“Үхэр” монголчуудын тархинд соёлын үр тарьж буй хүн үнэндээ Херо Баатараас өөр алга даа

2021-07-12 148 0

Монголчууд сайн яваа нэгэндээ дургүй гэж ганц үнэн үг байна. Сайн яваа нэгэндээ дургүй болохоор сайхан зүйлд ч нүд нь хорсож сэтгэлд нь мэс эрлэгдэж байдаг юм шиг. Дэлхий нийтийг хамарсан цар тах.лын энэ цаг үед та бид бүгдээрээ үндэсний их баяр наадмаа ч ёслол төгөлдөр хийж чадсангүй. Төр түвшин, түмэн олон амгалан байхын бэлгэдэл болсон энэ наадам энэ жил өмнөх тэрийн тэргүүн дараагийн тэргүүндээ халаагаа өгч буй түүхэн цаг үетэй давхцаж байгаа учраас уг нь олноороо наадмаа ёс төрийг бодож, энх цагийг бэлгэдэж дэнж хотойлгоод хийчихсэн бол зүгээр байсан юм.

Гэхдээ олны хүч оломгүй далай байдаг хойно ардчилсан улс орны хувьд иргэдийнхээ санал шүүмжлэл, энэ цаг үед үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзээд наадмаа тэмдэглэлгүй хойшлуулахаар болсон. Гэвч яг энэ өдрүүдэд төрийн зүгээс арга хэмжээ зохион байгуулаагүй болохоос түмэн олон бол бум бужигнаж, түм түжигнэхийн жишгээр эх орны өнцөг булан бүрт өвчтэй, эрүүлээ үл хайхран хөлгийн жолоогоо залцгаажээ. Тэд 7-10 хоногийн дараа нийслэл хотод ирнэ. Тэр цагт юу болохыг харин хэлж мэдэхгүй юм.

За гол асуудалдаа ороё. Ингээд наадмаа бөөнөөрөө бархирч байгаад тэмдэглэлгүй өнгөрүүллээ. Яг 11-ний өдөр барилдах бөхгүй, уралдах морьгүй, цэнгэлдэх хоосон, цэнгэх шалтгаангүй бүгд мэлийж суухад ганц нүд хужирлаж, чих дэлдийлгэх бүтээл баярт зориулан гарсан нь Херо Баатарын найруулж, дэлгэцнээ гаргасан мөнөөх Баяр наадмын тусгай дугаар юм. Зураг авалт, өнгө будаг, дуу хөгжим, тавилт, найруулга гээд өөлөх юм үнэндээ алга.

Ёстой л цэнгүүлж байна. Гэтэл бяцхан бичвэрийнхээ өмнө дурдсанчлан “үхэр” монголчуудад таалагдсангүй. Бүтээлийг нь үзээд бол угтаа таалаад байгаа юм. Гагцхүү бүтээгчийнх нь авсан мөнгө, ажиллаж чадаж байгаад л дургүй байгаа хэрэг. Чадаж байгаа нь авч, чадсаныхаа хэрээр үнэлүүлэх нь зүйн хэрэг. Гэтэл өрсөлдөхийн оронд өт адил хэмлэн мэрэх нь таалагдахгүй байна. Тэр дундаа уран бүтээлч хэмээн өөрсдийгөө нэрлэсэн олон эрхэм энэ мэт шүүмжлэлийг өдөөж, өөрсдөө дэвэргэж байгааг харах нь тун тоогүй.

Дургүй байгаа шалтгаан ерөөсөө энгийн. Баатар өмнөх Ерөнхийлөгчтэй шадарлаж байсан, өнгө зөрсөн намын лидерийг дэмжигч. Хэнд хамаатай юм, хийдэг ажлаа хийж байгаа хүнтэй хэн ч байсан заргалдах эрхгүй. Анужин ба Ундрал гэх. Салж нийлдэг амьдралын жам. Сонгож шилэх нь хүний зан. Дүү нь ерөнхий сайд. Дүү нь сайд боллоо гээд өөрийгөө сааданд дүүжлэх юм уу, үгүй. Тэр бүхэн хувь заяа. Хичээл зүтгэлийн үр шим. Тэр тусмаа хоёр жил дараалан хоосон тархитай монголчуудын толгойд хүн шиг бүтээл гаргасныхаа төлөө хун шиг нэр зүүгээгүй ч гэлээ Баатар бол энэ цаг үедээ Херо болон дуурсагдаж байна. Хожим түүний ял, гавьяаг хойч үе хараад дүгнэг дээ. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас сонирхуулья.

