ChoironGoo: Нөхрөөсөө салж 2 хүүхэдтэйгээ гудамжинд гарах дээрээ тулж явсан ч бурхан надад сайн хүн илгээсэн

2021-07-07 1493 0
Shares

Намайг нөхрөөсөө салах шийдвэр гаргачихсан байх үед найзууд минь надад хамгийн их тусалж байсан юм. Тэр үед надад 2 хүүхдээс минь өөр зүйл юу ч байсангүй. Очих орон байр, эд хөрөнгө юу ч үгүй. Хоёр жаахан хүүхэдтэй, ажил хийх боломжгүй байсан болохоор мэдээж ямар ч мөнгөгүй. Гэсэн ч эмэгтэй хүний бардам зангаараа салж байгаа нөхрөөсөө юу ч гуйхыг хүссэнгүй. Би их сургуулиа төгсөж чадаагүй дундаас нь орхисон байсан ч их сургуулийн найзууд маань харин намайг орхиогүй, надтай сайн найзууд хэвээрээ байсан юм.

Тэр хэд дундаасаа байр түрээслэх эхний сарын мөнгө надад зориулаад босгочихсон байснаа өгөв. “Одоо өөрийнхөө амьдралыг л бод. Чи чадна” гэж бас давхар зоригжуулна. Бас болоогүй, тэд нар портер зохицуулчихсан, намайг нүүлгэхэд найзын маань найзууд хүртэл хүрч ирж олуулаа туслалцав. Хов хоосон тавилгагүй байранд хоёр хүүхэдтэйгээ орохоор боллоо. Найзуудын заримаас тавилга ирсэн. Тэгээд л миний ганц бие ээжийн амьдрал 23-н насанд минь эхэлсэн юм.

Ажил хайж эхэллээ. Төгсөөгүй хүнд мэдээж ажиллах аятайхан газар олдох боломж муу. Хүнд нэг хобби гэж байдаг даа. Миний хувьд тэр нь нүүр будах байсан юм. Хэдэн найзуудынхаа нүүрийг будаад л явж байдаг байсан. Ер нь нүүр будалт, хувиргагчаар оролдоод үздэг юм уу гэж бодлоо. Би чинь мэргэжлийн артист биш, зүгээр л Youtube үзэж найзууд дээрээ туршилт хийж байгаад л өөрийнхөө хэмжээнд сурсан хүн. Гэхдээ л өөрийгөө чаддаг гээд итгэчихсэн. Найзуудаасаа ажил сураглаж байтал шинэ студи нээгдэж байгаа тэрэнд нь нүүр буддаг хүн хэрэгтэй байгаа гэсэн сураг дуулдаад яваад очсон. Хүнээс салахаараа зарим хүмүүсийн гал цог унтарчихдаг шдээ. Би бол тийм байгаагүй, надад харин хор шар байсан. Би чадна, чадахгүй байсан ч сураад чадна гээд л зүтгэчхэв. Тэр студийн захирал “За чи тэгвэл нэг найзыгаа дагуулж ирээд будчих. Тэгээд гоё зургийг нь аваад хараад үзье” гэхээр нь би хамгийн сайн будаг шингээгч аваад хөөрхөн болчихдог найзыгаа дагуулж ирж будаад хуримын хувцастай зурганд орууллаа. Before and After зураг нь захиралд нь таалагдаад би шинэ ажилдаа орохоор болсон. Дараа нь сонсох нээ захиралд маань миний хандлага эрмэлзэл хамгийн гол нь таалагдсан гэсэн.

Миний цалин 500,000 төгрөгөөс эхэлж байлаа. Харин байрны маань түрээс 400,000 төгрөг. Болгодог л юм байна лээ. Би өөрөө будаггүй, тэгсэн манай захирал сая гаруй төгрөгөөр надад нүүрний будаг авч өгөөд “За ингээд энэ будагнуудаар хүссэн хүнээ будааад өөрийнхөө чадварыг сайжруулаарай” гэлээ. Би чинь бас зүгээр л чадвараа сайжруулчихгүй, амьдрал жаахан хэцүү байгаа шдээ. Тэгэнгүүт тэр будагнуудаар халтуур хийж эхэлсэн. Найзууд минь намайг дэмждэгээрээ дэмжинэ. Шинэ жилээр ажлын газрын хүүхнүүд нүүр будалтаа надаар хийлгүүлнэ. Тэд нарын ачаар 20, 30, 20, 30 гээд олоод л байна. Ээж, найзуудын тусламж зөндөө. Ажил маань Натурт, гэр маань УБ паласын тэнд. Хүүхдүүдийг минь харах хүнгүй болохоор цэцэрлэгт өгөх хэрэгтэй боллоо. Нэг дажгүй хувийн цэцэрлэг олтол 2 хүүхэд явуулахад 500К.

