Авдаг хэд нь амьдралд хүрэлцэхгүй ч амины төлөө амиа золих хөөрхий эмч нар

2021-07-17 618 2
Shares

Гол усны үер хур бороо элбэг орж байгаагаас шалтгаалан улс орны хэмжээнд аюултай хэмжээнд хүрээд байна. Гэвч төр засаг нь иргэдээ амар гээд 9 хоног зах замбараагүй явах боломжийг бүрдүүлчихсэн, иргэд нь жилдээ ганц амралт учраас жаргах нэрээр зовлонгоо эрэн эх орны өнцөг булан бүр рүү хөлгийн жолоо залсан энэ өдрүүдэд өвөрдмөөр хэдэн хүн л ажил үүргээ хүлээгээд үлдсэн нь өнөөх эмч нар.

Тэд цалин хангамжаа нэмэгдүүлэхийг шаардаж цаг наргүй ажлынхаа хажуугаар төр засагтаа үгээ хүргэх гээд халуун нар, хүйтэн бороог үл харгалзан төв талбай дээр жагсаж, суусан ч эцэстээ улс төрийн явуулгаар улс орноо хэцүү үед шантаажилсан бэртэгчингүүд болоод дууссан.

Ерөнхий сайдаасаа эхлээд, салбарын сайд нь хүртэл тоогоогүй хөөрхий эмч нар харин энэ өдрүүдэд хариуцлага алдалгүй ажилласаар байна. Энэ бол өргөсөн тангараг, эрхэлсэн ажилдаа нэр төртэй зүтгэж буйгийн илэрхийлэл билээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн эмч нар яаралтай өвчтөнөө аврахын тулд уулын улангассан үер дундаар явган нүцгэнээр зөөвөрлөж, өвчтөний амь насыг аварчээ. Өөрсдөө үерт урсаад үхэж ч мэдэхээр байхад өрөөлийн төлөө ингээд явж байдаг ажил нь ахадаж, авдаг хэд нь багадсан манай эмч нар шиг хүмүүс даанч байхгүй мэт.

Энэ мэтээр манай эмч нарын баатарлаг гавьяа хэдэн зуугаар үргэлжилнэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км-т Баянзүрх багийн нутагт өвөлжиж буй айлд өчигдөр орой дуудлагаар очсон эмч нар гэрийн нөхцөлд хагалгаа хийв. 25 настай эх умайн гаднах жирэмслэлтийн улмаас биeийн жингийн цусны 74 хувийг алдаж,амь нас нь “хутганы ир” дээр бөйжээ. Түүнийг машинаар эмнэлэгт хүргэх боломжгүй,цус алдалтын дайрлагатай тээвэрлэх аргагүй байсан тул мэргэжлийн эмч нар зөвлөлдөөд амь насны заалтаар малчны хот дахь гэрт нь хагалгаа хийжээ. Бүсгүйд шингэн, цус сэлбэж амь насыг аварсан байна. Хагалгааны багт эх барихын зөвлөх эмч Н. Ариунаа,эх барихын эмч Б. Наранбат, эмч Б. Чимгээ,сувилагч Т. Гантигмаа,Б. Эрдэнэдэлгэр, жолооч Б. Даваахүү нар ажиллажээ.

Баян-Өлгий аймгийн эмч нар энэ сарын 21-ний өдөр малчин айлын гэрт жирэмсэн эмэгтэйд кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьжээ. Тодруулж хэлбэл, тус аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн малчин айлд жирэмсэн эх цус алдсан талаар дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан, мэдээгүйжүүлгийн эмч Б.Сураужан, Цэнгэл сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Х.Өмиргүл, эмч А.Саулен, сувилагч М.Жаныл, Лена, Цусны лабораторийн ажилтан Кенжебек нарын хагалгааны баг жирэмсэн эхийн гэрт очиход түүний биеийн байдал хүнд, тээвэрлэх боломжгүй байжээ.

Улмаар эхийн аминд аюул тулгарч байсан тул яаралтай журмаар кесар хагалгаа хийж, хүүхдийг эсэн мэнд эх барьж авчээ. Одоо эх, хүүхдийн биеийн байдал сайн, сумын Сум дундын эмнэлэгт байгаа ажээ.

Shares

Холбоотой мэдээ