У.Хүрэлсүх хойд хөрштэй төмөр зам тавих, урд хөрштэй намуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар утас цохив

2021-07-17 296 0
Shares

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд ч хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Талууд цар тахлын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар “Ковид-19” цар тахлын сорилтуудыг богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярив. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй явагдаж, цар тахлын тархалтыг хязгаарлах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах, цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын чухлыг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга илэрхийлэв.

Байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхийг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлэв.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.

Shares

Холбоотой мэдээ