусгаад, төсвийн ерөнхийлөн захирагч руу явуулахыг дэмжье гэсэн дээр санал хураалт явагдаж, 17 гишүүний 13 нь дэмжлээ.

Shares

Холбоотой мэдээ