Надад тийм хэмжээний мөнгө төлөх боломж байсангүй. Эрхлэгчтэй нь ороод уулзтал нэг хөгшин эгч байна. Би ороод аж байдлаа тайлбарлаад нэлээн гуйлаа “Эгчээ би ганц бие ээж байгаа юмаа. Би маш их хичээж байгаа. Та намайг жаахан дэмжээд өгөөч” гэсэн чинь тэр эгч “За 400К” гэсэн. Тэр цэцэрлэг өглөө 8-аас орой 7 хүртэл ажилладаг байсан юм. Би илүү цагаар маш их ажиллах хэрэгтэй, илүү их мөнгө олох ёстой байсан болохоор надад тэнд хүүхдүүдээ өгөхөөс өөр ямар ч илүү дээр хувилбар байсангүй. “Гуйж байна. Би 500К төгрөгийн л цалинтай” гэсэн чинь “За тэгвэл чамд хэд байвал болох юм” гэж ашгүй асууж байна. “Би 200К гэж даврахгүй ээ, та яг 300д хүүхдүүдийг минь авчих” гэсэн чинь “Миний охин шиг л хүүхэд байна. За тэгье дээ” гээд 2 хүүхэд маань цэцэрлэгт явахаар боллоо.

Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажиллаад л, бүтэн сайнд л амарна. Өсгөж чадна гэж төрүүлчхээд хэрэгтэй зүйлийг нь авч өгч чадахгүй зовоогоод байвал хэцүү. Би хүүхдүүдээ аль болох юмаар дутаахгүй, боловсролтой хүмүүжилтэй хүн болгохын тулд чадахаараа хичээж байлаа. Тэр үед нэг хэсэг аягүй их зургийн студи гарч ирсэн юм. Хөл дээрээ тогтох нь тогтож, унах нь унаж байсан. Манай студи тэр үеэр байхгүй болоод би ажилгүй болчиxсон. Хүүхдүүдээ улсын цэцэрлэгт өгөх гэсэн чинь сугалаа нь таарсангүй. Тэр үед бас л эрхлэгч дээр нь орж уулзлаа. “Би ганц бие ээж байгаа юмаа. Яалт ч үгүй хүүхдүүдээ цэцэрлэгт явуулахгүй бол болохгүй байна. Би чадлаараа энэ цэцэрлэгт туслая та надаар юу ч хийлгэж болно” гэсэн. “Чиний хийж чадах зүйл юу юм” гэхээр нь “Юу л бол юу чадна. Та зураг авахуулах уу би студид ажиллаж байсан” гээд амьхандаа чаддаг юмаа хэллээ. Би студид байхдаа зургийн монтаж хийж сурч байсан юм. Тэрүүгээрээ мэргэшчихсэн. Цэцэрлэгийн хүүхдүүд монтаж хийлгэдэг юм байна лээ шд. Би бэлтгэл бүлэг төгсөнгүүт нь монтаж хийгээд өгье гээд аймар их юм ярьсан боловч алийг нь ч хүлээж авсангүй.

Утас руу нь зөндөө залгасан. Дуудлагыг минь авахгүй байхаар нь энэ бараг хэцүүдчихлээ гээд бодоод байж байсан чинь нэг өдөр над руу залгалаа. “Манайд сандал ширээ дутуу байгаа юм байна. Чи энэн дээр туслаж чадах уу” гэж байна. Тэгэхээр нь гялс зах дээрээс 300 мянган төгрөгөөр 5н ширхэг ширээ авч өгөөд ашгүй хүүхдүүд маань улсын цэцэрлэгт явдаг боллоо. Нуруунаас нэг том ачаа салсан. За ингээд хүүхдүүдээ зохицуулчихсан. Одоо надад хүүхдүүдээ 7:30д хүргэж өгчхөөд оройн 5н цагт тардаг ажил хэрэгтэй. Зараар дүүрэн мэдээллийн ажилтан, ресепшн. Нэг том байгууллагад кассчинаар орох гээд очлоо. Гэхдээ тэрэндээ бас нэлээд итгэлгүй. Яагаад гэхээр би шантарчихсан байсан юм.

