Улаанбаатар минь баяртай: Хотоос хөдөөг зорьсон хосын гайхалтай түүх

2021-08-04 633 0
Shares

Хотын хөл үймээн, түгжрэл, хэзээ ч дуусахгүй үл ойлгогдох түмэн мэдээ, жиргээнээс дайжиж 20 гаруйхан настай залуу хос хөдөө амьдрахаар шийдэж нүүсэн нь үнэхээр содон сонсогдох юм. Үнэндээ хөдөө орон нутгаас хот руу амьдрал хөөн залуус нүүх нь элбэг шүү дээ. Тэгвэл энэ удаад өгүүлэх хосууд хотод тогтсон цалин, шат ахих боломжтой ажлын байраа орхин орон нутагт амьдрахаар шийджээ. Гэрийн эзнийг Б.Өлзиймөнх гэдэг. Аав гэх эрхэм алдрыг хүртээд удаагүй байгаа тэрээр нутагтаа ажил олж, амьдралаа төвхнүүлэхээр амрах завгүй хичээж буй аж.

Тэрбээр Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Улаанбаатар хотод 2015 оноос хойш амьдарсан. Хотод зургаан жил байсныхаа дараа төрсөн нутагтаа амьдрахаар буцжээ. Анх “Голден жим” фитнест багшаар ажиллаж байсан. Ингээд “Таван толгой түлш” компанийн Баруун бүсийн үйлдвэрт мэргэжилтнээр ажилд орох завшаан тохиосон байдаг. Түүний гэргийг Г.Нинжбадгар гэдэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 2014 оноос Улаанбаатарт амьдарч эхэлсэн. Тэд хамтдаа хөдөө орон нутагт амьдрах шийдвэрээ гаргасан.

Эхнэр Нинжбадгар 2018 онд Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Ажилд орсон жилдээ байгууллагынхаа шилдэг ажилтан болж, энэ жил ахлах эдийн засагчаар дэвшсэн. Богино хугацаанд боломжийн амжилт гаргаж байв. Гурван жилийн хугацаанд эхнэр маань салбараа ахлах хэмжээнд хүрч, боломжийн цалин авч байлаа. Тэд хоёул Улаанбаатарт тогтвортой цалинтай, амьдралаа босгох бүрэн боломжтой байсан ч хөдөө нүүхийг эрмэлзсэн нь содон.

Тэдний энэ шийдвэр шинэ хүнтэй болох үеэс эхлэлтэй. Ххүүхдээ төрөхөд хаана, яаж салхилуулах вэ. Байранд эсвэл гэр хороололд амьдарвал яах билээ гээд олон асуулт урган гарчээ. Хотод амьдарч байгаа нэг настай хүүхэд жилд дунджаар 7-8 удаа ханиад хүрдэг. Хөдөө амьдардаг хүүхэд зарим тохиолдолд ханиад хүрдэггүй ба хамгийн дээд тал нь 3-4 удаа ханиад хүрдэг гэх мэдээлэл анхаарал татсан байна.

Хосууд зундаа сумандаа ирж амардаг. Тиймээс сумынхаа ерөнхий нөхцөл байдлыг мэддэг. Хийх шаардлагатай зүйл маш олон байгааг анзаарна. Асуудал байгаа газарт шийдэл үргэлж байдаг гэдэг шүү дээ. Хөдөө орон нутагт асуудал олон бий. Үүнийг шийдэгдэхийг нь хүлээвэл удаан хугацаа орно. Гэтэл өөрсдөө гар бие оролцвол илүү хурдан үр дүн гарна. Ингээд шийдвэр гарчээ.

Гэр бүлийнхний зарим нь “Та хоёр хоёулаа сайхан ажилтай. Хүн бүр хот руу нүүж байхад хөдөө амьдарч яах гэв” гэсэн. Гэхдээ хосууд өөрсдийн шалтгаанаа тайлбарласны дараа тэдний бодол нь өөрчлөгдөж, дэмжсэн. Цахим сургалт, цахимаар ажиллах зэрэг олон гарц нээлттэй болсон энэ үед хөдөө амьдарсан ч хоцрогдох асуудал байхгүй.

Өдгөө тэд Архангай аймагт амьдарч байна. Юм бүхэн тийм ч амар бас биш ээ. Хосууд энэ жилдээ монгол гэрт өвөлжинө. Ирэх жилээс байшин барина. Ар гэрийнхэн болон нутгийнхан маань биднийг дэмжиж байгаа учраас болно доо л гэж бодоо шинэхэн хүүгээ хүлээж авсан залуухан хосын зорилго дүүрэн сэтгэлд багтаж суугааг харах бахдам. Эх сурвалж: гого.мн

Shares

Холбоотой мэдээ