Монголын бүх шоучдад зориулав: Хааж дийлдэггүй 24 цагийн дэлгүүрүүд

2021-08-03 3301 0
Shares

Манай улс архины хэрэглээг хязгаарлах чиглэлд идэвх гаргаж ажилладаг, тэр талын хууль чанагтай улсын тоонд ордог. Гэтэл архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдсээр байдаг нь эсрэгээрээ сонирхолтой. Хууль үйлдвэрлэгчдэд шилдэг татвар төлөгч гэдэг нэрээр толгойг нь илдэг бол үйлчлүүлэгч болон худалдан борлуулагч нарт хатуухан жавтий хүртээдэг. Гэхдээ бүгд тийм биш юм.

Нийслэл Улаанбаатарт бүх цаг үед 24 цагаар архи, согтууруулах ундаа худалдаалж ирсэн ХААН шиг хэдэн дэлгүүрүүд байсаар өнөөдрийг хүрчээ. Тэдэнд цар тахлын үеийн хөл хорио, 24 цагаас хойш худалдаалахыг хориглосон зүйл заалт огт үйлилдэггүй гэхэд болно. Ингээд Нийслэл хотод маань хуульгүйгээр хэрэглэгч ХААН хэмээн 24 цагаар согтууруулах ундааны худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдийг танилцуулъя. Тэднийг Мэргэжлийн хяналт, цагдаагийнхан ч хаах нь битгий хэл хаалгаар нь орж чаддаггүй гэх яриа хүртэл бий. Тиймээс нэгэн сошиал хэрэглэгч чаддаг юм бол эдгээр дэлгүүрийг хаачих хэмээн МХЕГ-т хандан бичсэнээр иргэд өөр өөрсдийн мэддэг зүйлсээ хуваалцжээ.

Нэг. ХАА-н яамны урд, Баянзүрх захын баруун талд байрлах ЖУЛИА
Энэ дэлгүүр эртнээс нааш алдар нэртэй, эзэн холбогдогч нь тодорхойгүй, дээрээ буудалтай, доороо пабтай, тэгээд дэлгүүртэй үйлчилгээний төв юм. За энэ дэлгүүрээс наян настай буурлаас найм арвуулаа нийслэн шоучид гээд бүгд үйлчлүүлнэ. Дэлгүүр дотроос бүдүүн боргил хоолойгоор гурав гурваараа бэлэн мөнгөө бэлдээд орно шүү хэмээн сонгогдох бөгөөд тэр зарчмыг мэддэг үйлчлүүлэгчид гурвын багцад хуваагдаж, хоорондын зайгаа бариад хүнд ч, өөртөө ч гай болохгүй дүрмээ баримтлаад үйлчлүүлнэ. Үүд хавиар нь эргүүлийн цагдаа нар мэр сэр үзэгдэх боловч харахаас хазахын заяагүй гэдэг шиг тэгсгээд өнгөрдөг гэнэ лээ.

Хоёр. Хан-Уулын цагдаагийн эсрэг талын Элэкс
За бүр цагдаагийн байрныхаа яг хажууд байдаг гэхээр бас л бөх зүрхтэй, бишээ билэг танхай дэлгүүр. 120, 19 хавийнхан андахгүй энэ дэлгүүрээр дамжиж монголын мянга мянган шоучид ирээдүйн их замдаа гарсан ч гэдэг билээ. Энэ дэлгүүрийг хаалгасан хүнд мөнгө өгье гэх захиалга ч мөн байх бөгөөд эцсийн эцэст үүнийг эгэл жирийн хэрэглэгчид яахан мэдэх билээ.

Гурав. Энхбаярын зам, Өргөө театрын хойд талын ТААЦ
Нэр усыг нь сонсох төдийд л огшихуйц нэг ийм дэлгүүр бас бий. Таксины жолоочид дэлгүүр байна уу гэхэд эргэлзэлгүйгээр хүргээд өгдөг цөөхөн газруудын нэг гэж байгаа. Хорооллын бацаануудыг орц, байраар нь олон жил хүмүүжүүлж буй энэхүү дэлгүүр бол хэрэглэгч хаан гэдгийг 24 цагаар үзүүлдэг тийм л төлөвшсөн газруудын нэг дээ. Ядаж байхад Энхбаярын зам өгсөөд явахад хаяг энэ тэр нь хамуудын хэлж ярихаар Азарга учраас төөрч будилаад байх зовлонгүй гэнэ. За энэ газраар үйлчлүүлэгчдэд гэж хэлэхэд одоо болно оо, хөгшөөн

Дөрөв. Тэнгис театрын ард байрлах “НЭГ ЦОНХ”-ны үйлчилгээ
Ингэхэд кино үзсэний дараагаар уух сэдэл нэг их төрөөд баймааргүй л юм. гэхдээ яагаад дандаа кино театруудын хойно нэг тийм нээлттэй дэлгүүрүүд байрлаад байдаг байна аа. За хуучнаар Амрита гэж баар байсны аркаар ороод тэрүүхэн тэндээ нэг жижигхэн дэлгүүр байдаг гэх. Цонхоороо үйлчилдгээрээ алдартай тул НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ гээд нэрлэчихсэн байх нь бий. Манай төрийн үйлчилгээ дэргэд нь яст мэлхий. Ирлээ, өглөө, авлаа, явлаа. Гүйцээ.

Ингээд араас нь Дарь-Эх, кино үйлдвэр гээд хөврөх олноос олон одтой, артай дэлгүүрүүдийг жагсааж бичиж болохоор ажээ. Иргэд Мэргэжлийн хяналтын газар эдгээр дэлгүүрүүдийг чаддаг юм бол хаалгачих хэмээн бичиж байгаа ч ийм үйлдэл гаргавал эргээд мэргэжлийн хяналтыг хаачихаж мэдэхээр эвгүй газрууд гэсэн хэлэлцүүлэг өрнөөд байна даа.

by: Cb

Shares

Холбоотой мэдээ