Зөндөө газар ажиллаж үзээд, тэд нар нь дампуурах нь дампуураад заримдаа сар ажилласан цалингаа ч авч чадахгүй үеүүд гарч байсан болохоор. Тэгсэн ч ажиллахаар боллоо. Ажил 5 гэж тарна, хүүхдийн цэцэрлэг хамгийн удаандаа 5:30 хүртэл байна. 5н цагаас 5:30ын хооронд цэцэрлэг рүү нь сум шиг л гүйнэ. Орой ээлжтэй үедээ кассчин охидуудаасаа гуйж цагаа тохиролцоно. Зарим нь зөвшөөрнө, зарим нь зөвшөөрөхгүй. Хааяа бүр хэцүү үед хүүхдүүдээ цэцэрлэгт нь үлдээхээс өөр аргагүй. Ээж заримдаа хүүхдүүдийг маань нааш цааш нь зөөж, заримдаа ажилдаа явтлаа харж өгч тусална.Үйлчилгээний ажилтантай яаж л бол яаж харьцаж болдог юм шиг зарим хүмүүс аашилна. Би тэр үед хичнээн хүчтэй байх гэж хичээж байгаа ч дотроо бол эмзэг үе маань л байгаа шүү дээ. Хүмүүс муухай харьцаад намайг загнахаар доошоо зохион байгуулагчийнхаа өрөөнд очоод тэсэхгүй уйлчихдаг байлаа. Дээр нь миний тэр ажиллаж байсан байгууллагын том дарга нь залуухан эмэгтэй ажиллагсдаа том хүмүүстэй уулзахдаа хүчээр авч явна. Явахгүй гэвэл ажлаас хална гэж дарамтална.

Би ажилгүй болчихвол 2 хүүхэд маань хэцүүдэх учраас би явж л байсан. Ууж идэхэд нь нүдийг нь баясгаж, архи дарсыг нь хундагалж өгдөг ширээний хүүхэн шиг л юм уу даа. Яг тэгээд ажил хэцүү санагдаж байх үед надад ажлын санал ирлээ. Хуучин ажиллаж байсан студийн маань захирлын найз. Би студид ажиллаж байхад хамт олон ямар гоё байдгийг мэдэрчихсэн байсан болохоор надад бол дэндүү сайхан мэдээ байлаа. Тэр ажлаас хурдан гарахын түүс. Тэгээд яг 1 сарын 1нд бүх юмыг шинээр эхэлж байгаа юм шиг хуучин ажлаа хүлээлгэж өгөөд студид менежер хийхээр боллоо. Цалин маань бас хөөрхөн 100 мянгаар нэмэгдчихсэн. Дээр нь борлуулалтын бонус нэмэгдэнэ гэхээр бүр зоригтой орсон.

Би тэр үед найз залуутай болчихсон байлаа. Бид 2 хамт тэр ажилд орсон юм. Харилцаа маань яах гээд байгаа нь мэдэгдэхгүй болоод нэлээд хөндийрчихсөн. Ажил дээрээ хоорондоо нэлээн муудалцдаг болчихсон байв. Заримдаа би хүүхдүүдээ ажил дээрээ авчирна. Нөгөө 2 чинь эрэгтэй хүн болгоныг л ааваа гэж дууддаг болчихсон байсан. Тэр нь надад их эмзэг тусдаг. Тэгсэн манай ажлын нэг залууг бас ааваа гэчихдэг юм. Ажлын маань тэр залуу хүүхдүүдэд маань тун сайн. Яриа болгон дээрээ хүүхдүүдийг минь марталгүй надаас асуудаг нэгэн байсан. Нэг өдөр тэр над руу гэнэт Юу хийж байна? гээд чатаар бичээд ороод ирдэг юм. Би ажлын талаар юм асуух гэж байгаа юм байх гэж бодоод хальт мульт чаталлаа. Ажлын газрын хүн маань болохоор иймээ тиймээ юм юу ч бодсонгүй. Гэтэл тэр чат зөвхөн тэр өдрийнх байсангүй, над руу бага сага юм асуугаад бичээд л байдаг болчихлоо. Гэхдээ хэзээ ч хувийн амьдрал руу минь хэт хандсан юм асуухгүй. Харин найз залуу бид 2-ын харилцаа болимоор байсан ч больж болдоггүй нэг тийм хэцүү хосууд байдаг даа. Яг тийм харилцаанаасаа салаад удаагүй байтал ажлын маань тэр залуу надаас “Кино үзэх үү?” гэж асуусан.