Та миний ярилцлагын зочноор хоёр дахь удаагаа уригдаж байна. Эхний удаа “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл дундаа орж байх үед, уран бүтээлчийн тань хувьд сонирхолтой үе байсан. Одоо тэр үеийн Баатараас нэлээн өөр, ялимгүй шархалсан, гэмтсэн, магадгүй эвдэрсэн ийм Баатар миний өмнө сууж байна.

Юуны өмнө зочноороо урьсанд баярлалаа. Тантай ярилцах үргэлж надад сонирхолтой байдаг.

Олон жил хамт ажилласан эрхэм дотны хүнээ алдчихаад, сэтгэл санааны хувьд хэцүү байгаа биз ээ. Та уран бүтээлч хүн учир намайг хачирхаж гайхахгүй байх. Би бас яг ийм үед уулзаж байгаагаа олзуурхаж байна. Б.Лхагвасүрэн гуайг гадагшаа явж байхад энэ өвчнийг ялаад гарчих юм байна гэж бодсон. Гэтэл ийм юм боллоо. Үнэхээр болсонгүй юу. Өнөөдрийн хувьд миний танд тавих хамгийн эхний асуулт тэр хүний тухай орж ирж байна. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?

Евро Азийн дөш өндөрлөгт уянгын томоохон яруу найрагчид төрдөг. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд Лхагва ах маань энэ зуунд, миний үед дахин төрөхгүй агуу уран бүтээлч яалт ч үгүй мөн. Энэ хүнтэй нэгэн цаг үед амьдарч, тодорхой хэмжээгээр он жилүүдийг хамт өнгөрөөсөндөө баярладаг. Мэдээж бүх зүйл, тэр дундаа амьдрал гэдэг зүйл өөрийн гэсэн цагтай. Энэ цагаа ч ах маань мэдэрч байсан. Тэр нь бүх зохиол бүтээлд нь шингэсэн байдаг. Ахыгаа өөрийнх нь гэрээслэлийн дагуу нутаглуулаад явж байхад “Өнжүүлийн хөх ууланд, өөдсийн чинээ намайг багтаах жижигхэн зай бий.

Энэ зайнд толгойг минь тэнгэрт ойрхон, хөлийг минь өтөнд ойрхон, өвгөдийн минь ёсоор гээнэ биз” гэж хэлж байсан нь бодогдсон. Ах маань амьдралын бүх зүйлийн мөн чанарыг мэдэрчихсэн, мөнх бусыг ойлгосон хүн байж. Тэр үүднээс зохиол бүтээлдээ нэг л удаа амьдрах амьдрал нь цай уугаад мордохын төдий байдаг учир энэ богинохон хугацаанд зөв яваарай хэмээн хэлж, энэ философийг буюу үхлийн тухай магтан дуулсаар байгаад дууссан. Хүмүүс түүнийг дандаа үхлийн тухай ярьдаг хачин хүн гэж хэлдэг байсан. Би алсын замд үдэж явахдаа л ахыгаа амьдралын мөн чанарыг таньсан учраас үхлийн тухай үнэнийг ярьдаг хүн байж дээ гэдгийг ойлгосон.

Юу хэлэхээ мэддэг хүн болохоор үлдэж байгаа үр хүүхэд болон мань мэтдээ бүх юмыг тодорхой сийлж үлдээсэн. Өвдөж зовоод, гуниглаад уйлахаасаа илүү маш их юмыг бодуулаад бурхныхаа оронд дээшээ дэвшиж байна. Энэ хүн бол агуу хүн юм. Мандан бадарч байхад хүний мөн чанар мэдэгддэггүй. Яг ядарч байх үед хүний мөн чанар, аль хэр хүн бэ гэдэг нь харагддаг. Яг өвчин зовлон тохиолдоход хамгийн хүндээр хүлээж авсан нь гэр бүлийнхэн нь. Эмчилгээ, хагалгаанд нь үнэхээр зүтгэсэн хүн нь Ерөнхийлөгч. Тэр хүн Ерөнхийлөгч гэдэг үүднээсээ хүлээж аваагүй.

