Таатай мэдээ: Нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал буурчээ, өчигдөр нас барсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй

2021-08-14 734 0
Shares

Наймдугаар сарын 13-ны байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2573 хүнийг “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулснаас 1172 хүнд PCR, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийлээ. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна.

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-нд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол тухайн өдрийн 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.

Холбоотой мэдээлэл:

Х.Ариунаа: Төр эмч, эмнэлгийн ажилчдаар наадаж байна

Улс даяар эрүүл мэндийн салбарт “Улаан бүс” тогтоож, эмнэлгийн эмч, ажилчид, иргэдийн ачаалалд дарагдаж байгаа билээ. Хоёр жилийн хугацаанд халуун цэг дээр ажиллаж, хүлээцтэй хандсан эмч, ажилчдын тэвчээр тасарч, ажил хаяхаа мэдэгдсэн. Тус салбарынхан төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаад ес хонож байна. “24 сар баярлаагүй юм чинь наадмаар ч суултаа үргэлжлүүлнэ. Ээлжийн амралтаа авсан эмч нар үзэл бодлоо илэрхийлж байна. Эцэст нь бидний дууг хорино гэвэл тэмцэл ширүүснэ” хэмээн ам бардам хэлэх эмч, ажилчид цаасан хайрцаг дээр сууж, эсэргүүцлээ илэрхийлж буй юм. Цөхрөлтгүй ажиллаж байгаа эмч нарын урам яагаад мохох болов. Салбар яамнаас цар тахлын нөхцөлд хэрэгжүүлж буй зохицуулалт хэр оновчтой байгаа зэрэг асуудлаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаатай ярилцлаа.

-Covid-19 дотоодод тархах нь тодорхой байсан. Яг хэзээнээс эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж эхэлсэн бэ?

-Би хүний их эмч мэргэжилтэй. Энэ салбарт 30 жил тасралтгүй ажилласан. Эрүүл мэндийн салбар улстөржиж байна. Хүний амь насыг хариуцаж байгаа салбарыг мэргэжлийн хүн мэргэжлийн түвшинд удирдаж, зохион байгуулалттай ажиллах ёстой. Тиймээс эрүүл мэндийн салбарт сайдаас эхлээд эмч ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хууль эрхзүйн орчинд бүрдүүлж өгөх шаардлагатай. Тэгэлгүй стратегийн томоохон салбарыг уландаа гишгэж байна. Монгол хүн эрүүл байж улс орон хөгжинө. Гэтэл эмч, ажилчдыг үл тоомсорлож, салбарыг тоохгүй хаяж байгаад харамсч байна. Цар тахлын тохиолдол дотоодод бүртгэгдсэн өдрөөс эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт дутаж, олон эрсдэл үүсгэсэн.

-Эрүүл мэндийн сайд гурван удаа солигдлоо. Энэ нь цар тахлын хүнд нөхцөлд оновчтой шийдвэр байж чадсан болов уу?

–Удирдлага солигдохоор хамгийн их хохирдог хүмүүс ажилчид. Нэг нь дөнгөж томилогдоод дорвитой зүйл хийж чадаагүй байхад дараагийн хүний томилгоо хийгдэнэ гэдэг бол эрүүл мэндийн салбараар наадаж байгаа хэрэг. Томилогдоод удаагүй хүн тухайн салбарын бодлогыг тодорхойлох, яаралтай хугацаанд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсруулах гээд дөнгөж цэгцрэх шатандаа явж байхад сэлгээ хийгдэхээр дунд нь эмч, ажилчдаас гадна эмчлүүлж буй иргэд хохирч байна. Халдвараар өвчилсөн, хөнгөн өвдсөн иргэд салбар яамны оновчгүй шийдвэрээс болж хохирсон тохиолдол их бий. Мэдээж халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмаа баримтлах нь хүн бүрийн үүрэг хэдий ч дэлхий нийтийг хамарсан цар тахалд Монгол Улс бэлэн биш байсан гэдгийг олон жишээ харуулж байна.

