М.Уранцэцэгийн аав А.Мөнхбат: Охиноо олимпоос медаль авлаа гээд асгартлаа уйлаад сууж байна

2021-07-24 2591 2
Shares

Тэр Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын тод өнгө. Олон ч амжилтын эзэн. Мөнхбатын Уранцэцэг гэх жүдо бөхийн тамирчинд монголчууд итгэж, омогшиж, бахархаж, хайрлаад 10 гаруй жил өнгөрчээ. Дэлхийн дэвжээнд торойгоод л ганцаараа үлдэх үе ч түүнд бий. ДАШТ-ий алт, мөнгө, хошой медальт М.Уранцэцэгийн аав А.Мөнхбаттай ярилцлаа. Түүний охин хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болоод байгаа билээ.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннест бичигдээд удаагүй байгаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүдээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад бүртгээд байгаа юм.

Сайхан зусаж байна уу, та. Улаанбаатар хотод байна уу?

Сайхан зусаж байна аа. Манай ийшээ зуншлага сайтай жил болж байна. Одоохондоо аймгийнхаа төвд байгаа. Заримдаа хэдэн малаа эргэхээр хөдөө рүүгээ явчихаад л байж байна. Охиноо ирэхээр хот явна даа. Миний том хүү намайг авахаар ирээд байгаа. Охиныгоо ирэхийг дөхүүлж байгаад л очдог юм уу санаатай сууна.

Гавьяат энэ жил сайхан өнгөтэй байна даа. Дэлхийн аваргын дөрвөн медальтай анхны жүдоч боллоо шүү. Таны сэтгэл их өндөр байна уу?

Ээ дээ, охиноос минь хэл ам л хол явбал сайхан өнгөтэй байна даа. Миний охинд чинь авч үзээгүй медаль ганцхан л байгаа шүү дээ. Олимпоос л медаль авчихвал охины минь мөрөөдөл биеллээ гэсэн үг. Олон жил ганцхан үүний төлөө л цаг наргүй зүтгэж яваа жаахан охин минь. Олон улсын жудо бөхийн холбоо буюу IJF World Tour-с зохион байгуулагддаг тэмцээнүүдэд миний охин хамгийн олон медаль хүртсэн тамирчин болж Гиннесийн номонд хүртэл бичигдлээ. Миний сэтгэгдэл энэ бүхэнд өндөр байлгүй яах вэ. Урнаа чинь миний амь байхгүй юу.

Shares

Холбоотой мэдээ