Үл таних Түфлтэй Гэлэнмаа

2021-07-23 1186 0
Shares

Би энэ эмэгтэйтэй энэ удаатай нийлээд гурав дахь удаагаа таарч байна. Таарах болгонд нэг хэв маягийн өвөрмөц хувцастайгаа, үл мэдэг ихэмсэг дүртэйгээр, хотын төвөөр алхаж явахтай нь таарсан юм. Гэвч дүр нь тод энэ эрхэм үл таних түфлтэй Гэлэнмаагийн дүртэйгээр үлдэж хоцорчээ. Энэ удаад ч мөн ялгаагүй.
Ер нь Монголчууд энэ хүн шиг өөрийнхөө ертөнцөд амьдардаг, түүндээ жаргадаг, тэр нь бусдад таалагдах, эсэх нь хамаагүй, гэвч хэнд ч гай зовлон учруулдаггүй хүмүүст дургүй л дээ. Магадгүй хэнийг ч зовоодоггүй, хэнээс ч хараат биш болохоор бусдын нүдэнд олзлогдож, үгний бай болдог ч байж мэднэ. Гэвч үгэнд зүсэгдэж, нүдэнд сүлбэгдэж байгаагаа юман чинээ тоохгүй үл таних ертөнцдөө өөрөө л жаргадаг нь гайхалтай.

Эхний удаад тэрбээр цагаан банзлыг улаан орхимжтой сүлж, лам малгай хар шил хослуулж зүүгээд өөрийнх нь туйлын онцлог болох өндөр өсгийтөө өмсчихсөн Ялалтын талбайг хөндлөн гулд гарч явсан. Тэр үедээ яриа өдөх, асуулт асуух боломж гараагүй, байсан ч харж алмайраад өнгөрүүлсэн юм.
Түүнээс хойш яг нэг жилийн дараа МУИС-ын урд мөнөөх лам хувцасны гадуур цагаан үслэг шүф өмсчихсөн, бага зэрэг зовинол байгаа болов уу гэмээр нам гүмд автан сууж таарлаа. Энэ удаад би түүнтэй яриа өдөж амжсан юм. Харамсалтай нь тэр өөрийнхөө талаар тийм ч ихийг ярихыг хүсээгүй.

Бид хоёрын яриа их товчхон, маш тодорхой байв. Нэгэн хийд/тэрбээр өөрөө ярихыг, бусдад мэдэгдэхийг хүсддэггүй нь илт тул тодорхой бичсэнгүй/-д бурхны ном үздэг гэнэ лээ. Гар утас барьдаггүй, эргэж холбогдох бол мөнөөх хийдэд очиход олж болох юм. Энэ удаад тэр ихийг ярихгүй нь илт байлаа. Тиймээс утасны дугааргүй, уулзах шижимгүйгээр дахин салав.

Харин өнөөдөр ахин их сургуулийн гадна таарлаа. Мэнд мэдсэн боловч тэр анзаарсангүй. Өнөөх л өндөр өсгийт, лам хувцас, цагаан алчууртайгаа ихэмсэг гэгч нь алхаад, явчихлаа.
Тэр явсан нь ч болсон юм. Хэлээд ойлгохгүй хүмүүст хамаг амьдралаа тоочоод яах ч юм билээ. Үл таних түфлтэй Гэлэнмаатай таарвал өөнтөглөж биш өөдрөгөөр харж, хүндлээрэй. Учир нь өөрт чинь биш өөртөө зориулсан түүний амьдралд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй.

Shares

Холбоотой мэдээ