“СOVID-19 ЦАР ТАХАЛТ МОНГОЛ УЛСЫН БЭЛЭН БИШ БАЙСАН”

-Эмч, ажилчдын цалинг хоёр дахин нэмэх хэлэлцээр хийгдлээ. Та бүхнийг суултаа үргэлжлүүлж буйд гайхах хүн олон байна?

-Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн цахим сүлжээгээр үр дүнгүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа хүмүүст хариуцлага тооцно. Цаасан дээр бичсэн шаардлагыг цалин хөлсийг хоёр дахин нэмсэн мэтээр гуйвуулж, намжаах оролдлого хийж байна. Одоо эмч, ажилчид цөхрөнгөө барж байгаа учраас хуурамч мэдэгдэлд итгэхгүй. Бид хангалттай итгэж, тэвчиж, хүлээсэн. Covid-19 Монгол Улсад бүртгэгдсэн цагаас эхлэн бидэнд үлгэр ярьсан. Эмч, ажилчдын цалинг нэмэх салбарын хэлэлцээр бол энэ оны нэгдүгээр сард хийгдэх ёстой байсан. Хойшилсоор байгаад өчигдөр хийгдсэн. Бидний тавьж буй тодорхой шаардлагууд хэлэлцээрт багтсан ч бодит үр дүн гараагүй байна. Тиймээс суулт үргэлжилнэ.  “Улаан бүс”-д ажиллаж байгаа ажилчдын цалинг гурав дахин нэмнэ, илүү цагийн урамшуулал сар бүр олгоно гэх мэт. Удирдлагаас эхлээд бүх шатныхан цалингийн асуудалд хүлээцтэй хандсан. Эмч, ажилчид тэмцэнэ, ажил хаяна гэхээр урамшуулал олгоно гэж хэлээд аргалдаг жишиг тогтсон. Бодит байдал дээр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш илүү цагийн цалингаа аваагүй олон эмч, сувилагч байна. Халдвараар өвдсөнөөс бусад бүх эмч 24 цагаар сунаж ажиллаж байна. Зөвхөн ХӨСҮТ төдийгүй улс даяараа “Улаан бүс” болсон. Эмч, ажилчдын шантрах шалтгааныг улс өөрөө зохицуулалтгүй, төлөвлөлтгүй ажилласны улмаас бий болгоод байж, тавьж буй шаардлагыг маань хүлээж авахгүй ес хонолоо. Бид хуулийн дагуу зохих ёсны шаардлагаа л тавина.

-Таны бодлоор эрүүл мэндийн салбар халдвар бүртгэгдсэнээс хойших хоёр жилийн хугацаанд чухам юун дээр алдсан гэж харж байна вэ?

–Нөхцөл байдлыг харгалзаж, менежментийн зохицуулалтыг тухай бүрд нь хийх ёстой байсан гэж бодож байна. Хүний нөөцийн хомсдолд орчихоод байхад хөдөлмөрийн үнэлэмжийг шударга олгож чадахгүй байна. Тийм байж эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хуурамч мэдээлэл тараахаа зогсоох хэрэгтэй.

-Хүндэрсэн хойно нь арга хэмжээ авахаас илүүтэй урьдчилан сэргийлэлтийг маш сайн хийсэн бол нөхцөл байдал өнөөдрийн түвшинд хүрэх байсан болов уу?

-Эмч, сувилагчдаас бусад ажилчдын цалин өнөөдрийн байдлаар 460-550 мянган төгрөг байна. Халдвараар өвдсөнийхөө төлөө эмч, ажилчид листний 130-150 мянган төгрөгөөр цалинжиж байна. Тэр хүн хүссэндээ өвдөөгүй. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянган хүний 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Тэдгээр хүмүүс зээлээ төлж чадахгүйд хүрлээ. Эмч нар өвчтөнүүдтэй ор булаацалдахгүй гэж гэрээр өөрөө өөрийгөө эмчилж байна. Ийм үйл явдал манайх шиг цөөн хүн амтай улсад тохиолдож байгаа нь харамсалтай.

-Менежментийн хувьд ЭМЯ зохицуулалт хийх шаардлагатай юу?

