С.АМАРСАЙХАН: Замын-Үүдийн чөлөөт бүс 17 жилийн гацаанаас гарч, Евроазийг холбох гүүр болно

2021-08-14 1117 0
Shares

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн чөлөөт бүсэд ажиллаж, үйл ажиллагааг нь албан ёсоор нээж байна.

Тус чөлөөт бүсийг байгуулах шийдвэр 2004 онд гарсан ч дорвитой бүтээн байгуулах ажил өрнөөгүй юм. Тиймээс сүүлийн 17 жил ярьж байгаа энэхүү чөлөөт бүсийн “чөдрийг” тайлж үйл ажиллагааг нь эрчимжүүлэн хөгжүүлэхээр зорьж буйг Шадар сайд С.Амарсайхан нээлтийн ёслолын үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Чөлөөт бүс хэрхэн байгуулах төрийн бодлого тодорхой гараагүй байхад дэд бүтцээ барьж эхэлсэн нь ажил саатах гол шалтгаан болсон тул төрөөс баримтлах бодлогыг баталж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төсөл боловсруулсныг тодотгов. Тус хуулийн төслийг энэ намрын УИХ-ын чуулганы хугацаанд батлахаар төлөвлөж байгааг тэмдэглэлээ. Мөн энэхүү чөлөөт бүс нь зөвхөн Монгол, Хятад төдийгүй евроазийг холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Үе үеийн Засгийн газар Чөлөөт бүсийн чөдөр, тушааг тайлж, чөлөөт худалдааны орчныг бүрдүүлэх талаар санаачилга гаргаж ирсэн ч санасан хэмжээндээ амжилттай хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн байдаг. Тэгвэл олон жилийн турш гацаанд байсан Замын-Үүдийн чөлөөт бүсийг ийнхүү нээж хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлэх боломж бий болж байна.

2004 онд Засгийн газрын шийдвэр нь гарснаас хойш олон жил ярьж ирсэн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд Шадар сайдын зүгээс бодлогын болон хууль, эрх зүйн талаас дэмжлэг үзүүлж ирснээр энэ удаад бүрэн утгаараа ажил хэрэг болно гэдгийг Чөлөөт бүсүүдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, “Барс” группын Ерөнхийлөгч Ч.Амарбаатар энэ үеэр онцлон тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдад онцгойлон талархаж буйгаа илэрхийлэв.

“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэй. 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж 2015 онд хүлээлгэн өгөх байсан. Одоогоор Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламж барьж Улсын комисст өгөөд байна.

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн долоон га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээх ёслолд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй нарын албаныхан оролцлоо.

Shares

Холбоотой мэдээ