Надад аймар сонин санагдаж байгаа юм чинь. Надаас дүү хүүхэд, тэгснээ аймар авьяастай, өөртөө итгэлтэй, амжилттай мундаг явж байгаа хүн байж яагаад заавал намайг гэж гэж их гайхсан. Бид 2 ажлаа тараад ганц 2 уулздаг боллоо. Хэсэгхээн жаахан хугацаа өнгөрсний дараа тэр хүнтэй би дэндүү дотно болчихсон байсан. Тэр эгчтэйгээ амьдардаг байсан болохоор би гэрээр нь чөлөөтэй орж гараад явна. Зун байсан. Тэр хөдөө хэсэг ажлаар явахаар боллоо. Хүүхдүүд эмээ дээр лагерт оччихсон, би эгчтэй нь гэрт нь ханьтай байж байлаа. Тэр үед миний бие нэг л сонин болоод эвгүйтээд байсан юм. Санаа зовоод тестээр үзтэл зураас гарсангүй. Ашгүй дээ гэж бодоод өөрийгөө тайвшруулчихаад маргааш нь нөгөө тестээ хаях гээд харсан 2 зураас болчхож. Бид 2 тэр хугацааны туршид ганцхан удаа л дотно харилцаанд орсон байсан. Би бүр аймар сандарчиxсан. Эгч нь их гоё хүн байдаг болохоор эргэлзэлгүй шууд залгаад хэлчхэв. Нөгөөх маань хөдөө сүлжээгүй газар байсан. “Яаанаа би жирэмсэн болчихсон юм шиг байна” гэсэн эгч нь намайг тайвшруулаад “За миний дүү битгий сандар. Эгч нь яг одоо очлоо. 2-уулаа эход очиж үзүүлье” гэсэн.

Би эгчийг нь тэгж санаа тавьж хүлээж авна гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Явж очоод үзүүлтэл “Эхонд орж ирээгүй байна гэнэ. Тэгэхээр бага сартай юм уу жирэмсэн болоогүй байх магадлалтай.14н хоногийн дараа ир” гэж эмч хэлэв. Тэгж байтал нөгөөх маань ч хөдөөнөөс ирлээ. Яаж хүлээж авах бол гэдгээс нь айж байсан чинь Нэгэнт болчихсон юм чинь дээ л гэж инээмсэглэн хариулав. “Аав ээждээ хэлж үздэг юм уу яах уу? Тэр надтай аймар их ярилцдаг. Намайг гомдоосон ч, уурлуулсан ч дандаа ярилцъя л гээд байдаг байсан хүн. Бид 2 гаргах уу яах уу гээд олигтой шийдэлд хүрч чадахгүй ярилцсаар л байх үед бид 2ын талд бат зогсож байсан хүн түүний эгч байсан юм. Намайг эргэлзсээр байх үед надтай 2-уулхнаа ярилцсанаа “Манай дүү надад чиний тухай аль эртнээс л ярьдаг байсан.

 

Манай ажлын нэг охин байдаг, 2 хүүхэдтэй. Найз залуутай, гэхдээ тэрэнтэйгээ жаахан таарч тохирохгүй байх шиг байна лээ. Би л энэ эмэгтэйг хайрлахгүй бол өөр хүн хайрлаж чадахгүй юм шиг надад санагдаад байна гэж надад хэлж байсан” гэдэг юм. 1,2 сар ямар ч үйлдэл хийхгүй зөвхөн намайг ажиглаад явж байсныг би тэр үед л олж мэдсэн. Эгч нь түүнд үнэхээр чамд тэгж санагдаж байвал өөрийнхөөрөө хийгээд үзээ гэж зөвлөсөн байсан. Тэгээд л намайг анх кинонд урьсан байж. Тэгснээ “За эгч нь ингээд ер нь нүүдэг юм уу дөө. Та 2 одоо энэ байрандаа нөгөө 2 хүүхдээ авчраад амьдрах уу? гэдэг юм. Бид 2 яг 100% шийдчихэж чадахгүй. Айлын ганц эрэгтэй хүүхэд, 2 хүүхэдтэй эмэгтэйтэй амьдралаа холбочхоор эцэг эхэд нь ямар байх уу гээд надад ч гэсэн бодох асуудал ихтэй. Тэгсэн нэг өдөр “Би чамайг одоо аав ээжтэйгээ танилцуулна. Би шийдчихлээ” гэсэн. Аав ээж нь шоконд орсон л байх.