Хамт уран бүтээл хийдэг ах нь гэдэг үүднээс хүлээж авсан. Халтмаагийн Баттулга гэдэг хүн 100 хувь эмчилгээний зардлыг нь даасан. Мэдээж хамт олон бид, “Херо” энтертайнмэнтийн оролцоо байгаа. Мэдээж Б.Лхагвасүрэн гэдэг хүн өөрөө Монгол тулгатны нэгэн эрхэм хүн учир үндэс угсаа нэгтэй Өвөр монголчууд, Ар монголчууд ч тусалсан. Гэвч амьдрал бурхны заасан зам, хувь төөргөөр явдгаас хойш бид дийлсэнгүй. Хорвоогийн жамыг яалтай. Лхагваа ахыг өвдөж байх болон бурхан болох үед хүмүүсийн мөн чанар ямар юман дээр илүү их танигдаж байдаг юм бэ гэдгийг харлаа. Ойрхон байсан хүний хувьд мэдэрлээ. Ахад маань тусалсан бүх хүнд баярлалаа гэж хэлье.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярлалаа. Мэдээж Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гэж хүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Иргэн бүртээ анхаарал тавьж байх ёстой нь Төр юм. Монгол Улсад Төр байгаад баярлаж байна. Нэг иргэн, яруу найрагч, уран бүтээлчээ ингэж анхаарна гэдэг агуу юм даа. Мэдээж харамсаж байна. Бүгд л гашуудсан. Ерөнхий сайдыг тусгай захирамж гаргахад харин гайхаж байсан. Монгол орон олон баатруудаа үдэж байсан. Тусгайлан захирамж гаргах нь ихээхэн сэтгэл хөдлөлтэй шийдвэр шиг санагдсан. Үүгээрээ би бас муу хүн харагдах байх л даа.

Тийм хүмүүс байсан. “Улс орон ийм байхад ингэлээ, тэглээ” гэсэн хүмүүс ч байсан. Миний хувьд Төр иргэнээ мартахгүй байх нь Төрийн мөн чанар гэж боддог. Тэр мэдрэмжээ л авсан.

Энэ улс орныг онож төрсөн нэгэн гайхалтай хөвгүүн буцаж буйд Төр хүртэл бөхийж байна гэж л унших ёстой юм болов уу? Тийм. Зөвтгөл нь энэ мөн.Манай Ерөнхий сайд ер нь их сэтгэл хөдлөлтэй, романтик хүн юм аа даа. Та энэ талаараа түүнтэй их нэгддэг байх? Би романтик хүнд их дуртай. Романтик хүмүүс л дэлхийг өөрчилдөг. Түүнээс биш прогматик хүмүүс хэзээ ч улсыг өөрчилж, хувьсгал хийдэггүй. Б.Лхагвасүрэн гуай Алтан өлгийд биш Өнжүүлд оршуулаарай гэдгээ дахин албажуулж гэрээсэлсэн юм уу?

Тэгсэн. Би амьдралын сүүлийн үе буюу бие нь нэлээн хүндрэх мөчүүдэд ерөнхийдөө дэргэд нь байсан л даа. Олон жил хамт байхаар хамаатан садан шиг л болчихдог юм байна. Миний хувьд лав тийм л байсан. Тийм болоод ч тэр үү, Баасан эгч маань ямар нэг юм болоход намайг дууддаг. Би ч очдог. Бие чилээрхлээ гэх болгонд нь би хажууд нь байж, маш олон сайхан хүмүүс тусалж дэмжиж байхыг хажуунаас нь харж байсан. Миний дүү Л.Оюун-Эрдэнээс гадна Н.Сарангэрэл сайд бас их тусалж байсан.

Би үүнийг ганцхан Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүнд тусалж байгаа хэрэг биш, монголын утга зохиол, урлаг соёлд хүндэтгэлтэй ханддаг хүмүүс юм даа л гэж бодсон. Том утгаараа. Б.Лхагвасүрэн гэдэг бие хүн бол зүгээр нэг хүн биш. Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн гэдэг хүмүүстэй хамт, хэт ойрхон гэж хэлж болох түвшинд байгаадаа бид үнэгүйдүүлээд байгаа юм биш байгаа гэж би үргэлж бодож явдаг. Эд бол зууны хоёр хүн. Бурхан бүтээсэн газраа үнэгүй гэдэг. Хүн өөрийн ойр байгаа зүйлээ агуу гэдгийг мэддэггүй. Дүүгээ хүртэл.

Буцан буцталаа шүлэг, зохиолоо туурвиж байв уу?

