Том мөнгөн дэвсгэрт гаргах нь хээл хахуу.лийг өөгшүүлнэ гэж зарим орон үздэг

2021-08-08 403 0
Shares

-Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд том мөнгөн дэвсгэрт гаргах судалгаа хийхийг үүрэгдсэн. Гэвч эдийн засгийн энэ хүнд нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь мөнгөний ханшийг унагах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгөн дэвсгэртийн тухай ярихын өмнө мөнгөний эдийн засаг дахь үүрэг, хэрэглээний талаар ярих нь зүйтэй байх. Мөнгө үндсэн гурван үүрэгтэй. Нэгдүгээрт, солилцооны үүрэгтэй. Бараа бүтээгдэхүүн худалдаж авах, төлбөр тооцоо хийхэд хэрэглэдэг. Хоёрдугаарт хадгалах. Аливаа хөрөнгийг зараад мөнгө болгоод хадгална. Үл хөдлөх хэлбэрээр нь ч хадгалж болно. Гуравдугаарт хэмжих нэгж хэлбэрээр хэрэглэдэг. Бараа үйлчилгээнүүдийг мөнгө, төгрөгөөр хэмждэг шүү дээ. Тэгэхээр солилцооны хэрэгслийн үүргийг анх бэлэн мөнгө маш үр дүнтэй хангадаг байсан. Дараа нь банк төлбөр тооцооны хэрэгслээр хийдэг болсон. Улмаар жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг бидний мэдэх олон төрлийн картаар хийдэг боллоо. Одоо бол технологийн хөгжилтэй холбоотойгоор цахим мөнгөний хэрэглээ нэвтэрчихлээ. Бидний мэдэх бэлэн мөнгөний хэрэглээ буюу солилцооны үүргийг цахим мөнгө гүйцэтгэдэг болчихоод байна. Статистикийн тоог харахаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэрэглээ жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарч байна. Сая хэлсэн технологийн шинэ шийдлүүдтэй холбоотойгоор буурч байгаа юм.

-Тэгэхээр бэлэн мөнгөний хэрэглээ буурсаар байхад дахин дэвсгэрт хэвлэх нь тохиромжгүй гэсэн үг үү?

-Мөнгөний хэрэглээ буурч байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах уу, үгүй юү. Том дэвсгэрт гаргах нь хэр оновчтой шийдвэр вэ гэдэг асуулт үүсэх нь. Энэ өнцгөөс харахад төдийлөн зохимжгүй шийдэл харагдаад байна. УИХ-ын даргын гол тайлбар нь Бага мөнгөн дэвсгэрт гүйлгээнд буурсан. Бараг гүйлгээнээс хасагдах гээд байна. Тиймээс бага дэвсгэртийг татаж, том дэвсгэрт гаргая гэсэн утгатай байсан. Тийм учраас том мөнгөн дэвсгэртийн судалгааг хийгээч ээ гэж харагдсан. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ер нь олон жилийн өмнөөс л бага мөнгөн дэвсгэртийг хэрэглэх соёл ирсэн. Ахуй амьдралдаа бага мөнгөн дэвсгэртээ төдийлөн хэрэглэж хэвшээгүй нь суурин амьдралд шилжээд удаагүйтэй холбоотой ч байж болох юм. Бага мөнгөн дэвсгэртээ хэрэглээнд дэлгэрүүлж чадаагүй хэрнээ дахиад том мөнгөн дэвсгэрт гаргах нь зохимжтой санагдахгүй л байна. Энэ бол эдийн засгийн хэрэглээ талаасаа шүү.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гарснаар эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Мөнгөний ханш үнэхээр унах эрсдэлтэй юү?

-Том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш унадаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд яваад байна. Ийм ойлголт мэдээж байж болно. Гэхдээ инфляци өсч байгаа манай эдийн засгийн энэ үед том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш айхавтар унах асуудал бол үүсэхгүй болов уу. Бидний жишээ аваад байгаа Венесуэл, Африкийн Зимбабье зэрэг улс шиг мөнгөний ханш айхавтар уначихсан нөхцөл байдалд хүрээгүй байна. Дээрх орнууд чинь мөнгөн дэвсгэртдээ биш угаасаа валют нь үнэ цэнээ алдчихсан. Манай улсын хувьд тэгтлээ эдийн засаг муудаагүй байна. Бага зэргийн хэлбэлзэлтэй ч хэвийн явагддагаараа явагдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал бол нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт. Эдийн засагт иймэрхүү асуудлууд үүсч л байдаг. Хил, гааль, бараа бүтээгдэхүүн татан авалтаас шалтгаалсан инфляцийн өсөлт ажиглагдаад байна. Дээр нь шатахууны үнэ өсөлт байна. Мөн эдийн засгаа сэргээх нэртэйгээр 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй мөнгийг эргэлтэд оруулсан. Эдгээр асуудлаас үүдсэн эдийн засгийн өсөлтүүд ажиглагдаж байгаа ч энэ бол тодорхой хугацааны асуудал. Үүнд Төв банкнаас богино болон дунд шатны бодлогын арга хэмжээ аваад мөнгөний бодлогын эргэлтээр зохицуулчих боломжтой. Тэрнээс том мөнгөн дэвсгэртийг харьцуулаад мөнгөний ханш унана гэж тайлбарлах боломжгүй л дээ.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гаргах нь ямар ч ач холбогдолгүй зардал гэж хэлж болох уу?