Дөнгөж нэг эмэгтэй таалагдаж байгаа гэж байснаа нөгөөх нь хүүхэдтэй болчихлоо гэхээр. Одоо 2уулаа хүүхэдтэй болж байгаа учраас хамт амьдаръя, би 2 хүүхэдтэйгээ танилцах хэрэгтэй гэлээ. Би зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу гэж өөрийнхөө хийж байгаа алхамд эргэлзсээр байсан ч тэр надад үргэлж зориг өгч байсан болохоор бид хамт амьдрахаар шийдлээ. Хүүхдүүдтэй танилцаж эхлээд тэр надаас илүү миний 2 хүүхдэд маш их цаг зав гаргаж байсан. Яг гэр бүлийнх нь хүн шиг. Тэр үед ахаа гэж дуудуулах ч хэцүү, ааваа гэж ч дуудуулах ч хэцүү шдээ. Бүх юм хурдан болж болохгүй. Манай хүн яг үнэнээр нь хэлж байсан “Би одоохондоо миний хүү аав нь гэж хэлж чадахгүй байх. Надад жаахан хугацаа өгчих. Би өөрийгөө аймар гоё бэлдээдхэе” гэж байсан. Би тэр үед нь ерөөсөө яаруулаагүй.

 

Тэгж байтал хүү маань төрлөө. Дөнгөж төрөөд л хүү маань нуль хайран дунд өлгийдүүлсэн. Хадам ээж, аав, 2 эгч нар гээд миний хэзээ ч үзээгүй гоё гэр бүлийн уур амьсгал. Манай 2 хүүхдийг өвөө эмээ нь энхрийлж хайрладаг, төрсөн өдрүүдийг нь мартдаггүй, шинэ жилээр бэлэг өгдөг. Ийм үлгэрийн юм шиг сайхан амьдрал байдаг юм байхдаа л гэж би бодсон. Хүү маань төрчхөөр нөгөө 2 хүүхэд маань яах бол, хайрлагдах хэвээрээ болов уу гэж бодож байсан ч юу ч өөрчлөгдөөгүй. Тэр үед манай хүн “Би одоо жинхэнэ утгаараа аав болчихлоо. Тийм болохоор 2 хүүхдээрээ Амбуу гээд нэрээрээ дуудуулмааргүй байна. Би ааваа гэж дуудуулах цаг нь болсон. 3-н хүүхэдтэй болчихлоо” гэлээ. Манай 2 чинь тэр үед хөөрхөн том болоод юм ойлгодог болчихсон байгаа шүү дээ. Бас шууд хэлчхэж болохгүй болохоор бага багаар ярилцаж дасгасан. “Эрэгтэй эмэгтэй хүн нэг гэр бүл болж хүүхдүүдээ хайрладаг байхгүй юу, бид нар нэг гэр бүл. Одоо Амбуу аав нь бид нараас хэзээ ч холдохгүй” гэх мэт ярилцсаар тэр 2-ыг аав гэдэг үгийг хэлдэг болгов.

Тэрний өмнөхөн цэцэрлэгт байхдаа хүүхдүүдийг аав нь ирж аваад, хүүхдүүд ааваа гэж дуудахаар тэрийг нь надаас хүүхдүүд маань гайхаж асууж байсан юм. Манай аав намайг бага байхад энэ хүүхдүүд шиг хайрладаг байсан уу, ингэдэг байсан уу тэгдэг байсан уу гээд л гэнэт л асуугаад эхэлсэн. Тэгсэн одоо ааваа гэж дуудах хүнтэй болчихсон. Нэлээн хугацааны дараа манай хүн нэг хөөрхөн хүүхэд зүүдлээд эхэллээ. 2,3н удаа зүүдэлчихсэн. Эгч чинь хүүхэдтэй болсон юм болов уу гээд л яриад өнгөрсөн. Миний бие ч жаахан сонин байсан болохоор нь сэжигтэй санагдаад бид 2 тест аваад үзтэл 2 зураас гараад ирсэн. Боломж уг нь огт байгаагүй байхгүй юу. Яагаад болчихов гээд 2-уулаа аймар гайхаад. За юу ч гэсэн 2-уулаа эход ороод үзье гэсэн чинь нөгөө хүүхэд маань бүр 3-н сар луугаа дөхөөд томорчихсон хүүхэд байсан. Хөл гар нь байна гээд харуулсан чинь бид 2 бие биен рүүгээ харснаа нулимс цийлэгнээд л явчихсан.

Бага хүүхдийн маань хэрэглэж эдлэж байсан зөндөө юм байгаа болохоор асуудалгүй болгочихноо гээд л гаргахаар болсон. Яагаад зарим хүмүүс аав болчихоод аав байж чаддаггүй байхад, зарим нь аав болж үзээгүй байхдаа ч аав шиг байдаг байнаа гэж би гайхдаг юм. Би өөрөө аавгүй өссөн. Манай хүн надаас 3-н насаар дүү тэгсэн мөртлөө л миний 2 хүүхдэд байтугай, надад хүртэл аав гэж хүн ямар байдаг вэ гэдгийг мэдрүүлдэг юм.

Эх сурвалж: ChoironGoo

Shares

Холбоотой мэдээ