Ухаан санаа нь дэндүү тунгалаг байсан. Хавдрын өвчинтэй тэмцэж байсан ч тархи нь тунгалаг байсаар тэнгэрт хальсан. Тэр хүртлээ сургаалиа, томоохон гэрээслэлүүдээ хэлдэг байж дээ. Магадгүй Б.Лхагвасүрэн шиг амьдралын мөн чанар, амьдралын дуусах цэгийг тэгж их бичсэн зохиолч байхгүй байх. Тиймээс ч үхэл гэдэг зүйлийг өөрөө эрхэм утгаар хүлээж авсан. Үхэлтэй золгоно гэдэг бол агуу үйл явдал юм байна. Уйлж унжиж, айж ичсэнгүй. Үнэхээр л ижий аавтайгаа уулзах гэж томилолт аваад явж байгаа хүн шиг л байсан. Үхэхдээ хүртэл агуу байна гэдэг өөрөө амьд байхын мөн чанарын нэг том хэсэг юм байна.

Яг тэр өдрөө “Сар шинээ сайхан угтана аа” гээд угтаад, шинийн нэгний өглөө 10 цаг 10 минутад амьсгаагаа татаж байгаа юм. Би гадаадад байхдаа энэ мэдээг хүлээж авсан. Тэгээд тэр өдрөө л нисэж ирсэн. Намайг ах маань явуулах дургүй байсан. Бүх зүйлийг мэддэг л юм байна. Бидний хажууд байгаа үнэтэй өвөгчүүд, ахмадууд маань бидэнд үргэлж эрхэм дээд зүйлсийг л захиж байдаг. Тэдний маань амнаас нь гарч байгаа үг бүр нь утга учиртай байдаг юм байна гэдгийг одоо цаг төдийгүй, ирээдүй цаг маань ч анзаарч байх ёстой гэж надад бодогдсон.

Залуу үзэгчид “Монгол Тулгатан 100 эрхэм” төслийн найруулагч Баатар, “Херо”-ийн Баатар гэсэн өгөгдлүүдээр таныг илүү мэддэг юм шиг байна. Жишээ нь, би таныг телевизэд байхаас буюу нэлээн эртнээс мэднэ.

Тэр мэдээж шүү дээ. Бидний үеийнхэн нэг нэгнээ илүү сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ.
Монгол Тулгатан” гэдэг төсөлтэй учирснаар таны амьдралд томоохон салхи шуурга дэгдэж, олон өөрчлөлтүүдийг авчрах шиг боллоо гэж би хувьдаа харж байна. Үнэхээр энэ төсөл танд юу юу өгч, юу юуг чинь аваад явчихав аа?

Энэ төслийг эхнээс нь ярья. Төсөл анх Б.Лхагвасүрэн гэдэг хүнтэй хамт “Найман гишүүн төгөлдөр” цайны рекламнаас эхлэлтэй юм. Манай Лхагваа ахын “Тагнай баясгасан амттай, тэнгэр цоргисон аагтай” гэсэн агуу сайхан үг тэр рекламаар цацагдаж байв даа. Энэ үед анх одоогийн нэвтрүүлгийн санаа орж ирсэн. Үүнийг гэрчлэх олон сайхан хүмүүс бий. Энэ төслийг хэрхэн хийх тухай бид ярилцаж байгаад үнэхээр гайхалтай авьяастай нэгэн бүсгүйг олж нэвтрүүлэг маань явсан.

Нэвтрүүлгээс өмнө Баатар гэдэг уран бүтээлч хийдгээ хийж явсан. Монголын реклам болон клипны зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, бие даасан байдал, өртөг, үнэ цэнийг бий болгож тогтоосон байсан. Хамгийн үнэтэй рекламыг бид л хийдэг байсан. “Херо” энтертайнментийн хийж буй үнийг нэг дахин багасгахад бусад нь хангалттай хэмжээний мөнгө олдог байсан. Тэр үед энэ зах зээл дээр ажиллаж байсан студи, продакшны залуус үнэхээр үүнийг хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Би монголын рекламын зах зээлийг үнэтэй, телевизийн зах зээлийг мөнгөтэй болгосон. Энэ болтол телевизийн зах зээлийг үнэлдэггүй байсан. Миний багш Мягмар болон С.Ононбат гэх зэрэг хэдэн хүн энэ зах зээлийг тодорхой шатанд аваачсан бол би үнэ цэнтэй болгосон гэдгээ хаана ч хэлнэ.

Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрнө байх. Би багшийнхаа урдуур орж ярьж байгаа юм биш. Үнэнийг л хэлье гэж бодсон юм. Энэ төсөл надад сүртэй их зүйл өгсөн гэж би хэлэхгүй. Мэдээж шинэ төсөл, шинэ уран бүтээл, том агуулга гэдэг талаасаа ухаарал, туршлага нэмсэн байж таарна. Чи түрүүн эвдэрсэн гэж гоё хэллээ. Магадгүй намайг эвдсэн ч байх. Тэр утгаараа ч нэг талаас задарсан. Эвдрэлийг бас янз бүрээр хэлж болно. Би энэ төслөөс болж би үнэхээр эвдэрсэн. Гэхдээ энэ төсөл зуу, зуун жилд дараагийн монголчуудад хэрэгтэй төсөл. Монгол хүн монголоороо бахархах идеалтай болно. Бид багш нараа харж, даган дуурайж, үлгэр жишээ авч сурдагтай адил үндэстэн өөрөө идеалтай байж сурдаг.

Нэг хөрөг нэвтрүүлэг босгоход олон сарын хөдөлмөр ордог. Олон улирлын зураг авалт орно. Ялангуяа та маш их ачаалал авч ажилладаг. Хүн гэдэг зүгээр сууж байгаад за одоо эхний хальсыг маань хуул, дараагийн минь хальсыг ч гэсэн хуул гээд зүгээр өөрийгөө тавьж өгөөд сууж байдаг амьтан биш. Байнга өөрийнхөө дотрыг хамгаалж, нууж байдаг болохоор хүн хөдөлмөр.

Үүнийг та мэргэжлийн хүн болохоор мэдэж байгаа. Энгийн үзэгчид бол тэр бүр мэдэхгүй шүү дээ.

Саяхан алдарт дуучин Х.Уртнасан гуай тэнгэрийн оронд мориллоо. Түүний оролцсон дугаарыг үзсэн л дээ. Том амьдарсан, том улсуудын хүлээн зөвшөөрөлт ч, үгүйсгэл нь ч хамт урт удаан насалж байдаг юм байна. Тэр дугаарын ард бас л өрсөлдүүлж өөр нэгний тавиланг хөндөж л байгаа харагдсан. Нөгөө талдаа үзэгчдийн олонх талархан алга ташиж, цэцэг шидэх нь эдгэрэл болдог биз. Бүтээж байгаа хүндээ эвдрэл хийгээд элдвийн ял зэм өглөө гэхэд ард нь цаг хугацаа эдгэрлийг бас авчирна байх?

Мэдээж. Эдгэрэл цаг хугацааны явцад бий болно. Гар маш хурдан зүсэгддэг хэрнээ эдгэхэд удаан байдаг. Үүнтэй адил хүний зүрх сэтгэлийн шарх удаж байж эдгэнэ. Тэр 60 хүний түүх цадиг бол гайхамшигтай. Мэргэжлийн яриагаар бол бидний ажил асар том лаборатори юм. Хүн судлалын маш том хичээл тэнд явагдаж байна. Би “Монгол Тулгатан 100 эрхэм” нэвтрүүлэг хийснээр одоо л найруулагчийн хувьд цэгцэрч эхэлж байна. Би 60 хүний цадиг, бодитой амьдралын факт сонссон хүн шүү дээ. Тэгэхээр цаашид илүү бодитой харьцаж чадна аа даа. Одоо би илүү сайн кино хийж чадах байх. Миний олсон ололт гэвэл энэ.

Сонины сэтгүүлч авсан бүх яриагаа, хийсэн сурвалжлагаа, нийтлэлээ редактороор хасуулчихгүй үлдээхийг л хүсдэг. Редактор харин шахсан бяслаг шиг болгох гээд илүү ноцолдоод байдаг. Найруулагч бол шууд хайчлах эрхтэй хаан. Та одоо мундаг архивтай болсон байх. Нэвтрүүлэг гарсны дараа хайчилж хассан юмандаа өөрөө эргэж харамсдаг уу. Танайх найруулагчийн хувилбар гэж зарим хүн дээр анх гараагүй хэсгүүдээр баяжуулж сүүлд нь бас гаргаж байсан шүү дээ?

Чи өөрөө мэднэ шүү дээ. Тухайн нэг хүнийг гаргаж ирэх гэж маш их хөдөлмөр ордог гэдгийг. Нэг хүний яриаг ахиад эргээд 2-3 сарын дараа авахад тэр хүн арай өөрөөр харчихсан, зарим зүйлээ уучилчихсан байдаг. Эхний удаагийн яриа илүү хорсолтой байсан бол ахиад тэр сэдвийг хэдэн сарын дараа мартагнуулж байгаад ярихад тэр хүн уучилсан байдаг. Өдөр ирэх тусам өөрийгөө өөрчилж, уучилсаар байдаг нь сонин. Хүн нас ахих тусам эерэг болж байдаг гэдгийг би мэдэрсэн. Архивыг уг нь бид хадгалдаг байсан. Харин Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн үеийн зарим бичлэг алдагдсанаас хойш архивлахаа бараг больсон.