-Мөнгөний хэрэглээ буураад байгаа энэ үед дахиад мөнгөн дэвсгэрт хэвлэх нь өөрөө зардал дагуулна. Том дэвсгэрт хийнэ, хэвлэнэ, тараана гээд ажиллагаа ихтэй шүү дээ. Ямар ч шаардлагагүй үед үр ашиггүй зардал гаргахын л нэмэр. Одоогийн 20.000-тын мөнгөн дэвсгэрт 2006 онд гүйлгээнд гарсан байдаг. Бараг арав гаруй жил хэрэглээд дадчихсан байхад гэнэтийн зүйл гараад ирэхээр нөгөө талаас өөр сөрөг үр дагавруудыг гаргаж ирэхийг үгүйсгэхгүй.

-Гадны орнууд мөнгөн дэвсгэртийн талаар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?

-Ер нь өндөр хөгжилтэй орнууд том мөнгөн тэмдэгт гаргах нь авлига, хээл хахуулийг өөгшүүлдэг хэрэгсэл гэж үздэг. Жишээлбэл, Европын холбооны хамгийн том мөнгөн дэвсгэрт 500 евро. Европ дотроо өндөр хөгжилтэй орнууд нь гүйлгээнээсээ 500 еврог гаргаад байна. Арай албан ёсоор хасчихаагүй хэрнээ хэрэглээ нь буурч байгаа. Тиймээс шинээр хэвлэхээ зогсоочихсон. Нэг хэсэг бүр хэрэглээнээс хасах талаар ч ярьж байсан. Одоо хэрэглээнд байгаа нь яваандаа элэгдлээрээ дуусах зохицуулалттай. Хятад нэг хэсэг мөн л 100 юанийн дэвсгэртийг хэтэрхий бага гээд том дэвсгэрт гаргахаар яригдаж байгаад больсон. Одоо бол цахим юань буюу чиптэй юань гаргана гэсэн судалгаа хийгдэж байгаа. Хятад шинэ том дэвсгэрт гэхээсээ илүү юанийн үнэ цэнийг хадгалсан цахим аюулгүй мөнгө гаргах бодлого руу шилжиж байна. Америкт гэхэд 100 ам.долларын дэвсгэрт бол маш олон жил болсон. Америк, Хятад, Европын холбоо гээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй эдийн засгийн цөм орнуудын мөнгөний бодлогууд нь ийм байна. Тиймээс хэдийгээр УИХ-ын дарга судлах үүрэг өгсөн ч Монголбанк олон улсын жишгийг дагах болов уу.

-Тэгэхээр хэрэглээнээс бага дэвсгэртээ татах нь хэр оновчтой шийдэл болох вэ?

-Харин одоо хэрэглээнд байгаа хэдий ч төдийлөн хэрэглэгдэхгүй байгаа нэгт, тавт, аравт, хорьт зэрэг бага мөнгөн дэвсгэртүүдээ татах, эсвэл дахиж хэвлэхгүй байх талыг судалж үзэх нь зөв. Бага дэвсгэрт өнөөдөр төдийлөн гүйлгээнд ашиглагдахгүй, уул хаданд тахидаг л хэрэглээ болж хувирсан. Тэгээд ч манайд өнөөдөр 10, 100 төгрөгөөр авах боломжтой бараа бүтээгдэхүүн байна уу. Үүнийг л судлах хэрэгтэй. Мөн манай хөдөлмөрийн бүтээмж, бараа таваарын үнэ тогтож буй процесс, цаашлаад бараа бүтээгдэхүүний өртгийг зөв тооцоолж байна уу гээд арай өргөн хүрээний асуудал болчих гээд байна.

-Хэрэв том дэвсгэрт гараад ирвэл хариултад хэрэглэх бага дэвсгэртийн хүртээмжийг нэмэх үүднээс дахиад л мөнгө хэвлэх шаардлага үүсэх нь…?

-Манайд ийм юм ажиглагддаг. Том дэвсгэртэд тааруулж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох. Магадгүй 50 мянгатын дэвсгэрт гараад ирвэл 46 мянга гэж зардаг бараагаа шууд 50 мянга болгоно. Тиймээс бүхэл дүнд авааччихдаг учраас бага дэвсгэртийн хэрэглээ ер нь бага байдаг онцлогтой. Энэ нь аажмаар эдийн засагт үнийн хөөрөгдлийг гааруулах бас нэг эрсдэл. Дахин хэлэхэд, том мөнгөн дэвсгэртийг шинээр гаргаж хаана ашигладаг вэ гэхээр эдийн засаг нь уначихсан газар л хэрэглэдэг. Манайх арай тийм түвшинд хүрээгүй. Том дэвсгэрт гарлаа гээд эдийн засаг маш сайхан сэргээд, эсвэл айхавтар уначих зүйлгүй. Зүгээр л өнөөдрийн нөхцөлд ямар ч үр ашиггүй зарлага болсон ажил болох байх.

-20 мянгатын хоёр дэвсгэрт хэвлэснээс 50 мянгатын нэг дэвсгэрт хэвлэх нь нэг талдаа хэмнэлт болох юм болов уу?

-Нэг дэвсгэртийг ямар зардлаар хэвлэдгийг би сайн мэдэхгүй болохоор хэмнэлт үү, зарлага уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

Shares

Холбоотой мэдээ