–Сүүлийн хоёр жилийн хугацаанд 3000 орчим эмч, ажилчин халдвараар өвдсөн. Гэхдээ энэ бол аймаг, сумдын статистик ороогүй тоо. Хөдөө орон нутгийн эмч нар орчин нөхцөл, техникийн хувьд хангалттай биш байдгаас болж өөрсдийгөө маш их эрсдэлд оруулж байна. Тиймээс төр засаг бодлогын хүрээнд асуудлыг зөв тодорхойлох хэрэгтэй. Хэрэв зөв менежментээр зохион байгуулж чадвал үр дүн гарна гэж бодож байна. Гол нь зөв зохион байгуулалттай, төлөвлөгөө, тооцоололтой ажиллах хэрэгцээ их байна.

-Covid-19-ийн үед улс даяар эмнэлгийн ачаалал нэмэгдсэн ч ажилтнуудын цалин хасагдсан тухай та хэллээ. Одоогоор цар тахлаас үүдэж хэчнээн эмч, сувилагч өвдөж, мөн ажлаас халагдах өргөдлөө гаргасан бэ?

–Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хоногийн мэдээгээр 1500-2000 орчим хүнээс халдвар батлагдаж, 10-20 хүн нас барж байна. Иргэдээ боддог бол эмч, ажилчдыг ажил хаяхаас өмнө төр шийдвэр гаргана. Халдварт өвчнийг анагаана гэдэг зүгээр нэг ханиад эмчлэхээс тэс өөр асуудал. Залуухан эмч нар өөрийгөө эрсдэлд оруулж сэхээнд ортол биеийн байдал нь хүндэрч байна. Музей, барилга, байшин гээд биет зүйлсэд ихээр төсөвлөж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг л эрүүл мэндийн салбарт зарцуулаач. Цар тахлын бус үед өдөрт 8-10 цаг ажилладаг байсан эмч, сувилагч нар одоо 24 цаг амралтгүй ажиллаж байна. Гэтэл амралтын өдөр, баярын өдрөөр “улаан бүс”-д ажилласан илүү цагийн хөлс олгохгүй байгаад гомдолтой байна. Төрөөс өгч байгаа гэж мэдээлж буй ч өвлийн 12, 1, 2, 3 дугаар сард олгох илүү цагийн урамшууллыг нийт эмнэлгийн 80 гаруй хувь нь өгөөгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүсийн хөлсийг цаг тухай бүрт олгоогүйгээс халдварын бүсэд ажиллаж байгаа эмч нар бухимдаж, ажлаасаа гарахаас өөр сонголтгүй болж байна.

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад 8-10 дахин бага байна. Бид тийм их хэмжээний цалин хүсээгүй. Улсын дундаж цалин нэг сая 390 мянган төгрөг байхад эмч, ажилчдын цалин 647 мянган төгрөг байна. Эмч, сувилагчид ар гэрээ тэжээх нь бүү хэл өөрсдийгөө ч анагаах цалин алга байна. Орон нутгаас сэхээнд орж, нэн хүнд хэлбэрийн оноштойгоор таван эмч ХӨСҮТ болон гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүнд болон хөнгөн хэлбэрээр өвдсөн 3000 гаруй хүн гэрээрээ өөрийгөө эмчилж байна. Өнөөдөр тоног төхөөрөмж, эмнэлгийн барилга байгууламжаас илүүтэй боловсон хүчинд анхаарах цаг болсон. Чадварлаг эмч, ажилчид байснаар тэр тоног төхөөрөмжийг ажиллуулна. 9, 10 дугаар сард өвчлөл ихэсвэл эмч, ажилчдын тэнхэл үнэхээр хүрэхгүй. Цар тахлын давлагаа дахин дэгдвэл хүний нөөцийн хомсдолд ороод байгаа салбар маань бүр ч хүнд байдалд орох эрсдэлтэй. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад халдвар авсан эмч, сувилагчдад цалин хөлсийг нь бүрэн олгох шийдвэр гаргаад байгаа. “Улаан бүс”-д 13 мянган эмч, сувилагч ажиллаж байна. Тэдгээр ажилчдын илүү цагийг яаралтай бодож, нөхөн олгохыг шаардаж байна.

Shares

Холбоотой мэдээ