РиоТинтогийн буруу менежмент Монголыг хүнд байдалд оруулсан гэж дэлхийн томоохон хэвлэлд бичиж байна

2021-08-12 1168 0
Shares

УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл бүхий Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж, дүгнэлт гаргуулжээ. 2021 оны гуравдугаар сард томилогдон таван сар гаруй хугацаанд ажилласан шинжээчид уржигдар дүгнэлтээ ажлын хэсэгт ирүүлсэн байна. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийсэн. “The wall street journal”-д энэ талаар Алистер Макдональд, Рианнон Хойл нарын бичсэн тойм нийтлэгджээ. Уг тоймыг товчлон хүргэе.

Монгол дахь “Рио Тинто” компанийн зэсийн аварга уурхайд 1.4 тэрбум долларын өртөг хэтэрсэн шалтгааныг судалж буй шинжээчдийн тайланд дурдсанаар энэ нь чулуулгийн нөхцөл бус дэлхийн уул уурхайн хоёр дахь том компанийн буруу менежментээс үүдэлтэй гэжээ. 157 хуудас бүхий энэхүү тайланд Монголын төрийн өмчит компанийн захиалгаар Оюутолгойн орд газрын эзэмшигчид болох “Turquoise Hill Resources”-ийн гүний уурхайн газар доорхи барилга байгууламж барих явц, уурхайн ажил удааширч, зардал нэмэгдсэн шалтгааныг судалж үзжээ. АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс, Британийн зохицуулах байгууллагууд “Туркойз Хилл” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “Рио Тинто” Оюутолгойн далд уурхайд үүсээд буй асуудлуудыг хөрөнгө оруулагчдад эрт мэдэгдэх ёстой байсан эсэхийг судалж байна гэж уг асуудлыг мэддэг хүн хэлэв.

“Рио Тинто” уурхайд үүсээд буй асуудлуудыг “газрын хөрсний болон геотехникийн нөхцлөөс шалтгаалсан бөгөөд таамаглаж байснаас илүү хүндрэлтэй байсан” гэж тайлбарласныг энэ тайланд няцаажээ. Тайланг гаргасан “Independent Consulting Group” чулуулгийн чанар болон хөрсний ерөнхий нөхцөл байдал нь 2016 онд олборлогчдын таамаглаж байснаас эрс ялгаатай болохыг нотлох ямар ч нотолгоо олоогүй гэж мэдэгджээ. Харин ч зарим тохиолдолд чулуулгийн чанар нь илүү сайн байжээ. Оюутолгойн үйл ажиллагаа нь өмчлөлийн нарийн бүтэцтэй. “Рио Тинто” групп Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компанийн 50.8 хувийн хувьцааг эзэмшиж байгаагаараа тус уурхайг шууд бусаар эзэмшиж байна. “Туркойз Хилл” уг уурхайг эзэмшдэг “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн хэсгийг Монголын Засгийн газар эзэмшдэг.

“Рио Тинто”-гийн зүгээс тайланг нарийвчлан судлах бодолтой байгаагаа хэлээд дараа нь “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-тэй хийсэн дүгнэлтээ хэлэлцэх болно гэжээ. Тэд мөн “Говь цөлд дэлхийн хамгийн том орчин үеийн уул уурхайн дэд бүтцийн нэг хэсгийг бий болгох чиглэлээр өнөөг хүртэл хийсэн ажлуудаараа бахархаж байгаа бөгөөд бид бүгд цааш урагшилж, төлөвлөсөн ажлуудаа дуусгахыг зорьж байгаа тул төслийн түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна” гэж “Рио Тинто”-гийн хэвлэлийн төлөөлөгч хэлэв. “Туркойз Хилл” компанийн төлөөлөгч хөндлөнгийн шинжээчдийн тайлан хийгдэж дууссан гэдгийг мэдэж байгаа бөгөөд үүнийг хянаж үзсэнийхээ дараа шаардлагатай гэж үзвэл хөрөнгө оруулагчдад мэдээлнэ гэдгээ мэдэгджээ.

“Рио Тинто” болон түүний түншүүд 2016 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.доллар төсөвлөж, 2020 онд анхны зэсийн баяжмалаа гаргахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч 2019 оны дунд гэхэд “Рио Тинто” уурхайг барихад төлөвлөснөөс урт хугацаа зарцуулах бөгөөд илүү их зардал шаардагдах болно гэдгийг анхааруулж байв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зардлаа 6.75 тэрбум доллар болгож өсгөсөн бөгөөд үйлдвэрлэл 2022 оны 10-р сард эхлэхгүй гэж мэдэгджээ. “Оюутолгой” ХХК-ийн энэ мэдэгдэлд дурдсан цаг хугацааны хоцрогдол, хөрөнгө оруулалтын өндөр өртгийг судлахын тулд Монголын Засгийн газрын хувьцаа эзэмшдэг компани болон “Туркойз Хилл” компанийг удирдах төрийн компанийн гишүүдээс бүрдсэн тусгай хороог байгуулсан. Эдгээр компаниуд хоёулаа зэсийн төслийн талаар “Рио Тинто”-той зөрчилдсөн байна.

Бие даасан консалтинг группын тайланд дурдсанаар далд уурхайд ажиллаж буй багууд газар дээрх хүндрэл бэрхшээл, геотехник, цаг агаарын нөхцөл байдлыг зохицуулах туршлагагүй байна. Нэмж дурдахад уг тайланд “энэхүү цогц төслийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай төслийн ур чадвар, хамтын ажиллагаанд хүрсэн гэдэгт итгэхгүй байна” гэжээ. Уул уурхайн хоёр зөвлөх компанийн хийсэн тайланг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг өөр бусад компани шалгаж үзсэн бөгөөд тэдний дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн төслийн багийнхан халаалтын байгууламж, орон нутгийн боловсон хүчнийг сургах зэрэг зардлыг дутуу үнэлсэн гэж тайланд дурджээ.

Shares

Холбоотой мэдээ