Та хальсаа тусгай газар хадгалуулах тухай анхнаасаа бодоогүй юм уу?

Одоо бол зарим хальсаа тэр журмаар хадгалж байгаа. Энэ удаагийн хувилбар Баатар гэдэг найруулагчийн зүгээс монтажилж гаргасан өнцөг. Одоо хадгалж байгаа 100 эрхэмийн бичлэгийг магадгүй дараагийн хүн орж ирээд арай өөрөөр монтажлах, хар материал дээр илүү чөлөөтэй ажиллах боломж нээгдэх байх.

Эсвэл 50-тай, 60 настай Баатар өөрөө ахин монтажлах үе байж болно?

Миний хувьд ахиад нагрускыг нь дааж чадахгүй. Тухайлбал, Б.Лхагвасүрэн судлалын хүн орж ирээд Б.Лхагвасүрэнгийн тухай хар материалыг үзэх хэрэгтэй. Энэ бол түүхийн факт. Одоо бол түүхийг түүхчид фантазиар их бичдэг болж. Ю.Цэдэнбал дарга ийм хүн байсан, тийм хүн байсан гээд л. Магадгүй тухайн цаг үеийн төгсгөлд Ю.Цэдэнбал даргын 100 эрхмийг хийж чадсан бол өнөөдрийн бид нар арай өөрөөр тэр хүний түүхэнд хандах байсан байх. Ю.Цэдэнбал дарга өөрийн хийсэн зүйлүүдээ ийм ийм нөхцөл байдал байсан, ийм учраас ингэсэн юм гээд илүү задалж хэлэх байсан байх, тийм үү. Энэ нь өөрөө том судалгааны материал болж үлдэх байсан. Энэ үүднээс харвал бид асар том архив бүтээж өгч байгаа юм. Би бол архивын ажилтан биш уран бүтээлч хүн учраас өөрийн хийж чадахаа энэ хүргээд үлдээе.

Яг сэтгүүл зүйн салбарт бол та хөндлөнгийн хүн. Тэр үүднээсээ эхлээд жаахан хэцүү байсан уу?

Өөрийн чинь хэлдгээр би энэ телевизийн ярилцлагын салбарт саяхан орж ирээд л нэвтрүүлэг хийж үзэж байгаа уран бүтээлч. Түүнээс биш би мэргэшсэн, яг миний салбар гэж хэзээ ч хэлж чадахгүй. Би зүгээр л хийж үзэж байгаа уран бүтээлч.

Баримт судлалын салбарт оруулж байгаа том хувь нэмэр яах аргагүй мөн. Хүн байхгүй бол түүх байхгүй. Монголын түүхийн хоёр зууныг дамжаад амьдарсан тод дүрүүдийн ихэнхийнх нь хөрөг нэвтрүүлгийг бичлээ. Зүгээр л нэг нэвтрүүлэг хийж үзэж байгаа юм аа гэж хөнгөхөн байдлаар хэлэх харамсалтай юм биш үү?

Миний хувьд шүү дээ. Мэдээж тэр хүн өөрөө өөрийнхөө цадигийг “бичсэн”. Би тэгэхээр эндээс “би” гэдгээ холдуулах хэрэгтэй юм болов уу. Тэр дундаа уран бүтээл хийж байгаа редактор, ил гарч ажиллаж байгаа хөтлөгч “би” гэдэг юмаа хаяад явах ёстой. Б.Бат-Эрдэнэ аварга өөрийнхөө амьдралыг өөрөө л “бичсэн”. Би түүнийг нь бичээгүй учир ойлголт хоёр талтай, нэг үгээр их эвтэйхэн л явах ёстой юм болов уу. Мэдээж хөтлөгч нь эвтэйхэн залж гаргаж өгөх, сэтгэлийнх нь хэмнэлтэй ажиллах, найруулагч хандалттай материал гаргаж авч түүн дээрээ ажиллах гээд маш их хөдөлмөр бий. Хүн яриулах амаргүй гэдгийг та өөрөө хэлдэг шүү дээ.

Холбоотой мэдээ